Шууд Chart

Майк Помпео:Сири дэх курд тэмцэгчдийг хамгаална

2019-01-10 12:00:04

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иракт гэнэтийн айлчлал хийж, Сири дэх курд тэмцэгчдийг хамгаална гэж мэдэгдлээ. Тэрбээр өчигдөр Сириэс америк цэргүүдийг гаргах асуудлаар Иракийн нийслэл Багдад, Ирак дахь курдуудын төв Эрбил хотод айлчилсан байна.

Майк Помпео Ирак дахь хагас Курдистан мужийн удирдлагуудтай уулзахдаа Сири дэх курдуудыг Туркийн цэргийн довтолгооноос хамгаална гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Иракийн Ерөнхийлөгч Бархам Салих, Ерөнхий сайд Адел Махди зэрэг бусад өндөр албаны хүмүүстэй уулзсан байна.

Энэ үеэр талууд "Исламын улс" бүлэглэлийг хамтран дарах асуудлаар мөн Иракийн Засгийн газрыг АНУ дэмжих талаар ярилцсан байна. Иракийн Ерөнхий сайдын хэлснийг зарим хэвлэлүүдэд иш татжээ. Ерөнхий сайд Адел Махди "АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга өөрт нь “Сириэс цэргээ яаран гаргахгүй. Харин Ирактай хамтран маш сайн зохион байгуулалттайгаар татах болно” гэж хэлсэн хэмээн ярьжээ.

Тэгвэл Сири дэх курдуудын аюулгүй байдлыг хангах тухай шаардлагаас Турк татгалзаж, АНУ-ын тал алдаа хийж байна гэж шүүмжилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сириэс цэргээ татна гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Сири дэх "Исламын улс" бүлэглэийнхнийг дарахад АНУ-ын талтай хамтран тэмцдэг Курдуудын аюулгүй байдлыг Турк хангасан нөхцөлд бид цэргээ Сириэс гаргана хэмээн мэдэгдсэн.

Өнгөрөгч ням гарагт хийсэн Жон Болтоны энэ мэдэгдэл болзлыг Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган хүлээж авах боломжгүй нөхцөл гээд АНУ-ыг маш том алдаа хийлээ гэж шүүмжиллээ. Тэрбээр Сири дэх курдуудын "Исламын улс" бүлэглэлийнхнээс ялгаагүй террористууд хэмээн үзэж байгаа юм.

Тиймээс удахгүй курд тэмцэгчдийн эсрэг хил давж цэргийн ажиллагаа явуулна гэж анхаарууллаа. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны хувьд мягмар гарагт Сирийн нөхцөл байдлын асуудлаар Турк улсад айлчилсан боловч Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган түүнтэй уулзаагүй юм.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Майк Помпео:Сири дэх курд тэмцэгчдийг хамгаална   
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй