Шууд Chart

"Урвуулагч" хэмээх шороон гахай жилд зүг, мөр гаргах нь...

2019-02-05 06:00:00

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, Шинжлэх ухааны академийн академич, МУИС-ийн профессор, зурхай судлаач Л.Тэрбиш Урвуулагч хэмээгч шороон гахай жилийн өнгийг уншигч танд айлтгаж байна.

Урвуулагч хэмээх шороон гахай жил нь 60 жил дотор нэг л давтагдана. Яагаад Урвуулагч хэмээн нэрлэсэн юм бэ гэхээр ажил үйл урагштай, ахин дахин дэвшиж байхыг билэгдэн нэрлэсэн хэмээн багш нар айлдаж байсан. Энэ жил бол айх аюулгүй, өвчин зовлонгүй, аятай сайхан жил болно. Гарч буй жилийг сонжихдоо тухайн жилийн байр байдлаас гадна тэр жилд тодорхой нөлөө үзүүлдэг гараг эрхсийн хөдөлгөөнийг тооцоолон боддог. Хамгийн нөлөөтэй эрхсийг тэр жилийн эзэн од гэдэг. Монгол зурхайд билгийн болон аргын тоолол байдаг. Мөн 12 ордын тоолол бий.

Таван гарагийн хөдөлгөөнийг тооцоолон бодоод тэр дундаа пүрэв гарагийн байрлалыг тухайн жилийн хонины ордонд орж буй өдөр ямар одтой тохиож байгааг тогтоож, тухайн тохиож буй одыг жилийн эзэн од гэдэг. Энэ жил гар од нэртэй эзэн од тохиосон. Энэ одны хаялга нь дээд буяны багц садангууд ба угсаа сайтай төрөлхтний эд элбэг арвижна, амьтан бүхнээ амгалан болно, номоор явагчдад саад тотгор үгүй болно. Ном гэдэг нь засна гэсэн агуулгатай. Тэгэхээр иргэд хуулиа сайн сахих хэрэгтэй. Нөгөө талдаа номын ёсоо сайтар баримтлавал хамаг ажил бүтэх сайн жил. Дараагийн нэг нөлөөтэй эрхэс бол хаан гараг. Энэ жилийн хувьд хаан гараг нь бархасбадь гараг байгаа тул өргөл өглөг хоёр арвижна, ертөнц тэнгэрээр тэтгэгдэж үр жимс тэргүүтэн дэлгэрнэ, морь мал үржиж, хур цагтаа бууна.

Хаан гараг байгаатай адил түшмэл гараг гэж бий. Энэ жилийн хувьд хаан гарагаа дагадаг, түшмэл гараг нь Адьяа гараг. Гал махбодтой гараг учраас түймэр, галаас өдөөгдсөн өвчин, ер нь галын шинж чанартай сөрөг зүйлс гарч магадгүй тул анхаарах хэрэгтэй. Мөн монголчууд хүчтэй зүйлийг галаар дүрсэлдэг. Тиймээс дэлхий дахины хүрээнд цэрэг хөдлөх, хямрал тохиох зэрэг зүйлс гарч болзошгүй.

Монгол зурхайд буух 12 ордны зурлага энэ гахай жилд ямар байх вэ

Энэ жилийн хувьд хумх, загас, хонь, хилэнцийн ордод нар байрлана. Ийн байрлаж буй үед хур ус цагтаа бууна. Эд агуурс элбэг шинэ, хүмүүсийн сэдсэн аливаа ажил үйлс бүтэх нигууртай сайхан байна. Мэлхий, арслан, охин, жинлүүр, нумын ордод байрлаж байгаа үед хянуур болгоомжтой, аливаа ажил үйлсээ сэрэмжтэй сайн хийх нь зүй. Үхэр, хамтатгах, матрын ордод нар байрлах хэсэг хугацаа гарна. Энэ хугацаа өвөл гэж бодвол цасан шуурга шуурах, дулааны улиралд мөндөр хяруу цохих,  хүчтэй бороо салхи гарах магадлалтай. Хүмүүсийн байр байдал сэтгэл жаахан донслонгуй маягтай, юмыг яарч хийвэл анхаарал болгоомжгүй зүйлд өртөгдөж магадгүй. Тиймээс энэ байдлаа анхаарах нь зүй.

Шороон үхрийн зураг

Энэ жилийн шороон үхрийн хувьд амаа хамхисан, толгой бие нь шар, омруу нь цагаан, ногоон ходоодтой, дөрвөн шийр нь шар, хөх эвэр сүүл чихтэй үхэр аажуухан алхаж явна. Үхэр хариулаач нь олсон шилбүүр барьсан өвгөн настай хүн бөгөөд цагаан царайтай, улаан дээл, хөх бүстэй, баруун гутлаа зүүн талдаа бүсэндээ хавчуулж, зүүн гутлаа өмссөн үхрийнхээ баруун талд алхаж байна. Үхрийн байр байцыг харахад шар өнгө дийлэнх бий. Тэгэхээр шороон гахай жилд үр тариа, төмс ногоо сайн ургах шалтгаантай. Шим ертөнцөөс нь ярих юм бол тачаал, урин, мунхаг гэсэн гурван муу сэтгэлээс үндэс авч ургадаг өвчнүүд бий. Хурмал өвчин гэдэг нь энэ гурав гурвуулаа хавсарсан өвчин. Тийм өвчин өчүүхэн гарч магадгүй. Тэгэхээр урин, мунхаг, тачаах сэтгэлээ сайн дарж авах нь авууштай. Шороон үхрийн толгой шар учир ихэс дээдэс, ард түмэнд амгалан. Ходоод ногоон байгаа нь жилийн дундуур өвс ногоо сайн байна. Бие нь шар байгаа нь түрүүнд дурдсантай адил өвс ногоо сайн гарна. Ялангуяа жилийн дундуур аштай тавтай байна. Эвэр, сүүл, чих улирлуудын адгийг билэгдсэн байдаг. Тиймээс хөх байгаа нь жаахан салхитай ч, өвс ногоо сайтай байна гэсэн шинжийг илтгэж байна. Омруу цагаан байгаа нь улирлын болон сар бүрийн эхээр буюу хүйтний улиралд цас орох, дулааны улирал бороо хур орох, мөндөр шамарга цохих шинж чанартай. Дөрвөн шийр нь цагаан болохоор улирлын адгаар эсвэл намрын адгаар мөндөр цохимтгой жил болно.

Үхэр хариулаач настай хүн үхрийн зүүн талд явж байгаа учир хэл ам, хэрүүл тэмцэл гарч магадгүй. Нөгөө талаас мал адгуусад харшлах, малын өвчин гарах талтай. Үүнийг анхаарах хэрэгтэй. Цаашлаад олсон шилбүүртэй байгаа учир зон олонд амгалан. Өвгөн хүн учир өвгөдөд амгалан. Идэр залуу улсад жаахан ширэвтэй, жижиг нялхаст харшлах шалтгаантай. Өвгөн гэдгийн цаана их өндөр суудалд сууж байдаг хүн буюу хуучин ёсоор яривал ноёдыг хэлж байна. Одоогоор бол төрийн гурван өндөрлөг байна. Идэр залуусын цаана буюу их хурлын гишүүд, нутаг хошууны захирагч, дарга нар зэрэг улсад жаахан ширүүхэн байж болзошгүй. Тиймээс анхаарамжтай. Нялхсын цаана нийт зон ард олны боддог болохоор ард түмэн олон нийтэд сөрөг нөлөө гарч болзошгүй юм байна. Эхэндээ булингаргүй бол адагтаа булингаргүй гэж хэлдэг. Дээр сууж буй хүмүүс нь түрүү хэлсэн байр байцтай байх нь. Тэгэхээр доошоогоо анхаараад явбал сайхан болно. Хөгшчүүл “ноёд хоорондоо хэрэлдээд байвал ногоо ургахгүй” гэдэг. Үхэр хариулаач өвгөн цагаан царайтай учир зон олон цагаан цайлган сэтгэлтэй байвал ажил хэрэг бүтнэ. Бүс нь хөх байгаа болохоор энэ жил нийтдээ аштай тавтай.

Засал номын тухайд

Монгол зурхайд амьдын, бэрийн, үхэгсдийн гурван зурхай бий. Амьдын зурхай тухайн бодгалийн төрсөн жил, сар, өдөр, цагаас нь хөөгөөд ерөнхий байрыг гаргахаас гадна энэ жил ямар махбодтой, ямар жил морилж ирж байна гэдгийг нь харгалдуулаад цаг цаглабараас ямар засалтай вэ гэдгийг анхааруулдаг. Жил орох, мэнгэ голлох зэргийн бүх л заслыг нэг бүрчлэн яривал цаг багтахгүй.

Сайхан жил шувтраад өнгөрлөө. Монголчуудын амны хишиг сайн учир зуд турхангүй сайхан жил өнгөрлөө. Сайн жил морилж, ирж байна. Өндөр настай азай буурлууд, амин гавьяатуудад урт удаан наслахыг ерөөе. Дунд эргэм насныхан ажил хөдөлмөрийн амжилт гаргах гэж хамаг л зүйлийг нуруундаа үүрч буй учир мэрийж чармайх нь зүй. Залуус багачуул хүн ахтай дээл захтай учир дээшээ харж, үгэнд нь орж, сургууль цэцэрлэгтээ шамд. Эвт шаазгай луу болно гэдэг. Монголчууд эвтэй найртай байх юм бол бүх юм сайн сайхан болно. Тиймээс уншигч түмэн олондоо юу санасан есөн сайхан хүсэл нь бүтэж, аливаа ажил үйлс нь амуу тариа шиг дэлгэрч, санасан бүх хэрэг нь салуу тутарга шиг арвижихын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Энэ жилийн шинийн нэгэн харагчин тахиа өдөр, мягмар гаригт тохиож байна. Нар өглөө 08.12 минутад мандана. Энэ өглөө нар мандахаас өмнө босч, дээл хувцасаа янзалж, мөрөө гаргавал тэр жилдээ аз хийморьтой байдаг гэж монгол түмэн билэгддэг. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг.


Та бүхэнд Шинжлэх ухааны академийн академич, МУИС-ийн профессор, зурхай судлаач Л.Тэрбишийн гаргасан 17-р жарны шороон гахай жилд гаргах зүг мөрийн зурхайг толилуулж байна.


ГАЛ СУУДАЛ

Эрэгтэй: 2019  2011  2003  1995  1987  1979  1971  1963  1955  1947  1939  1931,

Эмэгтэй: 2015  2007  1999  1991  1983  1975  1967  1959  1951  1943  1935  1927

Галд суусан бол "Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа сууха" тарнийг уншиж галаас гэмтэх хэмээн шүдэнз зураад усанд хийж зүүн хойш, баруун зүгт цацна. Зүг гаргагч нь зүүн урд зүгт гарч, урдаас ирнэ.


ШОРОО СУУДАЛ

Эрэгтэй: 2018  2010  2002  1994  1986  1978  1970  1962  1954  1946  1938  1930

Эмэгтэй: 2016  2008  2000  1992  1984  1976  1968  1960  1952  1944  1936  1928

Баруун зүгт гарч, нар зөв тойрч баруун урдаас ирнэ. Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сүсэглэж "Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа" тарнийг уншиж, шороо чулуу хөдөлгөн тарнийг модонд урьж, зүүн, зүүн урд зүг рүү цацна.


ТӨМӨР СУУДАЛ  

Эрэгтэй, Эмэгтэй: 2017  2009  2001  1993  1985  1977  1969  1961  1953  1945  1937  1929

Төмөрт суусан бол баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ. Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сүсэглэж төмөрт хүрээд "Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа"  тарнийг уншиж, галд урьж, хойт, урд зүг рүү цацна.


ОГТОРГУЙ СУУДАЛ 

Эрэгтэй: 2016  2008  2000  1992  1984  1976  1968  1960  1952  1944  1936  1928

Эмэгтэй: 2018  2010  2002  1994  1986  1978  1970  1962  1954  1946  1938  1930

Зүүн хойш гарч, нар зөв тойрч, баруун хойноосоо ирнэ. Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сүсэглэж "Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа" тарнийг уншаад агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд, зүүн зүг рүү цацна.


УС СУУДАЛ

Эрэгтэй: 2015  2007  1999  1991  1983  1975  1967  1959  1951  1943  1935  1927

Эмэгтэй: 2019  2011  2003  1995  1987  1979  1971  1963  1955  1947  1939  1931

Зүүн гарч, зөв тойрч хойноос ирнэ. Усанд осолдохгүй хэмээн сүсэглэж "Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа" тарнийг уншаад цас, гол дээгүүр гараад тарнийг шороонд урьж, баруун, зүүн хойт зүг рүү цацна.


УУЛ СУУДАЛ

Эрэгтэй: 2014  2006  1998  1990  1982  1974  1966  1958  1950  1942  1934  1926

Эмэгтэй: 2012  2004  1996  1988  1980  1972  1964  1956  1948  1940  1932  1924

Баруун хойш гарч, зүүн хойноос ирнэ. Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сүсэглээд "Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа" тарнийг уншаад шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд урьж, урд, хойт зүг рүү цацна.


МОД СУУДАЛ

Эрэгтэй, Эмэгтэй: 2013  2005  1997  1989  1981  1973  1965  1957  1949  1941  1933  1925

Зүүн урагш гарч, нар зөв тойрч, зүүн зүгээс ирнэ. /Энэ жил огторгуйн хар нохойны ам цог хийморийн зүгт харж буй тул эмийн зүгт гарах/. Модноос гэмтэхгүй хэмээн сүсэглээд "Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа" тарнийг уншаад модонд хүрч, тарнийг төмөрт урьж, баруун урд зүгт, баруун хойт зүг рүү цацна.


ХИЙ СУУДАЛ

Эрэгтэй: 2012  2004  1996  1988  1980  1972  1964  1956  1948  1940  1932  1924

Эмэгтэй: 2014  2006  1998  1990  1982  1974  1966  1958  1950  1942  1934  1926

Урд зүгт гарч, нар зөв тойрч зүүн урдаас ирнэ.Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сүсэглэн "Ум базар падма мамаа бизаяа суухаа" тарнийг уншаад салхинд цаас хийсгэн, тарнийг модонд урьж, баруун хойт, баруун урд зүг рүү цацна.


Тайлбар: Төмөр, Мод суудлын хувьд эр, эм хүмүүний он адил болно.




"Урвуулагч" хэмээх шороон гахай жилд зүг, мөр гаргах нь...  
Үзсэн: 3090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй