Шууд Chart

Ш.Дулмаа: Миний аав ертөнцийн хамгийн сайн аавуудын нэг байсан даа

2019-01-22 10:33:37

Төв аймгийн Баян сумын харьяат, Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ш.Дулмаа багшийг “Гэрт нь” буландаа урилаа. Багш гэж хэлсний учир нь тэрбээр манай сургуулийн уран чадварын хичээл заадаг байсан юм.

Түүнийг зохиолч, яруу найрагч нөхөд нь хаан найргийн “Хатан” Ш.Дулмаа хэмээн хүндэтгэдэг. Энэ хүний яруу найрагт оруулсан хувь нэмэр их. Тиймдээ ч түүнд ийм нэрийг хайрласан нь мэдээж. Гэхдээ эрхэм хатан уг нэрээ нэг их ойшоодоггүй. Эрдэмтэй хүн даруу гэдгийн нэгэн илрэл энэ биз.

Ш.Дулмаа багштай уулзах хүсэлтэйгээ утсаар мэдэгдэхэд “Чи ажлаа хийж байгаа бол яах вэ дээ. Манайд хүрээд ир” гэсэн юм. Ингээд тэднийд очиход шүүгээ дүүрэн хэд хэдээр нь давхарласан Орос, Монгол ном анхаарал татав.

Зохиолч хүн номоо дээдлэх нь арга ч үгүй биз. Тэрбээр утга зохиолын салбарт 60 гаруй жил зүтгэхдээ 3000 гаруй ном цуглуулсан аж. Түүний номын санд дэлхийн сонгодог зохиолуудаас эхлээд хуучнаар Зөвлөлтийн болон манай ахмад зохиолчдын ховор ном нэлээд их байдаг юм билээ. Тэдгээрийн олонх нь яруу найргийнх. Найрагч хэлэхдээ “Ном цуглуулах нь одоогийн залуусын хэлдгээр миний жинхэнэ хобби байсан” гэлээ. Одоо түүнийг ямархан амьдрал туулж ирснийг уншигч танаа хүргэе. Түүний амьдрал үнэхээр гайхалтай. Яг л домог мэт.

Тэрбээр зуны бүгээн үүлс сундлаа мянган уулсаа хучин, шаргал нарны туяа гэрийн тооноор дөрөв хэрчин тусахад мэндэлсэн гэдэг. Төрсөн аав Зана хэмээн эрдэм номтой маарамба хүн байсан аж. Дулмаа түүний ууган охин. Тэднийх асар баян айл байсан тул гал голомтоо залгах хүүтэй болох нь өдрийн бодол, шөнийн зүүд болж байсан гэдэг. Гэвч хүсэхэд хясна гэгчээр охин төрсөнд дургүйхэн хүлээж авсан байна. Хүний үр болж хорвоод мэндэлсэн хөөрхий охин эцэгтээ гологдож буйгаа яахан мэдэх билээ. Энэ үед ээжийнх нь эхэс гадагшлахгүй байсан учир дургүйд хүчгүй гэгчээр “Энэ хүн манай гэр бүлд гай авчрах хүн байна” хэмээн Дулмаад нэр ч хайрлалгүй дээлийн хормойд боогоод муухан юм хадгалдаг модон амбаартаа тавьжээ.

Түүний ганц чадах ажил уйлах л юм хойно зуны халуун наранд чарлах ч багадаж байсан биз. Аз болоход Занынд зарцлагдаж байсан айлын эхнэр өглөө, оройд үнээг нь сааж өгөөд өөртөө илүүчилж авсан сүүнээсээ хөвөнд шингээж хүнд мэдэгдэлгүй гурван хоног амийг нь зогоосон байна. Энэ байдлыг нь мэдсэн Зана гэрт нь орж “Та нар гай дагуулах гээд байгаа энэ хүүхдэд ингэж сайн хандаад байгаа юм бол үрчлээд ав. Үгүй бол урд саахалтад зусч байгаа Очирынд өглөө” хэмээжээ.

Зовлон үзсэн хүн зовсныгоо ойлгодог гэдгийн адил тэр айл ч охиныг авахгүй гэж шууд хэлсэнгүй. Ийнхүү Базарваадий гэдэг хувилгаан хүнээс “Ийм хүүхэд үрчилж авах гэсэн юм. Манайд өсвөл яадаг бол” хэмээн учраа хэлжээ. Хувилгаан “Муухан эр хүнээс илүү хүн болох нь. Та хоёрыг тэжээгээд аваад явчих чадвар түүнд байна. Иймээс шууд ав” гэжээ. Ийнхүү эцэгтээ гологдсон охин ирээдүйн их яруу найрагч Ш.Дулмааг Занынд зарцлагдаж байсан айл хүн болгож гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн нь Шагдарынх гэдэг айл байжээ.

Төрсөн гэр нь баян айл ч өргүүлсэн гэр нь үгээгүй ядуу байсан нь түүнд амьдралын сайхныг мэдрэх харгуйг хааж байсан биз. Бага насандаа өвөл л гутлын бараа харж, хөлийн улаа амраадаг байсан гэдэг. Оюутан ахуй цагтаа ч шинэ хувцас бараг өмсдөггүй байсан гэнэ билээ. Чинээлэг айлын хүүхдүүдэд муухай хувцастай явлаа гэж хүртэл хэлүүлж байсан удаатай. Мөн тайзан дээр шүлэг уншихдаа бусад нь торгон дээлтэй байсан бол Ш.Дулмаа ганцаархнаа даалимбан тэрлэгтэй зогсдог байсан гэдэг. Гэвч тэр “Хуучин хувцастай явж муугаар хэлүүллээ гэж муудсан юм байгаагүй” хэмээн дурсдаг.

Түүний өөртөө үнэнч авч үлдсэн зүйл бол хүн чанар, яруу найраг байсан юм. Шуудхан хэлэхэд “Амьдрал надад хатуу хандах тусам би түүнд дурладаг” гэж хэлж байсан удаатай. Түүнийг үрчилж авсан аав нь үнэхээр хүн чанартай нэгэн байсан гэдэг.

Бусад айлынх шиг хүүхдүүдээ алтан шагайгаар тоглуулж, бурманд цатгаагүй ч амьдрах хар ухааныг суулгаж чадсан байна. Хэдийгээр Шагдар ном бичиг мэдэхгүй ч үлгэр, туульс хайлдаг, сайхан дуулдаг хүн байжээ. Дулмааг мэдээ орохоос нь эхлээд өвөр дээрээ суулгачихаад үлгэр, домог ярьж өгдөг байсан нь түүнийг утга зохиолын үүдийг нээхэд хөшүүрэг болсон нь мэдээж. Харин үнээ мал яаж саах, дээл хувцсаа хэрхэн оёхыг ээж нь зааснаар түүнд чадахгүй, мэдэхгүй зүйл ховор үлджээ.

Тэрбээр анхны шүлгээ дөрөвдүгээр ангидаа бичсэн байна. Ш.Дулмаа багш М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсч, одоогийн “Монголын үнэн” сонинг “Үнэн” нэртэй байхад нь бусад мэргэжил нэгтнүүдтэй үүсгэн байгуулалцжээ. Тиймдээ ч одоо хүртэл тэрхүү сониноо захиалдгаас гадна сэтгүүлзүйн гал тогооноос хооллож байсандаа баярладгаа нуугаагүй. Мөн социализмын үеийн залуучуудад хүн ямар байх болон амьдралд өөрийгөө бэлдэх тухай лекц уншиж олонд үлгэр дууриал болж явсан байна. Түүнчлэн Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд саяхныг хүртэл багшилсан.

Түүний гэр бүлийн хүнийг Э.Ганболд гэдэг жүжигчин мэргэжилтэй хүн байв. Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийг төгсч тэр ондоо “Дайсны цэргүүдээ сонсцгоо” уран сайхны киноны гол дүрд тоглосныг нь ард түмэн мэднэ. Тэр 30 гаруй киноны гол болон туслах дүрийг бүтээсэн гайхалтай авъяастан байсан юм.

Догшинхутагт Данзанравжаагийн дөрөвдүгээр дүр болон Дилав хутагтын багш гээд бичээд байвал тоймгүй. Мөн олон жүжигт тоглосон нь тайзнаа мөнхөрчээ. Ш.Дулмаа, Э.Ганболд хоёр нэг нутгийн хүмүүс байсан ч хайрын түүх нь тийм ч дардан байсангүй. Залуу насны үнэнч хайрын сэтгэлээр хэн хэнийхээ зүүд, сэтгэлийг хөглөж явсан боловч хоёул тус тусын амьдрал хөөж гэр бүл зохиож байжээ. Гэвч Э.Ганболдын эхнэр хар нь дэндсэн хүүхэн байсан учир хардаж залхаасаар хоёр тийш болжээ. Тэр үед Ш.Дулмаагийн гэр бүлийн хүн өвчний улмаас нас эцэслэсэн байна. Тус тусдаа гэр бүл зохиогоод удаагүй байсан залуус амьдралаа хамтран зохиож үр хүүхэдтэй болох хүсэл нь нийлж 30 гаруй жилийг үдэж ханийнхаа нөмөрт эрх сэтгэлээ өгсөн аж.

Ш.Дулмаа ханиа “Жинхэнэ хүний хайлан байсан” хэмээн дурссан. Э.Ганболд эхнэрээ шүлэг бичиж байхад нь том дуу гаргах нь байтугай хоол цай хийх ажилд гар хүргэдэггүй байсан гэдэг.

Юм хийж өгөхдөө гол бус ханиа хүндэлдэг, уран бүтээлийг нь дэмждэгийг нь сонсох нь ээ ёстой л заяаны хань ийм байдаг болов уу гэмээр сонсогдож байв. Ш.Дулмаа гуай яруу найрагч Р.Чойномтой ойр дотно нөхөрлөж байсан. "Аав"-ын хаалга татаад байхад нь хүртэл эргэж байсан удаатай. Тийм сайхан нөхдүүд байсан болохоороо Р.Чойномын ирүүлсэн 30 захидлаар “Мөнх зул” хэмээн ном хэвлүүлсэн.     

Ярилцлага төгсөх үед түүний бүтээлээс сонсход дараах шүлгийг хэлсэн юм. Гэхдээ шүлэг эхлэхийнхээ өмнө аавынхаа тухай улам тодорхой ярив.  

Тэрбээр “Аав минь надад эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим" гэж захидаг байсан нь өдгөө ч миний чихэнд хадаастай явдаг. Аав минь эгэл даруу, жирийн л нэг малчин хүн шүү дээ. Тэгсэн атлаа хүнд байх ёстой хамгийн сайхан чанарыг агуулсан. Ажил үйлс, амьдрал бүтээл, сэтгэл зүрхээрээ амьд жишээ болсон ертөнцийн хамгийн сайн аавуудын нэг байсан даа.

Намайг таван настай байхад номхон мориндоо сундалж аваад номын багштай минь золгуулж, эрдмийн алтан үсэг нүдлүүлснээр ирээдүйн найрагч болох сэхээтний амьдралын анхны замыг нээж өгсөн юм. Олон сайхан сургуульд сурч, заасан замаар нь эндэгдэлгүй явж өдий зэрэгт хүрснээ ухаант аавынхаа сэтгэлийн дэм, ухааны их тэнхэл гэж боддог доо.

Би аавынхаа хүнлэг гүндүүгүй чанарыг дээдэлж, хүний төлөө гэсэн сайхан сэтгэлээр зүрхээ тэтгэн, өөрт минь байгаа сайн сайхан бүхнээ бусдад түгээх юмсан гэж насан туршдаа зорьж явлаа. Тэр ч утгаараа би хүний мөстэй байх, хүнийг хүн болгох, хүнд хэрэгтэй явахсан гэж боддог. Мөн энэ сайхан чанарыг шавь нартаа өвлүүлэхсэн гэж хүсч явдаг хүний нэг дээ.

Ядарч зүдэрсэн хүнд тусалж, шөлний махгүй болсон настан бууралд өргөл өгч, аргал усыг нь дөхүүлж чаддаг Монгол хүний шүншигтэй, энэрэхүйн нинжин сэтгэлийг өвлөж авахсан гэж өдийг хүртэл хичээж ирлээ. Миний аав ардын гүн ухаанаар намайг хүмүүжүүлж, насан өөд болтлоо эцэг хүний энэрэхүйн нинжин сэтгэлтэй эгэлгүй их ухаанаар хүн болох эрдмийг зааж, хөлийг минь дөрөөнд хүргэсэн хүн.

Өндөр нуруутай, ханагар өргөн цээжтэй, давхраатай алаг нүдтэй сайхан шар царайтай, үргэлж л инээмсэглэж явдаг хөгжилтэй хүн байсан. Манайх гэдэг айл зуны турш гүү барьж, айраг хөхүүр цэлцэлзүүлсэн, саахалтын залуусын дуу хуур, сонин хачин ярианд умбасан баяр жаргалаар дүүрэн айл байлаа. Аав маань уртын дууг их сайхан дуулна.

Унагаа голсон гүү, тугалаа голсон үнээ, хургаа голсон хонийг тойглож уртын дуугаараа аргадан байж авахуулдагсан. Унагаа голсон гүүг Ардын жүжигчин А.Долгорын өвөө Намжил гэдэг хүний хууранд эмээ Сүрэн гуайтай нь хамт дуулан авахуулж байхыг нь сонсч байсан шүү” гэв.

Аавын харц

Гоодон дээлнийхээ энгэрт эцгийн харцыг зүүж

Томоожиж өссөн хүүхэд нас минь

Өнөөдөр ч надад ихийг сануулдаг

Өвдөг сөгдөн буруугаа наминчилмаар болдог

Өргөн энэ хорвоогоос аавыгаа үгүйлэхдээ

Өвдтөл нэг гуядуулахсан гэж санадаг

Ухаарлын тэнгэртэй аавдаа баярламаар

Удаан хүлээгээд аавыгаа ирээгүйд нь гомдмоороо

Гэлээ ч аавын минь харц

Хэрсүү сууж ухаан тэлэхэд минь

Одоо ч гэсэн сэтгэлд хэвээр

Орчлонгийн их зайнаас ширтэн харсаар л...

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ш.Дулмаа: Миний аав ертөнцийн хамгийн сайн аавуудын нэг байсан даа   
Үзсэн: 2387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-01 15:53
Улс монгулун төлөө халагун ами бүлээн цус юугаан үл хайрлан арсалдан тэмцэж асан цаст баргын удам
АХ [127.0.0.xxx] 2019-01-22 22:11
УДВАЛ ГУАЙТАЙ СУУЖ БАЙСАН ДО ЯАМНЫ ЗАНДАЛЧИН МАНГАС ДОРЖИЙГ ДУЛМАА ГУАЙ ЯАЖ МЭДЭХ ВЭ ДЭЭ. МЭДМЭЭР БАЙВАЛ Б.РЕНЧИН ГУАЙН "МАНГАА ДО-ГИЙН ЗҮҮД" ГЭДЭГ ӨГҮҮЛЛЭГИЙГ ОЛООД УНШ ДАА.
1 [127.0.0.xxx] 2019-01-22 16:36
МАНГАС ДОРЖ ЯМАР ХҮН БАЙСАН БЭ ДУЛМАА.

Бидэнтэй нэгдээрэй