Шууд Chart

Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв

2019-01-23 11:13:40

Технологийн салбарын зохион бүтээгчид аливаа бүтээлээ хийж бүтээхдээ ашиглах материалдаа багагүй анхаарал хандуулдаг. Хөнгөн, бат, бөх гээд бусад үзүүлэлтийг харгалзан тухайн төхөөрөмжөө хийж бүтээдэг. Тэгвэл ХБНГУ-ын Берлин хотод орших “Хамбольдт”-ийн нэрэмжит Берлины их сургуулийн судлаачид гүрвэлийн эртний чулуужсан араг ясыг ашиглан роботын төхөөрөмж бүтээн туршиж, олон нийтэд танилцуулсан нь ихээхэн анхаарал татсан мэдээллүүдийн нэгээр нэрлэгджээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, тус чулуужсан араг яс нь ойролцоогоор 300 сая жилийн өмнө манай гариг дээр амьдарч байсан гүрвэлийн төрлийн мөлхөгч амьтных гэжээ. Үүнийг археологичид болон эрдэмтэд судлаачид “Orobates pabsti” /Оробэйтс пабсти/ хэмээн нэрлэж “Саламандра” төрлийн гүрвэлтэй төстэй амьтан гэж үзэж байгаа юм байна. Усны мандал, хуурай газар дээр ч амьдрах, идэш тэжээлээ олж авах чадвартай амьтан гэж онцолсон. Хэдийгээр олон сая жил өнгөрсөн ч үлдэгдэл араг яс нь маш сайн төдийгүй бат, бөх чанарт чулуужиж үлдсэн нь ийнхүү туршилтад ашиглаж болох боломжтой гэсэн дүгнэлтэд хүргэжээ. Эрдэмтэд тус гүрвэлийн араг ясыг олоод зогсохгүй хөлийнх нь мөрийг хүртэл олж чадсан байна. улмаар компьютерийн гурван хэмжээст дүрслэлд тухайн амьтны араг ясыг хөлийнх нь мөртэй харьцуулан их биеийнх нь хөдөлгөөнийг гаргаж ирэх боломжтой болсныг хэлжээ. Рентген дүрслэлээс тэд гүрвэлийн биеийн онцлог, хөлийн урт тавхайн хэмжээ, нурууны болон үений бүтцийг ойлгомжтой байдлаар гаргаж аван ийнхүү роботын төхөөрөмжөө хөдөлгөөнд оруулж, туршсан байна.

Судлаачдын хийсэн туршилтаар эрдэмтэд энэ амьтныг одоогийн матартай тун төстэй амьтан болохыг нь тогтоож, хэд хэдэн таамаг гарган дэвшүүлжээ. Ийнхүү эртний чулуужсан араг ясыг түшиглэн роботын төхөөрөмж бүтээх, устаж үгүй болсон амьтдын бодит амьдралын хэв маягийг олж тогтоох ажлууд шинжлэх ухаанд багагүй хувь нэмэр оруулах болно гэж онцолсон байна. Одоо судалгаа , туршилтууд үргэлжилсээр байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв  
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй