Шууд Chart

Хүүхдэд нэр хайрлах зан үйл

2019-02-22 12:46:29

Монголчууд "Нэр бүтэн бол заяа бүтэн" хэмээх нь бий. Монголчуудын дунд шинэ гарсан хүүхдийн угаалга хийх, нэр өгөх зан үйл нь гэрийн төдийгүй төрийн ёсыг хамтад нь агуулсан эрхэм дээд хүндэтгэл юм.

Хүүхдийнхээ угаалга хийх өдрийн өглөө нь эрт босож гэр орноо янзлаад, тавгийн идээгээ засаж цай, цагаалгаа бэлэн болгочихоод бага үд болмогц айл саахалтынхнаа урьж, өөрсдийнхөө өвөө, эмээ, ах дүүгээ зална.

Зочид суудлаа эзэлсний дараа шинэ хүндээ хэн гэж нэр өгөх талаар ярилцаж, хүмүүсийн хэлсэн олон нэрнээс хамгийн сайхан сонсголонтой, зөн билэгтэй, тэр хүүхдийн жил, сар, өдрийн байдалд тохирсон нэрсийг олон хэсэг жижиг цааснаа нэг, нэгээр нь бичиж хуйлаад /сугалаа мэт болгож/ урьдаас бэлтгэсэн дотроо будаатай вааран дотор тараан хийж, дээрээс нь будаагаар бүрхүүлээд ваар савны амыг нь хадгаар бүтээн бурхан шүтээнийхээ өмнө аваачиж тавина.

Ингэсний дараа өвөг эцэг, эмэг эх, авсан эх гурав хамжин хүүхдээ унасан газрын урсгал усаар “бүлээн цай, шөл хийж” угаана. Хүүхдийг угааж өлгийдсөний дараа хамгийн ахмад хүн ваарыг өвөр дээрээ аваад хоёр гараараа нар зөв эргүүлэн зөөлөн зайлахад хуйлж хийсэн нэрнүүдээс аль түрүүлж гарч ирснийг нь эцэг, эх хоёрын аль нэгээр авахуулж задалж, тэнд бичигдсэн нэрийг хүүхдэд өгнө.

Хэрвээ хүүхэд эрэгтэй бол баруун чихэнд нь, эмэгтэй бол зүүн чихэнд нь нэрийг гурван удаа аяархан хэлээд өлгийтэй хүүхдээ хоёр гардан өргөж хүмүүст дуулдахаар нэрийг нь гурван удаа хэлээд орон дээр нь тавина.

Цугларсан олон адууны хүн үү, аль эсвэл тогооны хүн үү гэж асуугаад авчирсан бэлгээ өгнө. Ёслолын эцэст хүүхдэд хандан:

Эх, эцэгтээ энэрэлтэй

Элэг садандаа түшигтэй

Эх орондоо гавьяатай

Эрхэм сайн хүн болохын

Эетэй сайхан ерөөлийг

Энд дэвшүүлж айлтгая гэж ерөөнө. Хүүхдийг угаах, нэр өгөх ёслолыг ийнхүү хамтатган хийдэг нь нарийн учир уялдаатай юм. Эрдэнэт хүний биеийг олоод эцэг, эхээс хайрласан нэр төрөө эрхэмлэн хамгаалж ирсэн түүхтэй ард түмэн билээ бид. 

“Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олдог”, “Нэр хугарахаар яс хугар”, “Хүн нэрээ, тогос өдөө” гэх мэтээр эртнээс нааш монгол түмэн нэр төрөө эрхэмлэн дээдэлж иржээ. 


Хүүхдэд нэр хайрлах зан үйл  
Үзсэн: 1591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-23 08:51
Баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй