Шууд Chart

Г.Занданшатар: Хүүхэд морины ажил хийж байгаад амиа алдсан

2019-01-24 16:41:36

“Сүхбаатар аймагт 10 настай хүүхэд мориноос унаж нас барлаа” гэсэн гэсэн ХЭҮК-ийн нэгдүгээр сарын 23-ны өдрийн мэдээллийн мөрөөр “Хурд” агентлаг өнөөдөр холбогдох талуудаас тодруулав.

Хүний Эрхийн Үндэсний Комисс: Сүхбаатар аймагт нэгдүгээр сарын 11-ний өдөр морь хөлсөлж байсан 10 настай хүүхэд мориноосоо унаж, тархиндаа гэмтэл авснаас нас барлаа. Энэ мэдээллийг Сүхбаатар аймаг дахь ХЭҮК-ийн референтээс авсан. Үүнтэй холбоотойгоор орон даяар өвөл, хаврын улиралд хүүхдээрээ хурдан морь унуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.  

Цагдаагийн Ерөнхий Газар: Тус газраас “Хурд” агентлагийг тодруулахад Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас  тодруулсны дараа бидэнд хариулт өгөв. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн  М.Мөнхшүр12 настай эрэгтэй Ө гэдэг хүүхэд нэгдүгээр сарын 12-ны өдөр 12 цаг 40 минутын орчим хүүхэд мориноос унаж нас барлаа гэсэн дуудлага аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Тархиндаа суурь ясны гэмтэл авснаас нас барсан. Уралдааны морио хөлсөлж явах үедээ унаж бэртсэн нь тогтоогдсон. Гадны ямар нэг нөлөөгүй болохыг тогтоосон” 

Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын дарга О.Балжинням:

Баруун-Урт суманд болсон. Морины ямар нэг уралдаан, үсэргээ, сунгаа болоогүй. Мориныхоо ажлыг хийж явсан. Зүчээ рүүгээ буцаж явахад нь хажууд нь байсан хүмүүсийн морь хадуурч давхиад 20-30 м зайд байхад нь дайрсан юм байна лээ. 10 настай хүүхэд эндсэн. Дайрсан морийг унаж явсан хүүхэд нь 13 настай.

-Морины ажил гэж ямар ажил байх вэ?

-Наадмаар морь уралдана. Тэр уралдаанд бэлтгэж тарган морьдоо хөнгөрүүлэх ажил хийдэг юм байна. Морьтой харьцаж байгаа бүхий л ажлаа морины ажил гэж хэлдэг юм байна. Одоо ямар нэгэн уралдаан тэмцээний тов байхгүй.  Ер нь наадмаар уралдана гэдэг байдлаар манай аймгийнхан морьдоо эрт бэлтгэдэг. Тэр утгаараа морьдоо хөнгөрүүлж байсан юм байна.

“Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй.” Монгол Улсын Хүүхдийн Эрхийн тухай хуулиас.

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.01.24/хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дээрх асуудлыг гаргаж тавив.

Монгол Улс Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн эрхийн тухай хуулиараа хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчинд  амьдрах эрхийг баталгаажуулсан, үүрэг хүлээсэн мөртлөө биелүүлэхгүй байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ганц бие эмэгтэйн хүүхэд мөн хурдан морь унаж байгаад бэртээд хэвтэрт орсон. Тухайн үедээ 150 мянган төгрөг авсан гэдэг. Ээж нь ажилгүй хүнд байна. Ийм хүүхэд Монгол Улсад 300-аад бий гэсэн мэдээлэл авсан. Сая болсон хүүхдийн амь насны асуудлыг ярих хэрэгтэй байна.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин: Засгийн газрын шийдвэр өнгөрсөн жил гарсан. Хаврын тэргүүн сараас тавдугаар сарын 1 хүртэл 12 хүртэлх насны хүүхдийг морины уралдаанд оруулахыг хориглосон шийдвэр гарсан. Засгийн газар шийдвэрээ гаргаад анхааруулаад байгаа. Үүнийг эсэргүүцсэн хүмүүс бас бий. Монгол Улсын уламжлалт зан заншлыг алдагдуулах гэлээ, гадны даалгавраар ажиллаж байна гээд яриад байсан. Монголын уяачдын холбоо өнөөдөр хуралдаж байна. Шийдвэр гаргах байх. Аймгийн Засаг дарга нартаа бид даалгавар өгнө. Өмнө нь ч өгсөн.  

Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар: УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тавьсан асуудлыг аймгийн удирдлагуудаас бид тодрууллаа. Морины уралдааны үсэргээ биш, морины ажил хийх үедээ мориноос унаж бэртэж нас барсан гэж хариу өглөө. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм байна.

УИХ-ын дарга М.Энхболд:  Хурдан морины уралдаан, хүүхдийн амь настай холбоотой асуудал бол анхаарал татсан асуудал. Уралдаж байгаад унасан уу, морины ажил хийж байгаад унасан уу хүүхэд гэмтэж эндсэн л бол тодорхой анхаарал тавих ёстой. Хаа хаанаа анхаарч ажиллах ёстой. “Өвөл уралдах ёстой. Өвлийн уралдаан уламжлал” гэсэн байр сууринаас ярьж тайлбарлаад байдаг хүн бараг байхгүй. Үүн дээр нэгдмэл ойлголтод хүрсэн. Орон нутагт дур зоргоороо өвлийн уралдаан зохион байгуулаад байгааг хорих, зогсоох тал дээр нь анхаарал тавьж ажиллах нь зүйтэй. 

 


Г.Занданшатар: Хүүхэд морины ажил хийж байгаад амиа алдсан   
Үзсэн: 895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2019-01-24 22:44
Tsagaan sariin uraldaan bsn bh. Uraldaan tovloogui bol uriid yu gej mori hulsluh ve de. Huuli togtiomj huduu oron nutagt heregjihgui bn. 2 jiliin umnu kimchinii bayr gej mori uraldaad huuhed amia aldsan hereg garsan. Mun l tolgoi n gemtsen. Huuhed Zugaa tsengeliin zolios bolsoor l bn. Haramsaltai
Зочин [127.0.0.xxx] 2019-01-24 19:09
Зун уралдах морийг одоо хөлслөөгүй нь мэдээж,төр засгийн үүрэг даалгаварыг үл тоодог хоолны савнуудаа зайлуулаачээ,ганц морь одоо хөлслөнө гэж байхгүй,цагаан сараар хууль зөрчиж морь уралдуулах гэсэн хариуцлагатаныг олж толгойг нь хага цохь,мориноос унахад толгой яадагыг үзэг

Бидэнтэй нэгдээрэй