Шууд Chart

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илүү санаачилгатай, бүтээлч ажиллахыг анхаарууллаа

2019-02-12 18:00:25

Хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үнэлгээ хийх болон дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Тус ажлын хэсгийн даргаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. Ажлын хэсэгт Монгол банк, Авлигатай тэмцэх газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн комисс зэрэг байгууллагын удирдлага, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар багтжээ.

1990 оноос хойш Монгол Улсад үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын 500 орчим баримт бичиг батлагдсанаас 190 гаруй нь хүчинтэй байна.

Эдгээр баримт бичгийн олонх нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” батлагдахаас өмнө гарсан учраас нэршлийн хувьд хуульд нийцээгүй, хэрэгжих хугацааны хувьд замбараагүй, хуулийн шаардлага хангахгүй, урт хугацааны зорилго, зорилтуудыг хангахад чиглээгүй, хоорондын уялдаа сул, бодлогын нэгдмэл цогц байдал алдагдсан гэдгийг Үндэсний хөгжлийн газраас танилцуулж байлаа.

Бодлогын баримт бичгүүдийг үнэлэх ажлын үр дүнд үндэслэн уялдаа хангахгүй байгаа баримт бичгүүдийг хүчингүй болгох, шинэчлэн боловсруулах, цөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргана. Түүнчлэн баримт бичгүүдийн үнэлгээний ажил нь цаашид хөгжлийн бодлогыг дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлнэ гэдгийг Ажлын хэсгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Өмнө гарсан бичиг баримтуудыг нягталж, үнэлж дүгнэе. Үнэлгээнд тулгуурлан дараагийн 20-25 жилийн хөгжлийн төсөөллийг гаргая гэлээ. Энэ ажилд цаг зав, сэтгэл гаргаж, илүү санаачилгатай, бүтээлч ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэхэд анхаарч ажиллана. Зөвхөн өчигдөр, өнөөдөр биш ирээдүйг төлөвлөж, хамтын төсөөлөлтэй болъё. УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн намуудын түвшинд Монгол Улс ийм бодлогоор хөгжинө гэсэн нэгдсэн бодлоготой болох нь зүйтэй гээд энэ бодлогыг тодорхойлон гаргах хүмүүс нь төрийн албанд удирдах албан тушаал хашиж буй та бүхэн юм гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илүү санаачилгатай, бүтээлч ажиллахыг анхаарууллаа  
Үзсэн: 366 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй