Шууд Chart

А.Алтанжолоо: Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалт тогтмол зохион байгуулж байна

2019-02-13 11:17:55

Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших” сургалтыг долоо хоног тутам явуулж байна. Энэ талаар сургалтын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилэн, цагдаагийн ахмад А.Алтанжолоотой ярилцлаа. 

- Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, халдгалах аюулгүй ажиллагааны талаар сургалтыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

- Сүүлийн жилүүдэд Галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул худалдан авах, ашиглах, эзэмшихтэй холбоотой сургалт явуулах зайлшгүй шаардлага гарсан. Яагаад гэвэл галт зэвсгийг буруу ашиглаж, хадгалах юм бол маш аюултай. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12 ны өдрийн А/72 дугаар тушаалаар “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалт”-ыг манай төвд явуулахаар баталж, 2016 оноос энэ сургалтыг мэргэжлийн түвшинд зохион байгуулж байна.

- Сургалт ямар хугацаанд үргэлжилэх вэ? Хичээлийн агуулгын талаар товч дурьдвал...

- Сургалт хоёр өдөр үргэлжилдэг. Эхний өдөр танхимын сургалтаар галт, зэвсгийн тухай хууль, эрх зүйн зохицуулалт, хадгалалт, хамгаалалт, галт зэвсэг /сум/-ийн бүтэц, аюулгүй ажиллагаа, галт зэвсэг хэрэглэх сэтгэл зүйн бэлтгэлжилт, эмнэлгийн анхан шатны тусламж зэрэг хичээлийг судлана. Хоёр дахь өдрийн хичээл манай төвийн Нарстай дахь хээрийн сургалтын хэсэг /нийслэлээс 75 км/-т болж, суралцагчдад буудлагын шагайвар хийх, буудлага үйлдэх аргачлал, галт зэвсгийн аюулгүй ажиллагааг хангах, сургалтын буудлага үйлдэх дадлагыг явуулдаг. Ингээд шалгалт авч тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгодог юм.

- Сургалтад хамрагдахыг хүссэн хүмүүс ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

- Суралцахыг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, галт зэвсэг ашиглахад харшлах, өвчин, гэмтэл, согогийн жагсаалтад заасан өвчин, эмгэгүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас, нэг хувь цээж зураг төлбөрийн баримт байхад болно.

- Төлбөрөө ямар дансанд хэдэн төгрөг төлөх вэ?

- Сургалтыг долоо хоног бүр тогтмол зохион байгуулж байгаа. Төрийн сан, Сургалтын төвийн 100900012047 дугаар дансанд 150 мянган төгрөг тушаана.

- Зарим иргэдэд сургалтад сурах шаардлагагүй гэрчилгээ олгож байгаа. Ямар шалгууртай вэ?

- Тийм тийм. Буудлага спортын холбооны тодорхойлолт, гэрчилгээний хуулбар, цэрэг, цагдаагийн сургууль төгссөн диплом, дүнгийн хавсралт, тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид олгосон албан байгууллагын тодорхойлолт, гэрээт харуул хамгаалалтын сургалтад хамрагдсныг нотлох гэрчилгээ, Төрийн сан, сургалтын төвийн дансанд 5000 төгрөг тушаасан баримтын хамт байхад болно.

Ярилцсан цагдаагийн ахмад Б.Төгсжаргал


А.Алтанжолоо: Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалт тогтмол зохион байгуулж байна  
Үзсэн: 296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй