Шууд Chart

Ард иргэдээ сонсох тавдугаар аян үргэлжилж байна

2019-01-11 11:57:58

Завхан аймаг ард иргэдээ сонсдог, иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадаг, төрийн ажлыг иргэдээрээ үнэлүүлдэг, иргэн төвтэй төр бүхий аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж гурав дахь жилтэйгээ золгож байна.

Төрийн албан хаагчид шинэ оны эхний ажлын өдөр албан тасалгаа руугаа биш, ард иргэддээ хүрч үйлчлэхээр хөдөөгийн сумдыг зорьж, өнөөдөр 10 дахь өдрөө ажиллаж байна.

Тус аймаг “Ард иргэдээ сонсох нэгдүгээр аян”-аа 2016 оны аравдугаар сард эхэлж байсан бол энэ сарын 2-нд тавдугаар аянаа эхлүүлж, 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хөдөөгийн 23 суманд ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн нийт айл өрхийнхөө 60-аас дээш хувиар орж иргэдийн санал хүсэлтийг сонсож, мэдээ мэдээлэл хүргэхээс гадна төрийн албан хаагчдын ажлыг ард иргэдээрээ үнэлүүлж байгаа юм. Ийнхүү төрийн байгууллага, төрийн албан хаагчийн ажлыг дээд шатны албан тушаалтан бус ард иргэд үнэлдэг болсноор иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч байгааг малчид хэлж байна.

Завхан аймгийн төрийн албан хаагч бүр 3-5 айл өрхийг хариуцаж, төр-иргэнийг холбох гүүр болон ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэд өөрийнхөө өмнө тулгамдаж буй төрийн байгууллагатай холбоотой асуудлыг хариуцсан төрийн албан хаагчдаараа дамжуулан шийдвэрлүүлдэг болсноор төрийн үйлчилгээг илүү шуурхай, чирэгдэлгүй хүргэж байна.

Тэд тус аянаа жилд хоёр удаа зохион байгуулдаг. Жил бүрийн наймдугаар сард төрийн цогц үйлчилгээг багт хүргэж ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсдог бол шинэ оны эхний ажлаа ийнхүү ард иргэдээ сонсохоос эхлүүлж, өрх бүрээр орж ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мөн ахмад төрийн албан хаагчид багтаж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ард иргэдээ сонсох тавдугаар аян үргэлжилж байна  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй