Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч хүчит бөхийн барилдаан үзэж сонирхлоо

2019-02-05 07:32:24

ХVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан сар шинийн битүүний өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон сар шинийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгийн даваанаас эхлэн үзэж сонирхов.

Бөхийн барилдааны эхэнд Гандантэгчэнлин хийдийн лам нар бөхчүүд, үзэгчид, нийт ард түмэнд зориулж “Өлзий хутгийн хурын буулгагч их сан”, “Дөрвөн уулын сан”, “Хийморийн сан” тавьж, “Баянхишигийн даллага” дуудлаа. Мөн Монгол Улсын ардын жүжигчин Д.Түвшинжаргал тэргүүтэй уртын дуучид “Асрын өндөр” дууг дуулж, морин хуурчид хуурдсанаар Шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан ёслол төгөлдөр эхэллээ.

Энэ удаагийн барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, С.Мөнхбат нар манлайлан Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нарын улс, аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглосноос:

Шөвгийн дөрөвт:

Монгол Улсын аварга Н.Батсуурь

Монгол Улсын аварга С.Мөнхбат

Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва

Монгол Улсын арслан Ц.Содномдорж нар тунасан юм.

ХАРИН ХVII ЖАРНЫ “УРВУУЛАГЧ” ХЭМЭЭХ ШАРАГЧИН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ 256 БӨХИЙН БАРИЛДААНД:

Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, Алтан Дорнод ХХК-ийн бөх, улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Монос” группийн бөх, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ.

Бөхийн барилдаан дуусмагц Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга их шөвгийн дөрвөн бөхөд “Бахархал”, мөнгөн шагнал гардууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч хүчит бөхийн барилдаан үзэж сонирхлоо  
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй