Шууд Chart

Ханын шүүгээн дэх мөрөөдөл

2019-01-10 09:30:58

Ярилцлагын гол баатар маань гурван жилийн өмнө өрөөнийхөө ханын шүүгээний хаалган дээр зургаан жилийн зорилго мөрөөдлөө:

21 насандаа Монголын хамгийн залуу кино найруулагч болно.

22 насандаа бие дааж бүрэн хэмжээний кино хийнэ.

23 насандаа бүрэн хэмжээний кино продюсерлоно.  

24 насандаа Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч болно.

25 насандаа Азид гарна.

26 насандаа Дэлхий ... (Эл гурван цэг Канн, Оскарын кино наадмыг төлөөлж байгаа аж) гэж бичжээ.

Тэрбээр 21 насандаа “Шилжилт” киног найруулж, өөрөө гол дүр бүтээсэн. Харин 22-той “Байрны ах” киног хийсэн бол 23 настайдаа “Шилжилт-2” киноны зохиолоо бичиж, найруулан гол дүрд нь тоглосноос гадна продюсерээр нь ажилласан юм. Түүнд 25 нас хүрэхэд нэг жил дөрвөн сар дутуу. 

Кино зохиолч, найруулагч, жүжигчин Б.Нямдаваатай ярилцлаа.

ДУРГҮЙ ХҮРГЭСЭН ХҮНЭЭ “КИНО ХИЙМЭР” ГЭЖ ХАРААМААР САНАГДДАГ

-Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Баасансүрэнгийн Нямдаваа гэдэг. 1995 онд Баянхонгор аймагт төрсөн. Нийслэлийн “Ирээдүй” цогцолбор сургуулийг 2012 онд төгссөн. СУИС-ийн тайзны жүжигчин, найруулагч мэргэжлээр ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж багшийн ангид дөрөвдүгээр курс хүртлээ сурсан.

Гуравдугаар курсэд байхдаа урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нагнайдорж гуайн “Тэр жилийн тэр өдөр” түүхэн кино пробонд ороод Япон цэрэг Такашигийн дүрд тоглосон. Б.Нагнайдорж гуай болон кино багийнхан надад ам сайтай байсан. Миний бүтээсэн дүрийн зураг авалт дууссаны дараа надад туслах найруулагчаар ажиллах санал тавьсан. Би зөвшөөрч, тэр бүтээлд туслах найруулагчаар ажилласан. Түүхэн кинонд ажилласнаар арвин туршлага хуримтлуулдаг. Дараа нь “Тоглож болохгүй нас” хүүхдийн кинонд гол дүрд тоглосон.

2016 онд сургуулиа төгсөх байсан ч төгсөөд хаана, ямар уран бүтээл дээр ажиллах минь эргэлзээтэй байсан. Амьдрал дээр гараад сурагч, оюутан үе шигээ урсгалаараа явах боломжгүй. Б.Мөнхдорж багш намайг УДЭТ-т шалгалт өгөөд үз. Чи тэнд байх ёстой гэж хэлж байсан. Миний хувьд дэлгэцийн урлагт илүү тэмүүлж байлаа. 

Тэгээд дөрөвдүгээр курсийнхээ хоёрдугаар улирлаас жилийн чөлөө авсан. Энэ хугацаанд мэдлэгээ тэлж, жүжигчний уран чадвараа сайжруулах, хөгжих зорилго тавьсан. “Realationship”, “Нэг үндэстэн”, “Гучин нэгэн” гэсэн гурван богино хэмжээний кино найруулж, заримд нь өөрөө гол дүр бүтээсэн. Үүнээс “Гучин нэгэн” кино маань “Жүр үр” богино хэмжээний кино наадмаас шилдэг найруулагч, “Нэг үндэстэн” кинондоо өөрөө тоглоод Монгол, БНСУ-ын хамтарсан богино хэмжээний кино наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. 

Мөн гурван жил шахуу хугацаанд тархиндаа хадгалж, боловсруулж явсан “Шилжилт” кино зохиолоо 2016 онд цаасан дээр буулгаж, кино багаа бүрдүүлсэн.

-Театрын чиглэлээр суралцаж байсан оюутан тайзны урлагаас “урвах” сэдэв юу байв?

-Нэгдүгээр курсийн зуны амралтаар “Хувьсал” продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд туслахаар ажилласан. Тэр үедээ анх дэлгэцийн бүтээлийн арын алба, арын ажилтай танилцсан. Кино зохиол хэрхэн бичдэг, кино яаж бүтдэгийг мэдэж авсан. Кинонд бүрэн ууссан. Кино хийнэ гэдэг их зовлонтой ажил л даа. Заримдаа .

-...

Харамсалтай нь кино зургийн үеэр ажил гараад чөлөө авч, хотод ирээд машинд дайруулсан. Энэ тухайгаа кино багийнхандаа хэлээгүй. Тэд магадгүй энэ хүүхэд худлаа хэлээд алга болчихлоо гэж бодсон байх. 

Би хагас жил гаруй гэрээс гарах “эрхгүй” болсон. Гурван сар суга таяг хэрэглэсэн. Гэртээ идээд, унтаад, амарч байх хугацаандаа эдгээд уран сайхны кино хийнэ гэсэн тэмүүлэл төрдөг байлаа. Тархинд асар олон киноны санаа эргэлддэг байсан. Түүнээс голчлон барьж авсан нь “Шилжилт” байсан.

Хөлөө эдгэсний дараа дунд сургуулийн сурагчдын хайр дурлалын талаар өөрөө зохиолыг нь бичиж, найруулж, гол дүрд нь тоглосон “Гэнэтийн бэлэг” богино хэмжээний кино хийсэн. Одоо бодоход богино хэмжээний кино гэсэн мөртлөө 20 орчим минутын кино болсон. Тэр бүтээлээ сошиалаар цацсан чинь хэд хэдэн телевизээс хоёрдугаар сарын 14-нд эфирээрээ гаргах санал ирүүлсэн. Энэ нь надад маш их урам өгсөн. Тэгээд тархиндаа гурван жил бичиж, боловсруулсан зохиолоо 20 хоногийн хугацаанд цаасан дээр буулгасан. Дараа нь мэдээж тодорхой хэмжээний засвар орсон л доо.

“ШИЛЖИЛТ” БОЛ ТРИЛОГИ БҮТЭЭЛ. ГУРАВДУГААР АНГИЙН ЗУРАГ АВАЛТ 2020 ОНД ЭХЭЛНЭ

-“Шилжилт” кино бодит явдлаас сэдэвлэсэн гэсэн. Өөрт тохиолдсон явдлаас сэдэвлэн зохиолоо бичсэн үү?

-Киноны үйл явдал “Ирээдүй” цогцолбор сургуульд өрнөдөг. Би өөрөө энэ цогцолборыг төгссөн. “Ирээдүй” цогцолбор долоон бүрэлдэхүүн сургуультай. Манай үеийнхэн дунд ангиа төгсөөд ахлах сургууль руу шилжсэн. Тэгсэн өөр дунд сургуулийн 500 орчим сурагч бидэнтэй хамт ахлах сургуульд ирж суралцсан. Ихэнх ахлах сургууль А-Е хүртэл таваас зургаан бүлэгтэй байдаг. Тэгтэл "Ирээдүй" цогцолборын ахлах сургууль А-С хүртэл 10 гаруй бүлэгтэй. Тэгээд төгсөх ангиа оруулахаар нийт 20 гаруй бүлгийн сурагчдын дунд байнга л адал явдал, зодоон цохион болдог байсан. Намайг сурч байх үед “Шилжилт” киноны гол дүр болох Дөлгөөн, Нямбаяр “Ирээдүй” цогцолборын 81 дүгээр сургуульд сурч байсан. Кинондоо бодит дүрүүдийнхээ нэрийг ашигласан. Гэхдээ мэдээж зарим үйл явдалд уран сайхны хэтрүүлэг орсон. Нямбаяр, Дөлгөөн нар чөлөөт бөхөөр барилддаг, том биетэй хүүхдүүд байсан.

-Японы “Crow zero киног дуурайсан гэсэн шүүмжлэл гарсан. Гадны киноноос санаа авсан уу?

-БНСУ-ын “Ахлах сургуульд нэг удаа” кино шиг Монгол кино хийхийг хүссэн. Бүх л орны киночид ахлах сургуулийн сэдэвтэй адал явдалт кино бүтээсэн байдаг. Монголд яг тийм дэлгэцийн бүтээл гараагүй. Анх кино зохиол “Энэ бол ахлах сургууль” нэртэй байсан. Сүүлд кино багаараа ярилцаад “Шилжилт” болгож өөрчилсөн. Ингэсэн нь ч оносон. Энэ кинонд маань зургийн даргаар ажилласан Мөнхтуяа эгч өмнө нь кино зохиол бичиж байсан туршлагатай. Бид хоёр зохиолынхоо диалоги дээр хамтарч ажилласан. Кино зохиолч Дү.Мягмарсүрэн гуайд зохиолоо уншуулсан. Тэгсэн зохиолын үндсэн санаа зөв, сайхан болж. Гэхдээ хэтэрхий олон дүр байна. Энэ дүрүүд чинь төөрөгдөл үүсгээд байна гэсэн.

-Дүр хассан уу?

-Нэг ч дүр хасаагүй. Шүүмжлэлээс авахыг нь аваад, гээхийг нь гээ гэж үг байдаг. Энэ үгийг дагасан. Дүр болгон нийгмийн тусгал, бодит амьдрал дээрх зан араншинг төлөөлж байсан учир зохиолд гарсан бүх дүрээ кинондоо багтаасан.

-Гол болон туслах дүрийн жүжигчид өөрийн чинь үеийнхэн байсан. Харин Дөлгөөний дүрд тоглох жүжигчнийг хэрхэн сонгосон бэ?

-Дөлгөөний дүрд тоглосон жүжигчин Д.Баттогтох БНСУ-д урлагийн сургууль төгссөн. Монголд хэд хэдэн уран бүтээлд туслах дүрд тоглосон байсан. Бид хоёр “Шилжилт” киног хийхээс жилийн өмнө найруулагч Ц.Хүсэлбаатар ахын киноны сонгон шалгаруулалт дээр анх уулзсан. Тэр үед би Д.Баттогтохыг хараад киноныхоо Дөлгөөний дүрийг яг мөн байна даа гэж “таньсан”.  Хожим кино пробондоо дуудсан. Би Дөлгөөнд энэ залууг тоглуулъя гэтэл манай багийнхан овортой байна гэсэн. Тогтох гол дүрийн жүжигчдээс гурваар ах, мөн сахлаа ургуулчихсан болохоор овортой харагдаж байсан л даа. Тэгээд “photoshop”-оор сахлыг нь хусаад багийнхандаа харуулахад зөвшөөрсөн.

Ингээд ихэнх дүрээ сонгочихоод байтал Нямбаярын дүр л хоосон үлдчихсэн. Пробноос хоёр хүн сонгосон ч нэг нь хэл яриа, тоглолт нь таараагүй. Нөгөө хүүхэд мөн л кино зохиол дээрх Нямбаярт бүрэн хувирч чадахгүй байсан. Тэгээд алийг нь сонгох вэ гэж кино багтайгаа зөвлөлдөхөд намайг өөрөө тогло гэсэн санал тавьсан. Би хэсэг хугацаанд эргэлзсэн л дээ. Тэгээд Д.Баттогтохыг дуудаад хамт зурган проб хийсэн. Манайхан болж байна гэсэн. Би өөрөө кино зохиолоо бичсэн учир дүр бүрийн текстийг цээжээр мэдэж байсан. Тэгээд бид хоёр жижиг хэсгийн зураг авалтад хамт орж, манай багийнхан намайг Нямбаярт тоглуулах шийдэлд хүрсэн.

-“Ирээдүй” цогцолборын удирдлага дээр их сургуулиа төгсөөгүй оюутан хүү бүрэн хэмжээний кино хийнэ гээд очиход хэрхэн хүлээж авав?

-Анх сургуулийнхаа менежертэй уулзсан. Маш гоё уриалгахан хүлээж авсан. Дараа нь ерөнхий захиралтай уулзахад “Манай сургуулийг төгссөн хүүхэд ийм залуудаа кино хийх гэж байгаа юм байна. Дэмжинэ” гэсэн. Сургуулийн дотор гадаа болон хөлбөмбөгийн талбай гээд бүх орчинд кино зураг авалт хийхийг зөвшөөрсөн. Намар хичээлийн шинэ жил эхэлчихсэн байхад зураг авалт явагдсан. Сургуулийн зураг авалтыг 10 гаруй хоног хийсэн. Үүнээс хөлбөмбөгийн талбай дээр болдог зодооны хэсгийг хоёр хоног авсан.

-Киноны төсвөө хэрхэн цуглуулав?

-Тухайн үед би тэр талын зардлыг бодож, төлөвлөөгүй эхэлсэн. Зүгээр л кино хийнэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан. Би их сургуулийн сургалтын төлбөрийн урьдчилгаа сая төгрөгийнхөө талыг төлөөд үлдсэн мөнгөөр нь кино багийнхныхаа хоол хүнсний зардлыг гаргаад зураг авалт руугаа орчихсон. Цалин хөлсний асуудлаа кино цацагдсаны дараа өгөхөөр тохирсон. Долоо хоногийн зураг авалтын дараа нөгөө 500 мянган төгрөг минь дууссан.

Удалгүй манай гэрийнхэн хотод ирсэн. Би кино төсөл нууцаар эхлүүлсэн, долоо хоногийн дотор шахаад зураг авалт 30 гаруй хувьдаа орсон. Сүүлийн 20 гаруй хувийн зураг авалтыг өвөл цас орохоор хийнэ. Тэгэхээр 40 хувийн зураг авалтын 10 гаруй хоногийн урсгал зардал, техникийн түрээсэнд төлөх гурван сая төгрөг хэрэгтэй байна гэдгээ хэлсэн. Гэрийнхэн маань надад шаардлагатай мөнгийг минь олж өгсөн.

-Техник түрээсэлж авсан гэлээ. Урьдчилгаа төлбөр өгсөн үү?

-Үгүй ээ. Таньдаг ахынхаа студиэс гуйгаад л авчихсан.

-Асар өндөр үнэтэй техник хэрэгслээ их сургуулиа төгсөөгүй, 20-той "хүүхдүүдэд" май гээд өгчихсөн хэрэг үү?

-Техник өгсөн студийнхэн маань сайхан сэтгэлтэй ч хэр баргийн хүнд итгэдэггүй хүмүүс л дээ. Манай киноны ерөнхий зураглаач, миний найзын л гавьяа л даа. Өөрөө их мэдрэмжтэй зураглаач. Гэхдээ анх л удаа киноны ерөнхий зураглаачаар ажиллахаар болсон нь “Шилжилт” кино. Найз маань багшдаа кино зохиолоо уншуулсан. Зохиол нь таалагдсан болохоор л өгсөн.

-Сарнайн дүрд тоглосон эмэгтэй жүжигчин үсээ тайруулсан. Энэ өөрийн тань санаа юу?

-Сарнай эршүүд охины дүр л дээ. Кино проб авахдаа эмэгтэй жүжигчдээс үсийг тань тайрвал зөвшөөрөх үү гэж асуусан. Зөвшөөрнө гэсэн жүжигчдийг дараагийн шатанд оруулсан. Их гоё, урт үстэй охин байсан. Гэрийнхнээс нь зөвшөөрөл аваад зураг авалт эхлэхээс хоёр хоногийн өмнө үсийг нь тайруулсан. Угаасаа ямар нэг уран бүтээлд золиос хэрэгтэй. “Шилжилт” кино багийн гишүүд бүгд л тодорхой хэмжээнд золиос гаргасан.

-“Шилжилт” бүтээлээрээ зардлаа нөхөж олж чадав уу?

-Шатсаан. Ашгаа олохгүй болохоор нь өөрсдийгөө танилцуулъя гэдэг үүднээс цахим, сошиалаар төлбөргүй цацсан. Цөөн хэдэн хоногийн дотор сошиал хаягийн дагагч олон тоогоор нэмэгдсэн.

-Нэрнийхээ товчлолоор "ND" студи байгуулсан юм билээ?

-Анхны кино маань ашиг бүү хэл зардлаа олохгүй болохоор өртэй хоцорсон. Тиймээс захиалгаар жижиг сажиг реклам, клип хийж өр ширээ бага сагаар ч болов даръя гэдэг үүднээс студиэ байгуулсан. Тэгтэл “Жүр үр” компаниас надад итгэж дараагийн киноны санхүүжилт олгосон. Тэр мөнгөөр “Байрны ах” киногоо хийсэн. Өмнөхөөсөө 2-3 дахин их мөнгөөр хийсэн ч бүр илүү шатчихсан л даа.

-Эхний бүтээл олонд танигдаагүй болохоор шатсан юм байна. Хоёр дахь кино чинь яагаад бүтэлгүйтэв?

-Кино нь сайн болоогүй болохоор нээх яваагүй, хүмүүс ч үзээгүй. Маркетинг дээрээ их мөнгө цацсан. Түүндээ найдаад кинондоо өмнөх шигээ сэтгэл гаргаж чадаагүй. Зохиол дээрээ алдаа гаргасан. Би бас төгсгөлөө нээх сайн зангидаж чадаагүй.

-“Байрны ах” өөрийн чинь уран бүтээлийн “хар жагсаалт”-д орох уу?

-Мэдээж орно. Гэхдээ амьдралын минь “хар жагсаалт”-д орох бүтээл биш. Учир нь тэр кино надад маш их ухаарал өгсөн. Би энэ киног хийгээгүй байсан бол би “Шилжилт-2” киногоороо нам унах байсан. Манай найзууд, кино багийнхан шууд “Шилжилт”-ийнхээ дараагийн ангийг хий гэж хэлдэг байсан. Харин би дунд нь “Байрны ах” киног хийсэндээ баярладаг.

-Буцаад “Шилжилт” кино руу оръё. Анх зохиолоо бичихдээ хоёр ангитай хийнэ гэж төлөвлөж байсан уу?

-Зохиолоо эхлүүлэхдээ дөрвөн анги хийнэ гэж бодсон. Гэхдээ кино хийх явцад гурван ангит трилоги бүтээл хийгээд өндөрлөхөөр шийдсэн. “Шилжилт-3”-ын зураг авалт 2020 онд эхэлнэ. Энэ ангид киноны гол дүрүүд хэдийнэ нас биед хүрээд амьдралд хөл тавьсан байх болно. Гуравдугаар ангийг БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтарч хийхээр төлөвлөж байгаа.

-“Шилжилт-2” хэр олон үзэгчтэй байна?

-Үзэгч сайн байгаа. Яагаад гайгүй яваад байна гэхээр эхний ангийн ач. Нэгдүгээр анги сайн болсон болохоор сурагчдын дунд хүлээлт үүссэн. Гэхдээ нийслэлийн кино театрын нийт үзэлтийн 65 хувийг насанд хүрэгчид үзсэн. Тэгэхээр бас бүх насныхан сонирхож байна. Хоёрдугаарт, өөрөө продюсер маркетингаа хийсэн. Өмнө нь хоёр удаа алдсан болохоор яавал зүйтэй вэ гэдгийг мэддэг болсон. Мөн бид маш азтай байсан гэхэд болно. “Шилжилт-2” нээлтээ хийснээс хойш сарын хугацаанд нэг ч Монгол кино нээлтээ хийгээгүй учраас үзэгч хуваагдаагүй.

-Өөрийн тань бүтээсэн Нямбаярын дүр хоёрдугаар ангид зан араншин нь эвдэрч эсрэг талын баатар болдог. Амьдрал дээр Нямбаяр олон бий юу. Тэдэнд хандаж юу гэж хэлэх  вэ?

-Нямбаярууд зөндөө бий. Тэдэнд “Шилжилт-2” киног үзээрэй гэж хэлье (инээв). Гэр бүл, найз нөхөд, эргэн тойрноо хар. Нямбаяр шиг яваад юунд хүрэх вэ. Энэ киноноос өөрийгөө харчихвал цаашид юунаас сэрэмжилж болох вэ гэдгээ мэднэ.

НЭГ ШӨНӨ УНТААД ДОЛООН ЖИЛИЙН ДАРАА СЭРВЭЛ ГОЁ

-Гадаад кино Монгол киночдын хамгийн том “дайсан” уу?

-Угаасаа манай үзэгчид гадаад киног их үздэг ш дээ. Кино театрын хамаг цагийг авдаг. Би хэрвээ хангалттай санхүүжилттэй, хүссэн багаа бүрдүүлээд киногоо эхэлж чадвал гадаад кинотой өрсөлдөхүйц хэмжээнд биш ч, дөхүүлэхээр кино хийж чадна гэж боддог. Миний хийсэн гурван кино өөрт олдсон хэр хэмжээ, нөхцөл байдалдаа тааруулж хийсэн болохоор төлөвлөсөн шигээ 100 хувь бүрэн гүйцэтгэл хийгдээгүй.

-Уран бүтээл хийх явцад залуу нас чинь “гай” болж байв уу?

-Харин тэр жаахан “гай” болж байгаа. Би ерөнхийдөө 30 нас хүрчихээд кино хийх ёстой байсан юм шиг байна лээ. Би нэг хөрөнгө оруулагчтай уулзаж, хийсэн кинонуудаа, эхлүүлэх гэж буй төслөө танилцуулсан. Надад “Мундаг байна, сайн байна. Ах нь чамайг дэмжинэ. Гэхдээ чамайг 30 нас хүрэхээр дэмжье” гэсэн. Би одоо 23 настай. Заавал долоон жил хэн нэг уран бүтээлчийн дор ажиллах ёстой юм болов уу. Тэр хүний өөрийгөө боловсруул гэж хэлж байгаа нь зөв л дөө. Тэгээд нэг шөнө унтаад долоон жилийн дараа сэрвэл "гоё"-оо гэж бодсон. Гэхдээ 30 нас хүрмэгцээ шууд тэр хөрөнгө оруулагч дээр очно оо.

-Гэр бүлийн амьдралаа төлөвлөж байгаа юу?

-Эхнэртэй болох гэж яараагүй. Ухаалаг эмэгтэйтэй учирчихвал болох нь тэр. Би тайзны жүжигчин, найруулагчийн мэргэжлээр суралцаж байгаад дэлгэцийн бүтээл дээр голчлон практик дээр ажиллаж суралцсан. 

-2020 оныг хүртэл ямар бүтээл дээр ажиллах вэ?

-Өнгөрсөн жил ярилцаж байгаад хойшилсон олон улсын хэмжээний төсөл бий. Монгол, Өвөр Монголын уран бүтээлчдийн хамтарсан баг ажиллах хүүхэлдэйн кино байгаа юм. Энэ долоо хоногт уулзахаар болсон. Би хүүхдийн хоёр бүрэн хэмжээний кинонд ажилласан болохоор надад ойрхон. Хэрвээ бүтчихвэл ойролцоогоор хоёр жил үргэлжлэх урт хугацааны төсөл.

-Өөрөө кино зохиолоо бичээд, найруулаад, гол дүрд тоглохоор бүтээлийн чинь чанар муудах тал бий юу?

-Надад кино зохиолч байвал ярилцаад зохиолоо бэлэн болгоод киногоо найруулж болно. Эсвэл зохиол дээрээ том найруулагч ажиллуулъя гэхэд үнэ хөлсийг нь төлөх мөнгө байдаггүй. Найруулж байгаа кинондоо өөрөө тоглох хэцүү л дээ. Залуу хүний эрч хүчээрээ л ард нь гарсан.

-Кино хийгээд авсан хамгийн нэр хүндтэй шагнал юу вэ?

-2017 оны намар “Улаанбаатар” олон улсын кино наадам ес дэх жилдээ зохион байгуулагдсан. Эл наадмын Монгол киноны уралдаанд нийт 20 кино нэр дэвшин өрсөлдсөнөөс “Уран сайхны кино” төрөлд “Ээж”, “Түүхэн кино” төрөлд найруулагч Б.Тамир ахын “Зүрхний хилэн”, “Нээлтийн кино” төрөлд найруулагч Д.Золбаяр ахын “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шилдгээр шалгарсан. Энэ том бүтээлүүдтэй зэрэгцэн “Шилжилт” кино маань “Хүүхдийн кино” төрөлд шилдэг шагналыг хүртсэн. Шагнал авсан мөчөө би сайн санадаггүй. Гэхдээ одоо бодоход гартаа барьж байсан цомоо даахгүй байсан, тайзнаас буугаад шууд Б.Мөнхдорж багш руугаа залгаад шавь нь олон улсын кино наадмаас шагнал авчихлаа гэж хэлсэн.

Монголоор дүүрэн киночид байхад гуравхан бүрэн хэмжээний кино хийсэн, 23-хан настай хүүтэй юун урт ярилцлага хийсэн юм бэ дээ гэх уншигч таарч магадгүй. Гэхдээ энэ ярилцлагын төгсгөлийн цэгийг хатгах мөчид М.Шолохов 1928 онд 23 настайдаа "Дөлгөөн Дон" романыхаа I, II, 1932 онд 27 насандаа III, IV ботийг бичсэн хэмээн албан ёсны намтарт нь байдаг. Достоевский "Ядуу хүн" туужаа 23-тайдаа туурвисан гэдэг, Лодонгийн Түдэв гуай "Уулын үер" романаа 23 насандаа бичиж, хожмоо энэ бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн нь санаанд оров.

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ханын шүүгээн дэх мөрөөдөл  
Үзсэн: 2887 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-04 10:36
nice
Зочин [127.0.0.xxx] 2019-03-04 10:36
saihan kino boljee ataarhad bga hvmvs bol zail shv
Зочин [127.0.0.xxx] 2019-01-25 21:52
mundag amjilt hvsie
Gremix [127.0.0.xxx] 2019-01-14 12:22
дотор н орцон писда байнашд
Зочин [127.0.0.xxx] 2019-01-11 12:13
Mundag ah shvv amjilt hvsii
bolormaa [127.0.0.xxx] 2019-01-11 00:31
Mundag duudee ulam ih amjilt delhiin hemjeenii uran buteeliin tuluu uragshaa nas zaluu tsus shingen baina ireedui chun gereltej bn amjilt
Зочин [127.0.0.xxx] 2019-01-10 22:10
ataaarhyy baagii nar ymar olon ym bee. myylaad bga garyyd n ng clip ch hiij chadaxgv dee
Gremix [127.0.0.xxx] 2019-01-10 21:44
тэнэг лалар вэ
Зочин [127.0.0.xxx] 2019-01-11 00:26
mal batsaan
Gremix [127.0.0.xxx] 2019-01-14 12:21
ална шүү банди мин
1 [127.0.0.xxx] 2019-01-10 14:21
ЯМАР ДҮРДЭЭ ОРСОН ГӨЛӨГ БЭ
Зочин [127.0.0.xxx] 2019-01-11 00:32
Ene huugiin daitai yum hiij zutegsen uu chi muuhai ugtei yum be
өөоб [127.0.0.xxx] 2019-01-10 21:43
гоё хэлсэн
fuck you 1 [127.0.0.xxx] 2019-01-11 00:25
chamd dur ch oldohgui
Зочин [127.0.0.xxx] 2019-01-10 12:55
Залуу хүний эрч хүч хичээл зүтгэл байгаа болохоор амжилт ирэх болноо. Улам л зүтгээд бай.

Бидэнтэй нэгдээрэй