Шууд Chart

Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2019-01-09 18:32:48

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.01.09) хуралдаан 14 цаг 30 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хууль батлагдсантай холбогдуулан баталсан “Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 75 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу холбогдох дүрэм, журам, шийдвэрийг боловсруулах, өөрчлөх, шинэчлэн батлах, хүчингүй болгох үүргийг Засгийн газарт даалгасан байна.

Иймээс Төрийн албаны тухай шинэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж заасны дагуу “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, түүний хавсралт болох “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай журам”-ын төслийг Төрийн албаны зөвлөл шинээр боловсруулж, төрийн байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусган зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Засгийн газарт ирүүлсэн.

Журмын төсөлд Төрийн албаны тухай шинэ хуулийн үзэл баримтлал, зарчим, хуулийн 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагын зохицуулалтыг үндэслэн төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг шинээр олгох, ахиулан олгох, хэвээр хадгалах, олгохгүй байх, албан тушаалын зэрэг дэвийг хэрэглэх зохицуулалтыг шинээр тусгажээ. Мөн төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг олгох, ахиулан олгох санал гаргах албан тушаалтныг тодорхой болгож заах, зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг зарим зэрэглэл хооронд 1 хувь байсныг 2 хувь болгож ижил хувиар өсгөхөөр зохицуулжээ. Түүнчлэн хуулийн 23.2-т заасан тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн албан тушаалд ажилласан жилийн тусгай шаардлага, хуулийн 36.3-т заасны дагуу хугацаанаас нь өмнө тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг хэрхэн олгох талаарх зохицуулалтыг шинээр оруулсан байна.

 Төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох асуудлыг өнөөг хүртэл Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолоор баталсан журмаар зохицуулж ирсэн бөгөөд энэ журамд Улсын Их Хурлын 2000 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж байжээ. Харин Төрийн албаны тухай шинэ хууль батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан дээрх журмыг шинэчлэх шаардлагатай болсон байна.     

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувийн саналаар тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.


Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй