Шууд Chart

Сар шинийн анхны барилдаанд дархан аварга Ж.Мөнхбат түрүүлж байв

2019-02-04 13:02:26

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн шинийн нэгэнд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр “Буянт-Ухаа” ордонд эхэллээ. Энэ дашрамд, уг баярт тохиолдсон сонирхолтой баримтыг уншигч танаа хүргэе.

Анхны барилдаанд дархан аварга ж.мөнхбат түрүүлжээ

Цагаан сарын барилдааныг 1963 оноос “Нэгдэлчдийн өдөр”-т зориулан Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны нэрэмжит болгон зохион байгуулж эхэлжээ. Тухайн үеийн барилдаанд 64 бөх зодоглосон байна. Улмаар 1968 оноос радио, телевизээр анх удаа шууд цацсан түүхтэй.

Анхдугаар барилдаанд дархан аварга Ж.Мөнхбат түрүүлж, улсын аварга Ч.Бээжин үзүүрлэсэн байдаг. Ж.Мөнхбат аварга түрүүлэхдээ заан цолтой байсан гэдэг. Тэрээр цагаан сарын барилдааны анхны түрүүг хүртсэнээс гадна хамгийн олон удаа буюу зургаан удаа үзүүрлэсэн амжилттай. Тэгвэл дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон удаа буюу 13 удаа түрүүлэхдээ 11-т нь завсаргүй түрүүлсэн байна. Түүний энэхүү завсаргүй түрүүг 1999 онд дархан аварга А.Сүхбат зогсоосон түүхтэй.

Аварга Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо анх түрүүлэв

1963 оноос хойш болсон барилдаанд дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, даян аварга С.Цэрэн, улсын аварга Д.Хадбаатар, О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нарын 14 аварга цолтой бөх түрүүлжээ.

Сар шинийн барилдааны түүхэнд 2010 оныг хүртэл улсын цолгүй бөх түрүүлж байсан тохиолдол үгүй. Харин 2010 оны барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, одоогийн аварга Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо анх түрүүлжээ. Тэрбээр мөн 2015 онд заан цолтойдоо, 2017 онд аварга цолтойдоо дахин сар шинийн барилдаанд түрүүлсэн байна. Түүний дараа 2011 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, улсын харцага Ш.Мөнгөнбаатар аймгийн арслан цолтойдоо түрүүлсэн. Тэрбээр 1998 онд аймгийн арслан цолтойдоо дархан аварга Б.Бат-Эрдэнэд өвдөг шороодон үзүүрлэж байжээ.

“Буянт-ухаа” цогцолборт анх удаа болж байна

Цагаан сарын шинийн нэгэнд зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1968 оноос радио, телевизээр шууд дамжуулж ирсэн түүхтэй. 1968-1990 оны барилдааныг Хөдөө аж ахуйн яамны нэгдлийн холбооны дээд зөвлөл, Монголын радио, телевизийн улсын хорооны нэрэмжит, 1991 оноос цагаан сарын шинийн нэгэн буюу сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэртэй болжээ. 1963-1998 онд Спортын төв ордонд, 1999 оноос Монгол бөхийн өргөөнд болж ирсэн. Тэгвэл энэ жил Бөхийн холбооны маргаантай асуудлын улмаас анх удаа “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох гэж байна.

1996 оны барилдаанд Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, С.Цэрэн гэсэн таван аварга манлайлан боссон нь урьд, хожид байгаагүй тохиолдол болжээ.

Аймгийн арслан цолтойдоо үзүүрлэсэн гурван бөх

Мөн алдарт хоёр Мөнх аварга /Х.Баянмөнх, Ж.Мөнхбат/ 22 настай заан цолтойдоо түрүүлжээ. Энэ нь хамгийн залуудаа түрүүлсэн амжилт аж.

Улсын аварга Д.Хадбаатар гурван удаа түрүүлэхдээ арслан цолтойдоо түрүүлжээ. Сонирхолтой нь бүгдэд нь Өвөрхангайн бөхийг давж түрүүлсэн байна.

Аймгийн арслан цолтойдоо үзүүрлэсэн гурван бөх бий. Тэр нь улсын арслан Б.Ганбат, улсын заан Ц.Магалжав, харцага О.Хангай нар юм. Тэгвэл аймгийн цолтойдоо их шөвөгт шалгарсан анхны бөх нь улсын начин Д.Нэмэхбаяр аж.

Түрүүлсэн бөх улсын цолонд хүрсэн тохиолдол олон бий

1963, 1967, 1988, 2008, 2011 оны сар шинийн барилдааны их шөвөгт аварга цолтой бөх шалгарч байгаагүй юм.

Сар шинийн барилдаанд дархан аварга Д.Цэрэнтогтох таван удаа үзүүрлэжээ. Түүний араас улсын аварга Д.Сумъяабазар дөрвөн удаа үзүүрлэснээрээ орох бөгөөд тэрбээр гурван удаа дараалан үзүүрлэсэн шинэ амжилтыг тогтоожээ. Аварга цолонд хүрээгүй долоон бөх түрүүлсэн түүхтэй. Тодруулбал, улсын харцага, ардын багш Ч.Өвгөнхүү, арслан Б.Ганбат, гарьд И.Доржсамбуу, харцага Ш.Мөнгөнбаатар, гарьд Д.Рагчаа, арслан Ц.Содномдорж нарын долоон бөх аварга цолонд хүрээгүй яваа ч сар шинийн барилдаанд түрүүлжээ.

Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар нар сар шинийн барилдаанд анх түрүүлэхдээ заан цолтой байсан байна.

Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ улсын баяр наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа тохиолджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сар шинийн анхны барилдаанд дархан аварга Ж.Мөнхбат түрүүлж байв  
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй