Шууд Chart

АНУ БНХАУ Бээжин хотноо худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ

2019-02-11 15:14:04

АНУ болон БНХАУ ирэх 14,15-ны өдрүүдэд худалдааны маргаанаа эцэслэх тухай яриа хэлэлцээг Бээжин хотноо үргэлжлүүлэх гэж байна. Энэ удаа хийх хэлэлцээнд АНУ-ын талаас, сангийн сайд Стивен Мючин худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер тэргүүтэй төлөөлөгчид оролцох бол Хятадын талаас сангийн яамны өндөр албан тушаалтнууд хэлэлцээнд оролцох тухай хэвлэлүүд мэдээлж байна. Энэ долоо хоногийн дунд үед болох 2 талын хэлэлцээнээс өмнө өнөөдөр Бээжин хотноо 2 талын худалдааны төлөөлөгчид худалдааны хэлэлцээ эхлүүлнэ гэдэг мэдээллийг Эн Эйч Кэй өгч байна.

Шинжээчид 2 орон энэ уулзалтаар тодорхой үр дүн гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байна. Вашингтонд болсон өмнөх яриа хэлэлцээ өндөр үр дүнтэй болсон гэдгийг 2 тал онцолж байна. Тиймээс энэ уулзалтаар 2 талын өмнөх тохиролцоог хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хэлэлцээ болох болов уу гэж таамаглаж байна. Өнгөрсөн 2018 оны 12-р сард Аргентины Буэнос Айрес хотноо болсон Их хорийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд  АНУ,  БНХАУ ын удирдагчдын уулзалт хэлэлцээ болсон юм. Энэ  уулзалтын үеэр 2 удирдагч 90 хоногийн дотор буюу энэ оны  3-р сарын 1-н гэхэд худалдааны шинэ гэрээ байгуулахын тулд хүчин чармайлтаа идэвхжүүлэхээр тохиролцсон юм.

Хэрвээ ирэх 3-р сарын 1-н гэхэд 2 тал тохиролцоонд хүрч чадахгүй бол Хятадын 200 тэрбум америк долларын бараа бүтээгдэхүүнд 10-25 хувийн татвар тогтоож эхлэх юм. Хэрвээ импортын татвар тогтоогоод эхэлчихвэл АНУ Хятадын хооронд худалдааны маргаанаа шийдвэрлэхэд хүндхэн сорилттой тулгарна гэж цаашлаад 2 орны худалдааны дайн улам даамжирхад хүрч болзошгүй гэж анхааруулж байна. Үүний зэрэгцээ Вашингтонд болсон хэлэлцээний дараа ерөнхийлөгч Трамп Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзаж 2 орны худалдааны асуудлаа хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн энэ хэлэлцээг Умардын удирдагчтай хийх дээд хэмжээний уулзалтын дараа Хятадын өмнөд хэсэгт орших Хайнан мужид хийхээр төлөвлөж байгаагаа ч мэдэгдсэн юм.

Ажиглагчид ерөнхийлөгч Трампын мэдэгдлийг АНУ, Хятадын хооронд худалдааны шинэ гэрээ хэлцэл байгуулах асуудалд 2 улсын төрийн тэргүүн хүчин чармайлт гаргаж байна гэж харж байна. Өнгөрсөн оны 3-р сард АНУ-ын талаас Хятадын талд хандаж шударга худалдаа хийх мөн оюуны өмчийг ноцтой зөрчиж байна гэсэн үндэслэлээр импортын татвар тогтоосноос 2 орны хооронд худалдааны дайн эхэлсэн гэж үздэг. Бээжин Вашингтоны хооронд худалдааны маргаан үүссэн цагаас хойш өнгөрсөн оны төгсгөл гэхэд 2 орон, харилцан 300 тэрбум америк долларын үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнд импортын татвар тогтоогоод байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ БНХАУ Бээжин хотноо худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ   
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй