Шууд Chart

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2019-01-09 14:24:14

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2019.01.09) НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахараг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтууд үр дүнтэй болсонд баяртай байгаагаа хатагтай Наоми Китахара хэлээд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан УИХ болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд талархал илэрхийлэв.

Tэрбээр, “НҮБ-аас зарим зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж, цаашид Монгол Улсад НҮБ-ын Хүн амын сангаас суурин төлөөлөгч суулгахгүйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман хариуцан ажиллахаар болсон. Хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын НҮБ-ын Хүн амын сангаар дамжуулан Ази, номхон далайн бүсийн байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхээр болсон. Гэхдээ үүнд санаа зовох зүйлгүй. Суурин төлөөлөгч томилогдохгүй ч НҮБ-ын Хүн амын сангийн ажилтнууд ажиллаж байгаа учраас 2019-2021 онд хэрэгжүүлэх төслүүд хэвийн үргэлжилнэ.

Цаашид хүн амын насжилт, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдал, залуучуудыг хөгжүүлэх, хүүхэд залууст бэлгийн боловсрол олгох, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Монгол Улсад Суурин төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай зэрэг хэд хэдэн хуулийг УИХ-аар батлуулахад хамтран ажиллалаа. Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын уулзалт зөвлөлгөөнийг УИХ амжилттай зохион байгуулсан нь олон улсад өөрийн орныг сурталчлах, нөөц боломжоо таниулахад чухал ач холбогдолтой болсон. Хамтын ажиллагааны хүрээнд багагүй асуудал тулгарч байсан ч харилцан ойлголцож, гарц шийдлийг олж ажилласан Та бүхэнд талархал илэрхийлье” гэв.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, нийт хүн ам, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын хөгжил, эрүүл мэнд, боловсролын зэрэг асуудалд байнга анхаарал тавьж, үр дүнтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Монголын ард түмэнд дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн НҮБ-ын Хүн амын санд талархал илэрхийлэв.

Өмнөх жилүүдэд УИХ-аас олон улсын байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааны жишгийг шат ахиулан шинэчилж, нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудыг төрийн бодлого, хуульд тусгахад хатагтай Наоми Китахараг идэвх зүтгэлтэй ажиллаж байсныг онцлоод цаашид ч Монгол Улсыг дэмжин ажиллахыг хүслээ.

Мөн тэрбээр УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нарын талархалын мэндчилгээгНҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Наоми Китахарад уламжлаад ажлын амжилт хүсэв.


НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй