Шууд Chart

Тэгш төрийн дээл

2019-02-04 18:29:56

Монгол дээлийг ийнхүү нэрлэдэг нь хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж буй хэрэг юм. Монгол дээл нь аль нэг тийш дарж бүсэлдэг ташуу болон дөрвөлжин энгэр, хоёр ташаа бүхий эх биетэй дотуур гадуур энгэртэй хувцас юм. Монгол дээлийн хийц загвар нь олон зуун жилийн турш төдийлөн өөрчлөгдөлгүй хадгалагдаж ирсэн. Хадны зурагт хонины нэхий үзүүрсгэн дээл дүрсэлснийг үзвэл Монгол хувцас балар эртнээс үүсчээ.

Монгол дээлийг анхлан зохиохдоо нүүдэлчин Монголчуудын бие, эрүүл мэндийн онцлог хийгээд байгаль цаг уурын байдалд дасан зохицож ирсэн тэдний өдөр тутмын амьдралын хэв маягт нийцүүлэн бодож хийжээ. Монгол дээл нь өмсгөл хувцас болохоос гадна бусад олон янзын зориулалтаар ашиглагддагаараа онцлогтой. Тухайлбал, нударга нь жийргэвч, бээлийний үүрэг гүйцэтгэдэг бол өргөн бүсийг ууц нуруу, бөөрийг хамгаалах зорилгоор бүсэлдэг байна. 

Үүнээс гадна дээлтэй холбоотой цээрлэх зүйл бий. Тухайлбал, дээлийн захыг урагш буюу түрүүлгээ харуулж хаядаггүй, өвчин зовлон гуйна гэдэг. Дээлийн захыг гал руу харуулж өрөөлдөж хучдаггүй, хоёр ханцуйг нь зөрүүлж эвхдэггүй, хүний эрхэнд хүлэгдэхийн ёр гэж үздэг. Мөн дээлийг толгой дээгүүр нөмрөх нь ялтан болохын дохио, энгэр заам задгай байх нь гэр бүл салж сарних бэлэвсэрч хагацахын шинж хэмээнэ. 

Товчийг үмхэж аманд зуух буюу хазаж зууваас өнчрөлийн дохио гэж үздэг. Хожим нь халх эхнэрийн дээл түнтгэр мөртэй болжээ. Энэ нь урьдын их дайн самуунд халхын эрчүүд үрэгдсэн тул эмэгтэйчүүд дайнд мордож ханцуй юугаа шамлан ихэд баатарлаг байлдан ялжээ. Иймд халхын хүүхнүүдийн баатарлаг гавьяаг тэмдэглэх болж ханцуйгаа шуун мөрөө давтал хунируулан овойлгож дайтаж явсан учир ханцуйн дээд угийг мөрөөс нь илүү гаргасан хувцас хийжээ. 

Ингэж халх эмэгтэйчууд дээлийн мөр түнтгэр хэлбэртэй болсон нь бүсгүйчүүдийн ялгуулсан гавьяаг илтгэж буй хэрэг аж. Энэчлэн Монгол үндэсний хувцасны зах ханцуй зэрэг хэсэг бvp нь цаанаа билэгдэл, зан үйл, түүx домгийг агуулж байдаг юм.


Тэгш төрийн дээл  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй