Шууд Chart

Б.Баттулга: Надад тохиолдсон хөгтэй явдлаас сэдэвлэж кино бүтээнэ гэсэн

2019-01-07 13:46:14

 

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Базарсадын Баттулга хэмээх энгийн нь дэндсэн нэгэн байх. Шар царайтай, жижиг биетэй түүнийг харсан үл мэдэх зарим хүн “Туниа муутайдуу юм” гэж хэлж магад. Гэхдээ тэр тайзан дээр гараад шүлгээ уншаад зогсохоороо долоовор хуруугаараа тэнгэр хатгах гэж байгаа аятай болоод цээж нь хувцсандаа багтамгүй мэт харагдана. Шүлгийнх нь бяр тийм их болохоор тэр биз ээ. Тэрбээр “Болор цом-36” наадмын эзэн болсон учир яах арга үгүй онцлох зочны нэг билээ. Ийнхүү түүнтэй ярилцсан юм.

-Юуны өмнө танд Янжинлхам бурханы өлмийд оршсонд баяр хүргэе. Цом гардаж байхад хамгийн түрүүнд юу бодогддог юм байна вэ?

-Хэлэх үг олдохгүй хачин их сандарсан. Тэгээд л хамгийн түрүүнд бодогдсон “Яруу найргийг би тэнгэрээс урсах аялгуу гэж боддог. Үүнийг би нотлон авч байгаадаа баяртай байна” гэж хэлсэн. Харин тайзнаас буусныхаа дараа төрүүлж өсгөсөн аав, ээж, гэр бүл, нутгийн ард түмэн, ажлын хамт олондоо талархаж явдгаа илэрхийлдэг байж гэж ухаарсан шүү. Мөн цомоо тэврээд зогсч байхдаа уйлсан.

-“Оршил” шүлгээ та хэзээ бичсэн бэ. Энэ том наадамд зарим найрагч тухайн жилдээ бичсэн шүлгээ сойдог бол зарим нь ганц хоёр жилийн өмнө бичсэнээ ч уншдаг шүү дээ ...

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр бичсэн. Би гүн ухааны сүлжээ бодролууд гэсэн цуврал шүлэг туурвиж байгаа. Яруу найраг гэдэг бол гүн ухааны бүтээл болохоор тэр. Одоогоор үүнд зориулж дөрвөн шүлэг бичсэний хамгийн сүүлчийнх нь энэ “Оршил” юм. Нийтдээ есөн шүлэг бичээд ном болгох зорилготой байгаа. Үндсэндээ би энэ жилийн “Болор цом” наадмыг эрхин сонетоор хүртлээ. Эрхин сонет гэдэг нь 14 мөр бичээд төгсгөлийнхөө 14 мөрийг эхлэлтэй нь холбох зарчмаар бичдэг. Энэ төрлөөр одоогоор Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, зохиолч, яруу найргийн бичгийн сод туурвигч, Утга зохиолын доктор, Монголын философичдын холбоо”-ны тэргүүлэгч гишүүн Дамдинсүрэнгийн Урианхай гуай илүү сайн бичиж байгаа. Би бол яруу найрагч. Энэ сайхан одыг шүүрч төрсөн юм чинь мөн найраглал бүтээх ёстой гэж боддог. Дорны их яруу найрагч Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол”, Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбан тэрлэг”, “Сэгс цагаан богд” шиг найраглал бичих юмсан гэж боддог.

-“Болор цом”-ын эзэн болсон хүмүүс тухайн жилдээ нэг ном хэвлүүлдэг нь бараг зуршил болж дээ ...

-МЗЭ-ийн 90 жилийн ойг тохиолдуулж “Мөнгөн шөнөөр” нэртэй номоо гаргана.

-Ингэхэд та “Болор цом” наадамд хэдэн жил оролцож байна вэ?

-“Болор цом-21” наадмаас хойш оролцож байна. Үзэгчдмийн нэрэмжит шагналыг долоон удаа хүртсэн. Энэ жил дээрх амжилтаа ахиулаад тавдугаар байрт шалгарах юмсан гээд очсон. Гэтэл түрүүлчихдэг байгаа.

-Наадам болгоны дараа “Түрүүлэх найрагч нь өмнө нь тодорхой байж” гэсэн сөрөг яриа сүүлийн жилүүдэд ёстой юм шиг гардаг болсон. Гэхдээ энэ жил тийм зүйл ажиглагдсангүй. Таныг яруу найраг сонирхогчид ам дүүрэн бахдаж, хүлээж авлаа даа ...

-Баярлалаа. Тийм яриаг би таслан зогсоолоо гэж бодож байна. 

-Танай нутгийн дүү О.Цэнд-Аюушийг ч түрүүлэх хэмжээнд ярьж байсан шүү ...

-Дүү маань энэ жил ёстой сайхан шүлэг уншсан. Жинхэнэ галтай, омголон шүлэг байсан.

-Ингээд бодохоор танай нутаг Завхан аймгаас олон хутагт хувилгаан төрсөн болохоор яруу найрагч ч олон байх ёстой юм шиг ...

-Дорны их яруу найрагч Б.Явуухулан, төрийн соёрхолт Ц.Бавуудорж, Бороохойн Батхүү агсан гээд олон бий. Намайг цомоо гардсаны дараа Ц.Бавуудорж ах утсаар холбогдож баяр хүргэхэд их баярласан. Бид хоёр хоёр насны зөрүүтэй ч нэгээр ах бол мянгаар ах гэсэн үг бий болохоор би түүнийг ах гэж хүндэлдэг.

-Та Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Ажил мэргэжил тань шүлэг бичхэд нөлөөлдөг үү ...

-Ямар ч зөрчилдөөн гардаггүй. Тув тунгалаг хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүдтэй харьцдаг болохоор харин ч улам хөглөгддөг. Миний нэг зорилго бий. Бүгдийг нь яруу найрагч болгож чадахгүй тул ядаж ганц хоёрхон шавиа гайгүй сайхан бүтээлтэй хүн болгохын төлөө тэмүүлдэг. Тэд маань амжилт үзүүлвэл хараад сууж байх сайхан шүү дээ.

-Та энэ мэргэжилээрээ хэдэн жил ажиллаж байна вэ?

-25 жил. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын дөрөвдүгээр арван жилд ажиллаж байгаад 2017 онд нийслэлийн “Эрдмийн хөтөч” 58 дугаар цогцолбор сургуульд ирээд байна. Ер нь би олон газар ажилласан. Намайг энэ нэр хүндтэй наадмын эзэн болоход Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргаас эхлээд ах дүү, хамаатан садан, хуучин ажлын газрын болон шинэ ажлын маань хамт олон, шавь нар холбогдож баяр хүргэсэн.

-Б.Явуухулан агсны нэрэмжит наадам танай нутагт таван жил тутамд нэг болдог. Үүнд хэрхэн оролцож байв?

-80 насных нь ой 2009 онд тохиож “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би” наадам анх удаа болоход би “Арь гэгээн чанрав хутагт”-ын нэрэмжит шагнал хүртсэн. 2014 онд найрагчдыг номоор нь шалгаруулахад нь би 2013 онд гаргасан “Арцат тэнгэр” номоороо “Билэгтийн хувилгаан Дашдорж”-ийн нэрэмжит шагнал гардсан. Харин энэ жил шүлгийн төрлөөр болно гэсэн. Одоохондоо тов нь арай гараагүй байгаа ч оролцох төлөвлөгөөтэй байгаа.

-Бөхчүүд улсын баяр наадамд түрүүлэхээрээ төрсөн нутагтаа очиж, идээ будааныхаа дээжийг өргөн ёс билэгддэг. Үүнтэй адил та ойрын хугацаанд нутагтаа очих уу?

-Одоогоор дунд сургуулийн амралт үргэлжилж байгаа болохоор боломж гарвал сум руугаа явна аа. Бөхийн тухай ярьснаас би улсын наадам үзэх дуртай. Ер нь адууны тэнгэртэй явахыг хүсдэг. Монгол Улсын гарьд Б.Гончигдамба манай сумынх. Жил бүрийн наадмаар түүний дээлийнх захыг сэтгэлдээ мушгидаг. Б.Гончигдамбыг би улсын арслан цол хүртэх байх гэж боддог. Тэгш ойн жил таарвал аварга цол хүртэх ч боломжтой. Манай сум чинь улсын цолтой бөхийн тоогоороо улсын хэжээнд гуравдугаарт бичигддэг. Нэгт Увс аймгийн Тэс, аман хүзүүнд Архангай аймгийн Батцэнгэл сум.   

-Та оюутан байхдаа халзан цагаан хурга онгоцоор гэр рүүгээ авч явсан сонин түүхтэй юм билээ ...

-Би МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангид 1989 онд элсэн орсон. 1991 онд гуравдугаар дамжаанд сурч байхад Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд очсон юм. Тэгэхэд тус аж ахуйн 10 жилийн ой тохиож “Түүхт нутаг хурх” сэдвийн хүрээнд яруу найргийн наадам болоход би Тэмүүжин, Жамух хоёрын тухай “Хаадын нөхөрлөл” нэртэй шүлэг бичиж, уншаад түрүүлж, байнд нь халзан цагаан хурга авсан. Монголчууд бид халуун хошуутай малыг билэгддэг шүү дээ. Намрын ажил дуустал өнөө хургаа тэр хавьд байсан малчин айлд түр байлгаж байгаад явахдаа авах гэхэд “Чт хот руу яаж явах вэ дээ. 200 төгрөгөөр худалдаж авья” гэхэд нь билэгдэлээ бодоод зөвшөөрөөгүй. 

-Хургаа хот руу яаж авч явсан бэ?

-Хурхын төвөөс Хэнтий аймгийн төв рүү трактор дээр авч суугаад тэндээсээ цааш “Зил-130” машинд шилжсэн. Ингээд Баянхошуунд байх ангийнхаа нэг нөхрийн сүрэгт нийлүүлэн түр тавьсан. Харин өвлийн амралтаараа онгоцоор авч явж гэртээ хүргэсэн. Онгоцны жолооч нь таньдаг хүн байсан тулдаа арын эгнээнд нууж, уясан нь сайн хэрэг болсон шүү. Хөөрч явахад хурга маань ард майлаад. Тэгсэн хажуу талд сууж өвгөн “Үгүй ээ, хүү минь. Энэ хойно нэг хурга шиг майлдаг золигийн лүд явна аа даа” хэмээн нүдээ том болгон асууж билээ. Миний ч инээд хүрнэ гэж жигтэйхэн. Ёстой л нөгөө “Говийн зэрэглээ” кинонд гардаг шиг л юм болсон. Би чамд нэг зүйл сонин болгоод хэлэх үү?

-Тэг л дээ ...

-Болдбаатар найруулагч миний энэ болсон явдлаар уран сайхны кино хийнэ гэсэн. Хөрөнгө мөнгө нь бүтчихвэл тэр амласандаа хүрэх байх аа.

-Мөн таныг хорвоод их сонин тохиолоор ирсэн гэх юм билээ ээ ...

-Манай аав бол жинхэнэ төрмөл гөрөөч хүн байлаа. Харин ээж бол морь унаж сумын төв рүү давхин очоод, цех дээрээ талхаа хийчихээд, буцан үдэш гэрээдээ довтолгон ирээд үнээн зэлэн дээрээ зогсч байдаг тийм нэгэн байв. Ийм аав ээжийн үр би Завханы Их-Уул суманд төрөхөд, хүн болшгүй энэ, амьдрахаасаа өнгөрөв гээд эмч нар дараагийн ажилаа бод гэж хэлж байсан гэдэг. Тэр цагт аанай л гөрөөнд явах гэж байсан эцэг минь давхиж ирээд цагаан даавуунд боож, хүйтэн пийшин дээр тавьсан “өнгөрсөн” хүүгээ гартаа авч, амьсгааг нь чагнаж үзсэнээ бүр нэг энгийнээр, юу ч болоогүй юм шиг “Та нар хүн хүндлэхгүй, ямар учиртай хүмүүс вэ. Энэ хүүхдийн зүрх сулхан цохилж байна шүү дээ” гэж хэлснээр би аврагдсан юм билээ. Төрснөөсөө хойш есөн хоногийн дараа нэг муу туниагүй юм эхийнхээ хөхийг хөхсөн нь эдүгээ ингэж чамтай уулзаад сууж байна.

-Сонин амьдралтай хүн юм аа. Ингэхэд таны анхны шүлэг юуны тухай байв ...

-Би дөрөвдүгээр ангийн сурагч байх үеэсээ л шүлэг бичиж эхэлсэн. Ээж минь “За миний хүү энд радио байна. Тэнд тийм юм байна” гэхээр нь түүнийх нь талаар шүлэг бичих гэж оролддог байлаа. Хурга хариулж ирээд

“Хүрэн морьтойгоо би

Хөндий талыг туулж ирээд

Хөөрхөн хургануудаа

Хөгжилтэй гэх чинь хариулж явна” гэх мэт хүүхдийн гэгээн сэтгэлгээгээр шүлэг бичсэн. Үүнээс гадна шүлэг бичих болсон хамгийн том шалтгаан бол аав минь бурхны оронд заларсан явдал юм. Тэр үед би хоёрдугаар анги төгсөж байлаа. Аавыгаа алдсан бага насны хүүхдийн шаналал хэцүү л дээ. Эхлээд “Яагаад аав минь алга байгаа юм бол доо” гэх гайхширлаас эцэст нь насан туршийн гуниг болсон гэх үү дээ. Тэр гунигаас үүдэн шүлэг бичиж эхэлсэн гэж хэлэхэд болно.

-Таны аавдаа зориулж бичсэн сайхан шүлэг байдаг. Тэр шүлгээ уншиж өгч болох болов уу?

-Бололгүй яах вэ, дүү минь.

Хуйлран давхих адууны тоосон дундаас наран

Хул хонгор морь ижилдээ сарвайтал дэргэх шиг

Хул хонгор морины намиргаан дундаас аав минь

Хувьтай ардын дуу өөрөө уянгалж явах шиг тэр жилийн намар аа

Тэр жилийн намар хувьтай ардын дуу өөрөө уянгалж явах шиг

Хул хонгор морины намиргаан дундаас аав ирсэнгүй

Хул хонгор морин ижилдээ сарвайтал дэргээд ч

Хуйлран давхих адууны шаргал тоосыг гүйцсэнгүй

Хайр дааж амьдар гэсэн дээ л аав минь

Хан орчлонг эрт орхисон ч юм бил үү

Хан орчлонг эрт орхисонд нь л өдийд би

Хүний дайтай хүн яваа ч юм бил үү тэр жилийн намар аа

Тэр жилийн намар айраг нь хүртэл тос даан шуугисан ч

Арын уулын жимс эрт унасан даа

Арын уулын жимстэй цуг унахад нь

Аав чинь тэнгэрт гарчихсан гэж ижий хэлсэн

Аав чинь тэнгэрт гарчихсан гэж хэлэхээр нь

Араас нь очно оо гэж би дэгдэж дээ

Араас нь очно гэж намайг дэгдэхэд

Аяа ижий минь л уйлж дээ

Хул хонгор нартай тэр жилийн намар аа

-Яруу найрагчид жилийн дөрвөн улиралыг анзаарч тэр хэрээр шүлэг бичдэг юм шиг санагддаг. Та аль улиралд шүлэг бичих дуртай вэ?

-Намрын улиралд л шүлэг бичдэг дээ. Хавар ч бас бичнэ. Нэг санаа олчихоод түүнийгээ гүйцэт боловсруулахгүй бодоод л алхаад байдаг юм. Санаагаа бодож байгаад нэг л удаа сууна. Тэгээд ганцхан удаа л бичдэг. Жаахан залхуу гэх үү дээ. Тэр нь нэг талдаа сайн боловч нөгөө талдаа буруу юм л даа. Яруу найрагчид нэг удаа биччихээд дараа нь шүүсийг нь шахаж сайхан уран бүтээл болгоно гэж боддог байх. Би тийм хүн биш. Яагаад ч юм би өвөл цагт өвлийн тухай, намар цагт намрын тухай шүлэг бичиж чаддаггүй юм. Намар цагаар хавар, зуны тухай шүлэг бичдэг. Өвөл нь мөн ялгаагүй өөр улиралын тухай шүлэг бичдэг. Яагаад гэхээр тэр цагт нь мэдрээгүй байсан санааг сүүлд нь бодож байхдаа олдог.

-Та онгод байдагт итгэдэг үү. Онгод гэж яг юуг хэлээд байна вэ?

-Онгод байдагт би итгэдэг. Харин хэзээ онгод ирэх юм бол гээд хүлээгээд суугаад байх юм бол хэзээ ч ирэхгүй байж магадгүй. Онгодтой гэдгээ мэдрэх л юм бол байнга хөдөлмөрлөж, бичих хэрэгтэй. Тэгж байж онгодыг хүчтэй байлгана. Бичих урам зориг төрж байгаа үеийг л онгодтой гэж нэрлээд байгаа юм. Дээд тэнгэртэй холбогдож байгаа тэр цаг мөч онгод байх. 

-Ярилцсанд баярлалаа. Уншигч танаа түүний тэргүүн байр хүртсэн шүлгийг хүргэе.

ОРШИЛ

Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансарын тоолол юм

Морин хийл уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх

Нандин тийм цэцэрлэгээс бурханы амьсгал эгшиглэнэ

Хувь заяаг минь зурсан бийрч бурхан талархъя

Гарыг минь ганзганд хүргэсэн ижий, аавдаа талархъя

Гайхамшгийг бүтээх хүслээс хөтөлсөн цагийн зүүдэнд талархъя

Ирэх шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Ирмэх нүдний нулимс минь торгон өвсний шүүдэр юм

I

Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Будрах цасны ширхэг энэ  л шувуудын гунигтай

Хул хамбан үдшээр болорхон хундаганаа сөгнөх

Цэл залуу гуниг хоолойд торсон нулимстай

Сэтгэлийнхээ гэрлийг би нүднээс чинь олж түүв

Сэмбэрүү цэцэг чинь тэгэхээр газрын гоёмсог нүд юмсан уу

Гэрлийн хүрээлэлд дунирах намар цагийг чинь

Гэзэгний чинь сүлжээнд зангидаж хадгалж үлдэхсэн

Ийм найдвартай хадгаламжийг ертөнцөд үзэшгүйеэ

Эрдэнийн алтан хайрцаг гэдэг чинь дурдатгалыг хэлдэг юм

Эрвэгэр алаг нүд чинь намрын нуурыг зохиожилвоос

Эргэн эргэх шувууг сэтгэл гэдэг юм аа

Буурал морины минь алхаанд он цаг шигшрэхэд

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм

II

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм

Бугуйн цаг минь урсаад мөнгөн горхийг дүрлэх юм

Цас будрахыг харах нас урсахыг мэдрэхтэй адил

Чиний ирэхийг анирдах ингэ ботголохыг хүлээхтэй адил

Мөнгөн амтай хээр нь мөндөр шилгээн товолзоно

Мөнх бусын орчлонг эрвэлзэсхийгээд туулна

Ганган хатиртай хээр нь газар товчлон дөмөлзөнө

Ганц олдохгүй замбууг гайхуулсхийгээд туулна

Намар болоод өвлийн заагийг товлоод хэрэггүй еэ

Цагаан өнгөнөөс би бүх өнгийг олоод

Цас үнэрлээд би орчлонг хураангуйлж чадна

Модны чөлөөт үндэс хэвлий дотроо сунайтал

Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь м

III

Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм

Монголын талд гөрөөс янзгалах нь шүлэг шиг совин юм

Ихээ дээр эргэлдэх бүргэд өөр ертөнцийн элч юм

Ийм тансаг орчлонд амьдрах минь алтанхан тавилан юм

Могой зүүдлэхэд хүүтэй болохоо яаж мэдээд

Моносны цэцэг дэлгэртэл бүсгүй хүн баярлана вэ?

Адуу эвшээхэд аз тохиохоо яаж мэдээд

Алтан ятга уянгалтал эр хүн баярлана вэ?

Унага тамгалсан найран дээр чинь гэрэлтэнхэн суумаар аа

Уянга тамгалсан хайраар чинь гийнхэн дэлгэрмээр ээ

Совинт буурал хорвоод  зоргоор зөнгөөр урсаад

Соёмбоны гал шиг дүрэлзсэн яруу найрагч билээ, би

Молзог зүрхэнд тэнгэрийн шэрэл зааж мишээх

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

IV

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Нууц тарнийн хураангуй нууц байхдаа л сайхан юм

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Нарны шулга хонх шулганаж байхдаа л сайхан юм

Усны цэврүү хагарангуут л доторхоос нь туулай дэгдэж

Уран торгон цэцэгсийн мандал дотор бүрэлзэнэ

Салхины дотор талаас хэнз унага гүйж

Сарны зүүдийг сарнитал дотно халуунаар үүрсэнэ

Ийм тунгалаг орчлонд амьдарч явах сайхан юм

Ихээ сайтар тунгаавал амьдраагүй байсан ч сайхан м

Морь буусан шагай шиг босоо хийморьтой эр хүн

Монголынхоо буян заяаг дааж явах учиртай юм

Мөрөөдөн мөрөөдөн дууллаа чиг мөр нь үлдэх хорвоогийн

Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

V

Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

Мөөмөө санасан хүүгийн зүүд шиг орчлон доо

Үүрд бусын ховст хүрээлэн сэтгэлд дэлгэрнэ

Үрээ хүлээсэн ээжийн гэрэлт зөн шиг хорвоо доо

Магнайд чинь тодрох мэлмийнээс маанийн үсэг тодоръюу

Мянган бурхан залрах сайн цагийн дэлхий дээ

Зүрхнээс чинь дэлгэрэх хайраас тарнийн үсэг нисэлдюү

Зүйлийн бурхад морилох зүмбэр сүмбэр хорвоо доо

Гангарч хатирах хээр минь нэгэн цагт тэнгэрт нэгдьюү

Галын заль шиг хийморийг ямагт дэгдээж амьдаръюу

Мөн ч дотно халуунаар залбиран хүлээсэн юмсан

Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

VI

Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

Мөргөлийн жимээр шувууд ирэх нь хайрын дохио ёо

Үргэлж чамайг бодох хайрын шидэт дохиурыг

Өргөж зогсоо сахиусан тэнгэрийг үзэсгэлэнт Венера л гэдэг дээ

Нүдэн нуур долгилоход дагаж долгилох сэтгэл минь

Нөмгөн мананд жингэнэх тарнийн цэцэг мэт ээ

Гангар гунгар дуунд нь тэнгэрийн шилтгээн үзэгдэх

Галуу болоод ангир жигүүртэй хөгжим мэт ээ

Гэрэл сүүдэр урссан торгон огтлолцолт хорвоо дээр

Гэнэт шийдээд хүн болж төрсөндөө баярлавч баршгүй

Тиймийн учир би бурхны зүүдэнд амьдарч

Тэлмэн хонгор аялгуу болсондоо догдловч баршгүй

Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан

Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх сэн

VII

Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх

Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан

Түг түмэн жил хязгааргүйд гэрлээ түгээж

Төгөлдөх орчлонг гийгүүлэх монгол аялгуутай од байхсан

Уулсын царамд цэцгийн үр тэтгэдэг

Усны гүнд чулууны судал өнгөлдөг

Голын аминд хөх заль бадраадаг

Намирч асгарсан зөнтэй морин шарга од байхсан

Наашаа цаашаа л урсаж байх сан

Бодолд чинь гэрэлтэхдээ тэнгэрийг шивнэж

Болор хундагатай дарсанд чинь жингэнэж байх сан

Нархажид, Үржинхандын заллагатай

Нандин тийм цэцэрлэгээс бурхны амьсгал эгшиглэнэ

VIII

Нандин тийм цэцэрлэгээс бурхны амьсгал эгшиглэнэ

Намраас хаврын симфони сонсох уу, хоёулаа

Навчис бясалгаж дүүрээд шаргалтсаныг тэндээс ойлгож

Нарны гэрэл гэгээрэлд хөтөлдгийг нотлох уу, хоёулаа

Хагдарч хийсэх нь урган төлжихийг зөгнөөд

Хачин тунгалаг борооноор урсгал нийлэх үү, хоёулаа

Харанхуйн хэвлийд гэрлийн хөврөл үргэлжлэхэд

Хайртай бүхнийхээ төлөө амиа золих уу, хоёулаа

Сарны зөнч үлгэрийг туулайн чуулганаар хэлэлцэхэд

Самрын үр дотор амьдарч үзэх үү, хоёулаа

Хулсны исгэрэх аялгууг лимбэдэж дуулаад

Хувь заяаг минь зурсан бийрч бурханд талархъя

IX

Хувь заяаг минь зурсан бийрч бурханд талархъя

Хундага дарсанд болор од жингэнэхэд талархъя

Хул шаргал аялгуунаас буга урамдахад талархъя

Хурын мянган дуслаас тэнгэр гэрэлтэхэд талархъя

Намайг хүн болгосон дорнын эгшиглэнд талархъя

Чамайг надтай учруулсан долоон бурханд талархъя

Хязгааргүйгээс онгод хөлөглөсөн сахиус тэнгэрт талархъя

Харанхуйгаас гэрэлт тэмүүлсэн сарнай цэцгэнд талархъя

Сөхөрч гуниглавч тэжээн тэтгэх далдын хүчинд талархъя

Цөхөрч гомдовч инээж угтах холын зөнд талархъя

Ятга хөглөх бүсгүйн дүрэлзэх үзэсгэлэнд талархъя

Хутга барих дээрэмчний хувирах санаанд талархъя

Хуучир лимбэ болох хулс зэгсэнд талархъя

Хумхын тоос болох орчлон дэлхийд талархъя

X

Хумхын тоос болох орчлон дэлхийд талархъя

Хуур хөглөх агшнаа гүү унагалахад талархъя

Хурд хувааж төрсөн босоо унаганд талархъя

Хувьтай Монголын цэлгэр тал нутагт талархъя

Талархаад байгаа сэтгэлийг хүлээж авсанд талархъя

Тавилан заяаг минь хөглөсөн тэнгэрийн хөгжимд талархъя

Манан дунд дохих намуу цэцгэнд талархъя

Маргааш болох лусын амьтдын чуулганд талархъя

Мөлхдөг хөлхдөг, нисдэг сэлдэг бүхэнд талархъя

Мөөмний сүүн дуслаас орчлон бүрдэхэд талархъя

Мөндөрлөг шүүдэрлэдэг ургадаг хагдардаг бүхэнд талархъя

Мөнхийн ганц үнэнд цөмөөрөө цугларахад талархъя

Галт бөмбөрцөг, мөсөн уул, сансар мандалд талархъя

Гарыг минь ганзганд хүргэсэн ижий, аавдаа талархъя

XI

Гарыг минь ганзганд хүргэсэн ижий аавдаа талархъя

Гал уурагнаа бүрэлдэх ертөнцийн эхлэлд талархъя

Ганган хул эгшиглэх эртний ерөөлд талархъя

Галавт олохуяа бэрх хүмүүн заяанд талархъя

Галуун цуваа ганганан зэллэх тэнгэрт талархъя

Халуун хайр ундран оргилох та бүхэнд талархъя

Газрын мянган судас төрсөн нутагтаа талархъя

Ганц дотор мянгыг багтаах нууцад талархъя

Гансрал зовлонг ч гоо үзэсгэлэнд хувиргахад  талархъя

Гай түйтгэрийг ч холдуулж чадах сүр хүчинд талархъя

Галбарваас модноо галбингаа донгодоход талархъя

Ганлингийн эгшгээр ч хорвоог уярахад талархъя

Гавал аяганаас дарс хүртэх учир тохиолд талархъя

Гайхамшгийг бүтээх хүслээс хөтөлсөн цагийн зүүдэнд талархъя

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Баттулга: Надад тохиолдсон хөгтэй явдлаас сэдэвлэж кино бүтээнэ гэсэн   
Үзсэн: 1471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-09 00:24
архичин
Зочин [127.0.0.xxx] 2019-01-08 18:35
Olon jil uigagui hudulmur bhaa bayr hvrgie bagshaa
Зочин [127.0.0.xxx] 2019-01-08 06:36
Сайхан байна. Танд амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-01-07 18:05
Ёстой мундаг ..Амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-01-07 14:44
Мундаг залуу шүү амжилт хүсье зөв явбал амжилт хүрэн дээ гэж боддог байсан шүү зөв шүү Өмнөговийн ноёнчуудын нэрийн өмнөөс хүндэлж байгааг минь хүлээн авна уу Бадамжунай. Р

Бидэнтэй нэгдээрэй