Шууд Chart

Н.Нямхорлоо: Залгасан бол салга, салгасан бол шалга

2019-02-01 11:16:26

Хүйтний ам цаашилж, урин дулаан цаг айлчлан ирж, өвлийг өнтэй давсны баяр хэмээн Монголчууд бид үе уламжлан өргөн дэлгэр баярлан өнгөрүүлдэг энэ өдрүүдэд ард иргэдийг болзошгүй гамшиг ослын аюулаас сэрэмжлүүлэх үүднээс НОБГ-ын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоотой ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сар буюу сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай холбогдуулан таньтай цаг үеийн сэдвээр ярилцахыг хүслээ. Энэ өдрүүдэд айл, өрх бүрийн гал тогоо ачаалал ихтэй байдгаараа жирийн өдрүүдээс онцлог байдаг шүү дээ?

-Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрүүдэд таны хэлсэнчилэн айл бүрийн гал тогоо ачаалалтай байж, зочин гийчдээ дайлж цайлж байдаг ийм сайхан өдрүүд байгаа. Гэвч үүнийгээ дагаад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж гал түймэр гарах, цаашлаад түлэгдэж гэмтэх, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл гардаг. Учир нь айлуудын цахилгаан зуух, тогоо зэрэг нь удаан хугацаагаар ажилласнаас болж цахилгааны хэт ачаалал үүсэх, цахилгаан тогоо, зуухаа залгаж орхих, мөн гэр хорооллын айл, өрхийн хувьд галлагаа хэтрүүлэх эсвэл хэт халалтын улмаас яндангийн цоонолт үүсэх зэрэг гал түймрийн зөрчил ихэвчлэн тохиолддог. Тиймээс иргэд маань жирийн өдрүүдээс илүү анхаарал сэрэмжийг хэд дахин нэмэгдүүлэх нь илүүдэхгүй байх.

-Үүнээс гадна сар шинэдээ хэт анхаарч, бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхих, мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэргээс үүдэн гарч болох эрсдэлүүд их тохиолддог.  Энэ талаар юу хэлэх вэ?

- Тиймээс өөрийн гэр бүл, тэр дундаа үр хүүхдүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд амь нас, эд хөрөнгийг болзошгүй аюулаас хамгаалж, урьдчилан сэргийлэх нь иргэн бүрийн хүлээх ёстой үүрэг юм. Иймд хүн бүр байнгын сонор сэрэмжтэй байхыг дахин хэлэхийн зэрэгцээ сар шинийн баярын үеэр согтууруулах ундааг зохистой хэрэглэн, хэрэглэсэн тохиолдолд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна. Дээрх шалтгаанаас үүдэлтэй дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт  тасардаггүй. Тиймээс  иргэдийн өөрсдийн буруугаас шалтгаалах гамшиг, галын аюулыг бүү гаргаасай гэж хүсч байна.

Тэгвэл гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг иргэд хэрхэн биелүүлж амьдралд хэрэгжүүлдэг вэ?

Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулинд иргэний хүлээх үүрэг, эдлэх эрх гэж байдаг. Тиймээс иргэн бүр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байх нь гамшгийн эрсдэлийг бууруулах үзүүлэлт болдог. Жишээлбэл: Ажил болон гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ унтрааж, ус халаалтаа тогтмол шалгах дадал, зуршлыг өөртөө болон үр хүүхэддээ хэвшүүлэх хэрэгтэй. Аливаа зүйл тохиолдолдвол Онцгой байдлын байгууллага болон холбогдох газруудад нэн дариу мэдэгдэж байх үүрэгтэй.

Шаардлага гарсан тохиолдолд иргэд Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105 дугаарын утсанд хандахыг зөвлөж байна.

Гамшиг  хэлж ирдэггүй, хийсч ирдэг учраас ард иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байж салхи шуургатайд хол замд явахдаа техникийн бэлтгэл, бэлэн байдлаа шалган цаг агаар хүндэрсэн нөхцөл байдалтай үед хол замд гарахгүй байх зэргийг анхааруулж байна. Мөн саяхан Улаанбаатар хотод 2.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байгаа. Тиймээс эрсдэл өндөр байгааг анхаарч Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, байгууллагууд бэлтгэл, бэлэн байдлаа ямагт хангаж сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна.

Иргэд галын аюулгүй байдлаа хангаж, стандартын бус цахилгааны утас  болон чанарын шаардлага хангаагүй цахилгаан хэрэгсэл  хэрэглэхгүй байх, мөн ах дүү, садан төрлийнхөөрөө явах, хөдөө орон нутаг руу хол замд гарах зэргээр  авто замын хөдөлгөөнд оролцохдоо машин техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, аюулгүй байдлыг сайтар хангаж  зорчих шаардлагатай.

-Мөн иргэд гал түймэр болон гамшиг ослын дуудлага өгсөн тохиолдолд хаяг байршлаа үнэн зөв, товч тодорхой зааж өгснөөр анги бүрэлдэхүүнийг гамшгийн голомтод түргэн шуурхай очиж ажиллахад нэн чухал байдаг гэдгийг хэлмээр байна.

-Гал түймрийн дуудлагын  дийлэнх нь ил задгай хог буюу орон сууцны хогийн суваг шатаж байна гэсэн дуудлага байдаг бөгөөд энэ нь 100 хувь иргэдийн болгоомжгүй, хайнга байдлаас болж гардаг. Албан байгууллагуудын хувьд галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг дагаж мөрдөх, сахин биелүүлэх нь тухайн хувь хүн, хуулийн этгээдийн дагаж мөрдөх ёстой бас нэгэн үүрэг гэдгийг сануулъя. Иргэд цаг агаарын урьдчилсан мэдээ мэдээлэл, Онцгой байдлын газраас өгч байгаа цаг үеийн сэрэмжлүүлгийг тухай бүрт нь мөрдөж  хэрэгжүүлж чадвал эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

-Нийслэлийн Онцгой байдлын газар сар шинийн баярын өдрүүдэд хэрхэн ажиллах вэ?

- Мөн  Онцгой байдлын байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллана. Ингэснээр гарч буй гамшиг ослын дуудлагыг цаг алдалгүй түргэн шуурхай хүлээн авах, удирдлага зохион байгуулалтаар хангах, 24 цагийн турш алба хаагчдын бэлтгэл бэлэн байдалд хяналт тавьж ажиллан, ард иргэдээ амар тайван шинэлэх, аюулгүй байдлыг нь бүрэн хангаж ажиллах  юм.

Нийслэлийн Онцгой байдлын газраас гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлаасаа танилцуулаач?

Энэ ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар нилээд ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор ард иргэдэд сануулга, сэрэмжлүүлэг болгох үүднээс эхний ээлжинд “Залгасан бол салга, салгасан бол шалга”, “Асаасан бол унтраа”, “Та хүүхдийнхээ аюулгүй орчинг бүрдүүлж чадсан уу?”, “Би асаасан тамхиа унтраадаг соёлтой иргэн”, “Зогс! Гал гарах шалтгаан нь таны үйлдэл байж болохгүй” гэх мэт 5 төрлийн уриалгатай боршур, наалтуудыг төр захиргааны байгууллагууд болон томоохон үйлчилгээний газрууд, сургууль, цэцэрлэг, иргэдийн оршин суугаа орон сууцны орцны хаалганд нааж байрлуулах ажлыг явуулж байна. Эдгээр сэрэмжлүүлэг наалт нь ямар ч насны хүн харахад ойлгомжтойгоос гадна байнгын анхаарал, сонор сэрэмжтэй байхад тустай юм.

Нэмж хэлэхэд шаардлага гарсан тохиолдолд иргэд Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105 дугаарын утсанд хандахыг зөвлөж байна.


Н.Нямхорлоо: Залгасан бол салга, салгасан бол шалга  
Үзсэн: 1658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-01 19:19
Юун сүртэй гарчиг вэ. Юу билээ л гэж бодлоо. Өнөөдөр чинь төрийн тэргүүн сонгогдсон болохоор тэрнийх нь зарчим ч юм билүү гээд.
б [127.0.0.xxx] 2019-02-02 10:36
Төрийн тэргүүнээ сонгоогүй ш дээ. УИХ дарга чинь төрийн тэргүүн биш шүү дээ. Юугаа элийрээд байгаа юм бэ

Бидэнтэй нэгдээрэй