Шууд Chart

Г.Занданшатар: Парламентын үйл ажиллагааг шинэчилж байж, иргэдийн УИХ-д итгэх итгэлийг сэргээнэ

2019-02-04 14:23:55

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлаар хаврын ээлжит чуулганы бэлтгэл хангах, ээлжит бус чуулган хуралдуулах, чуулгануудаар хэлэлцэх хууль тогтоомжуудыг хэлэлцүүлэгт бэлэн болгох, Байнгын хороон дээр байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг цэгцэлж, дүгнэх, шинээр байгуулах ажлын хэсгүүдийн зорилго, үйл ажиллагаа юунд чиглэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Чуулган завсарлалаа гээд УИХ, гишүүд амрахгүй. УИХ бол байнгын ажиллагаатай парламент. Ард түмнээсээ мандат авсан гишүүд ард түмэнтэйгээ уулзаж, ойрын үед УИХ-аар авч хэлэлцэх, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудаар санал бодлыг нь сонсох ёстой.

Судалгаагаар Улсын Их Хурлын нэр хүнд тааруу байгааг нуух хэрэггүй. Шинэчлэл зайлшгүй гэж үзэж байна. Ингэж байж парламентад итгэх ард түмний итгэл сэргэнэ. УИХ-ын чуулганы хуралдаан хэрүүлийн танхим, популизмын талбар байх учиргүй. Тиймээс УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж бодож байгаа. Асуудлыг  дэлхийн улс орнуудын парламентын жишигт нийцүүлж, нотолгоонд суурилсан мэтгэлцээн өрнүүлдэг, хууль тогтоодог процедурыг сайн судлах хэрэгтэй байна. Энэ зорилгоор УИХ-ын Тамгын газар судалгаа, дүгнэлт гаргах, дээрх хуулиудад өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг УИХ-аас байгуулж ажиллах шаардлагатай байна.

Түүнчлэн Оюутолгой, Эрдэнэтийн асуудал, Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагаа, хянан шалгасан дүн, цэрэг, армийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг ч бас ярилцах ёстой.

Хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулиудаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын багц хуулиуд, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд нэн шаардлагатай, хойшлуулшгүй зохицуулалт хийх шаардлагатай хуулиудыг хэлэлцүүлэх бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй байна гэв.

Удирдлагын зөвлөлийн хурлын үеэр Зөвлөлийн гишүүд, Байнгын хорооны дарга нар санал бодлоо хэлж, төгсгөлд нь УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг даалгавар өглөө.


Г.Занданшатар: Парламентын үйл ажиллагааг шинэчилж байж, иргэдийн УИХ-д итгэх итгэлийг сэргээнэ  
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-04 17:15
ХАА БИРЖЭЭ ЯАХ ГЭЖ БАЙНА АВИЛГАЧИДААС МАЛЧИДЫГ САЛГАМААР БАЙНА.ГААЛЬЧИН БААТАР

Бидэнтэй нэгдээрэй