Шууд Chart

Зам тээврийн хэрэг, нас баралт 50 гаруй хувиар буурсан

2019-01-11 16:07:47

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч А.Мөнх-Эрдэнээс зарим асуултад хариулт авлаа.

-22018 онд Хөвсгөл аймгийн хэмжээнд Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг болон түүний улмаас амь насаа алдсан, гэмтсэн хүн 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх болон хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулсан бэ?

-Хөвсгөл аймаг дах Замын цагдаагийн тасаг нь Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээ болон  “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2018” аяныг  орон нутгийнхаа онцлогт тохируулан хэрэгжүүлэн ажилласан.

Манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа, үүнийгээ дагаад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим урин дулааны улиралд огцом өсдөг, энэ үеэр бид улсын чанартай хатуу хучилттай  авто зам дагуу 4-6 чиглэлд хөдөлгөөнт эргүүл, пост гарган ажиллуулж, иргэдийг хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлж ажилласнаар хэргийн улмаас амь насаа алдах, гэмтэх явдлыг 50 орчим хувиар багасгаж чадсан.

-Гэмт хэрэг болон зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд засаг захиргааны нэгж, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хэрхэн хамтарч ажиллаж байна вэ? Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах гол үйл ажиллагаа нь тэдний оролцоо байдаг шүү дээ?

-Аймгийн  Засаг даргын Тамгын газар, ИТХ, ГХУСАЗСЗөвлөлд зам тээврийн гэмт хэрэг, ослын нөхцөл байдлыг танилцуулан ажилласны үр дүнд гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, орон нутгийн авто замд тавих хяналт шалгалтыг сайжруулах зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн авто машины шатахууны зардлыг шийдвэрлүүлсэн.

Хөдөлгөөнт эргүүлийн авто машины шатахууны зардлыг шийдвэрлэснээр хэрэг, осол ихээр үйлдэгддэг замын зорчих хэсэгт  хөдөлгөөний ачаалал нэмэгдэх үеэр  орон нутгийн авто замд хөдөлгөөнт эргүүл, постыг тогтмол  ажиллуулж байгаа.

Мөн ГХУСАЗСЗөвлөлтэй хамтран 2018 онд хар цэгээр тодорхойлогдсон цэгүүдэд гэрэл ойлгогчтой 8 төрлийн 16 ширхэг мэдээлэх самбар байршуулсан нь нилээн үр дүнтэй ажил болсон.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр  аймгийнхаа дөрвөн телевиз, нэг сонин,  40 орчим төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгтэйгээ тогтмол хамтран ажиллаж, хууль тогтоомж, дүрэм журмаар сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн ажлыг тогтмол явуулан хамтран ажиллаж байгаа нь урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн ажил  илүү олон хүнд хүрч, үр дүнтэй, чанартай зохион байгуулагдахад гол нөлөө үзүүлж байгаа.

-Нутаг дэвсгэрийн хэмжээнд замын хөдөлгөөний хяналтыг хэрхэн зохион байгуулж байна вэ? Танай аймаг бол ялангуяа зуны улиралд аялал жуулчлал, амралт зугаалгын үед хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг шүү дээ?

-Хөвсгөл аймагт замын хөдөлгөөний ачаалал 6-9 сарууд дотоодын болон гадаадын аялал жуулчдын тоо эрс нэмэгдэж,  иргэд Нийслэл, орон нутгаас тус аймагт ирэхийн тулд 700-1000 гаруй км автозамыг туулж,  өглөө үүрээр эсвэл шөнийн цагт хэт  ядарсан үедээ манай аймгийн нутаг дэвсгэрт орж ирдгээс шалтгаалж замын хажуу руу онхолдох мөн даваа, гүвээнд зорчиж үзээгүй жолооч нарын ур чадвар дутах зэргээс шалтгаалж онхолдох хэлбэрийн осол их гаргадаг.

 Тус аймгийн цагдаагийн газраас Тариалан сумаас Хатгал тосгон хүртэлх авто замд дөрвөн зөөврийн пост байрлуулж, хатуу хучилттай автозам дагуу байрлалтай сумдын хэсгийн төлөөлөгч, хэв журмын цагдаа нарыг нэмэгдлээр ажиллуулж байгаа.  

-Хяналт шалгалт, үйл ажиллагаанд ямар техник хэрэгслийг ашиглаж байна вэ?

Өнгөрөгч 2018 онд аймгийн Мөрөн сумын нутагт улсын төсөвт хөрөнгөөр байнгын хяналтын цэг шинээр баригдсан ба 2019 онд дахин нэг байнгын хяналтын цэг  байгуулахаар төлөвлөгдөөд байгаа.

Аймгийн  ГХУСАЗСЗ-өөс “Приус” маркийн хоёр ширхэг автомашин, дөрвөн зөөврийн пост /чиргүүл/ тоноглож мөн цагдаагийн газраас Kia Rio маркийн нэг ширхэг автомашин олгосон ба ТЦА-аас нэг хурд хэмжигч шийдвэрлэж өгсөн нь эргүүлд ажиллах, хяналт шалгалт хийх алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулсан том ажил болсон.

Зөөврийн постыг замын хөдөлгөөнд хяналт тавихаас гадна цагдаагийн газрынхаа  бусад төрөл мэргэжлийн албадтай хамтран  самар, жимсний үеэр эргүүл шалгалт гаргах ажилд ашиглаж байна.

-2019 онд гэмт хэрэг, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ. Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан хяналт шалгалтыг хэрхэн явуулж байна вэ?

Орон нутагт бүртгэгддэг, анхаарал татсан бас нэг асуудал бол мотоциклийн хөдөлгөөн байдаг, хөдөө орон нутгийн иргэд маань техникийн хувьд бүрэн бус түүнчлэн жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хамгаалах малгай хэрэглэлгүй мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцсоны улмаас амь насаа алдах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.

Иймд нутаг дэвсгэрийн хэмжээнд мотоцикльтой иргэдийг бүртгэлжүүлэх, тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох, иргэдийг жолооны сургалтад хамруулж жолоодох эрх олгох, хууль тогтоомжийн мэдлэг олгох, хамгаалах малгайн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр 2019 онд нилээдгүй ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Мөн удахгүй болох Сар шинийн баяртай холбоотойгоор улсын болон орон нутгийн чанартай автозамд хийх хяналт шалгалтыг эрчимжүүлсэн. Аймгийн Цагдаагийн газрын хэмжээнд алба хаагчдыг баг болгон тодорхой маршрутанд хяналт шалгалтад ажиллуулах, ганц замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бус олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж байгаа хүн, эд зүйл, тээврийн хэрэгсэл зэргийг олж тогтоох чиглэлээр 24 цагийн турш хяналт шалгалтыг хийж ажиллаж байна.


Зам тээврийн хэрэг, нас баралт 50 гаруй хувиар буурсан  
Үзсэн: 329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй