Шууд Chart

Хасан Роуханы: Иран улс шинэ төрлийн пуужинтай болохын тулд гадаадын орнуудаас зөвшөөрөл авах шаардлагагүй

2019-02-12 11:56:51

Иран улс шинэ төрлийн пуужинтай болохын тулд гадаадын улс орнуудаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж тус улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ. Ерөнхийлөгч Хасан Роуханы энэ үгээ даваа гарагт "Исламын хувьсгал ялсны баяр" тэмдэглэх үеэр хэлсэн байна. 1979 онд "Исламын хувьсгал" ялж, Америкийн талыг дэмжигч Ираны шах Мохаммед Реза Пехлавийн захиргаа нуран унасаны 40 жилийн ойгоор Иран улс баллистик пуужингуудаа үзүүлэн цэргийн жагсаал хийлээ гэж Ираны "Тасним" агентлаг мэдээлсэн байна. Мөн баярт оролцсон ард иргэд нь Изриаль, АНУ-ыг эсэргүүцсэн уриа лоозон хэлцгээж байсныг төв телевизээрээ дамжуулсан байна.

Ингээд цугласан олны өмнө Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханы “Иран улс 40 жилийн өмнөхөөс илүү хүчирхэгжсэн. Бид шинэ төрлийн пуужинтай болохын тулд гадаадын улс орнуудаас зөвшөөрөл авах шаардлагагүй. Бид пуужингуудаа хөгжүүлж, цэргийн хүч чадавхиа нэмэгдүүлсээр байх болно” гэж мэдэгджээ.

Түүнчлэн “Иран улс АНУ-тай сэтгэлзүйн дайн хийж ирлээ. Тэднийг ялахын тулд Ираны ард иргэд нэгдэх хэрэгтэй. АНУ-ын талаас хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүд бүтэлгүйтсээр ирсэн” гэж хэлжээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Ираны Засгийн газар ард иргэдээ доройтуулж сүйрүүлсэн. 40 жил үргэлжилсэн авлига, 40 жил үргэлжилсэн дарангуйлал, 40 жил үргэлжилсэн алан хядлага, Ираны дэглэм зүгээр л 40 жил үл бүтэх зүйл хийсэн. Урт удаан хугацаанд зовсон Ираны ард иргэд илүү гэрэл гэгээтэй ирээдүйг хүртэх ёстой” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

Өнгөрөгч 2018 онд эдийн засгийн хямралаас үүдэн Иранд нэг бус удаа эсэргүүцлийн жагсаал болсон юм.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Хасан Роуханы: Иран улс шинэ төрлийн пуужинтай болохын тулд гадаадын орнуудаас зөвшөөрөл авах шаардлагагүй   
Үзсэн: 212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй