Шууд Chart

Экспертүүд МҮОНРТ 2018 онд үүргээ сайн биелүүлсэн гэж дүгнэв

2019-02-28 14:05:48

МҮОНРТ “Үзэгчдийн аудит” 120 минутын шууд ярилцлагын нэвтрүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Тус нэвтрүүлгээр үзэгчдийн төлдөг татвар хураамж болон улсын төсвөөс олгодог мөнгийг олон нийтийн радио, телевиз хэрхэн зарцуулдаг болон өнгөрсөн жил МҮОНРТ-ийн Үндэсний телевиз, “Монголын мэдээ”, “MNB спорт”, “MNB world” суваг болон Монголын радиогийн нэвтрүүлсэн мэдээ мэдээлэл, контентын талаар, цаашдын төлөвлөлтийн тухай нээлттэй ярилцсан юм.

“Үзэгчдийн аудит” шууд ярилцлагын нэвтрүүлэгт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, судлаач О.Гомбожав, олон нийтийн байгууллагыг төлөөлж Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нарын эксперт, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц болон сувгийн захирлууд, хөндлөнгийн ажиглагч, шинжээч, судлаач, салбар бүрийн төлөөлөл, үзэгчдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц “Манай хамт олон 2018 онд үйл ажиллагаагаа тэлж, хөтөлбөр, нэвтрүүлэг бодлогоо зайлшгүй өргөтгөх шаардлага гарсан. Энэ хүрээнд “MNB спорт”, “MNB world” сувгаа нээж, эфирээ цацаж эхэлсэн.

Тоон хэлээр санхүүгийн бүх ажиллагааг дүгнэж болдог. Гэтэл МҮОНРТ-ийн үзэгчид өдөр тутмын сонин, цахим сайтаас манай санхүүгийн тоон тайланг тэр бүр уншиж, танилцаж амждаггүй болов уу. Тиймээс 2018 онд МҮОНРТ-ийн дөрвөн сувгаар гаргасан контентийг үзэгчдээрээ хянуулж, дүгнүүлэх, үзэгчдээс ирж буй санал хүсэлтийг 2019 оны хөтөлбөрийн шинэчлэгдэх гэж буй бодлогод багтаах зорилгоор “Үзэгчдийн аудит” шууд ярилцлагын нэвтрүүлгийг зохион байгуулж байна. МҮОНРТ-ийн нэгдүгээр суваг буюу Үндэсний телевиз, “Монголын мэдээ” суваг 2017 оны нэгдсэн дүнгээр 756 мянган минут нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэсэн. Тэгвэл 2018 онд МҮОНТ, Монголын мэдээ, “MNB world”, “MNB спорт” суваг нэг сая 382 мянга 400 минутын нэвтрүүлгийг үзэгч олондоо хүргэсэн байна” гэв.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз 2018 оныг Шилдэг контент үйлдвэрлэгч хамт олны жил болгож ажилласан. Мөн “MNB спорт” сувгаа нээж, спорт олимпизмаар дамжуулан бүх насны үзэгчдэд эрүүл мэнд, бие бялдар, оюун санааны боловсрол олгох, спортын бүхий л төрлийг олон нийтэд сурталчлан таниулах бие даасан суваг болгохоор ажиллаж байна. Түүнчлэн “Гадны үзэгчдийн мэдээллийн эрэлт хэрэгцээг бүрэн хангасан Монгол Улсын соёл, ёс заншил үүх түүх, өнөөгийн байдлыг дэлхийд таниулах зорилготой “MNB world” сувгаа нээж, эфирээ цацсан. Үүнээс гадна өнгөрсөн жид МҮОНТ HD форматад бүрэн шилжсэн бөгөөд студи 150, 600 болон “Монголын мэдээ”, “MNB world”, “MNB спорт” сувгийн эфирийн студэд техникийн шинэчлэл хийсэн билээ.

“Үзэгчдийн аудит” шууд ярилцлагын үеэр МҮОНРТ-ийн дөрвөн сувгаар өнгөрсөн онд үзэгчдэд хүрсэн нэвтрүүлэг, контентын агуулгатай холбоотой дүгнэлт, цаашдын бодлого төлөвлөлтийн талаар зургаан эксперт өөрсдийн байр сууриа хуваалцлаа.

2018 он МҮОНРТ-ийн болон үзэгчдийн хувьд амжилтын жил байлаа

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар “МҮОНРТ бусад арилжааны телевизүүдтэй харьцуулахад Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Нэвтрүүлэг, контентоо үндэсний хэмжээнд бэлтгэж хүргэдэг онцлогтой. Тодруулбал, хувийн телевизүүдийн орхигдуулдаг мэдээ мэдээллийг нөхөх нь олон нийтийн статустай телевизийн гол онцлог. МҮОНРТ өнгөрсөн онд энэ үүргээ биелүүлж ажилласан гэж үзэгчийн, мэргэжлийн судлаачийн хувьд үзэж байна. Олон нийтийн телевиз өнгөрсөн онд өргөн хүрээнд ажилласан. Тухайлбал, спортын, гадаад хэл дээрх зэрэг шинэ суваг нээж, ажиллуулсан нь маш амжилттай хэрэгжсэн. Аливаа ажлын эхлэл тухайн ажлын тал нь байдаг. Энэ утгаар нь авч үзвэл өнгөрсөн он МҮОНРТ-ийн болон үзэгчдийн хувьд амжилтын жил байлаа. Энэ онд МҮОНРТ-ийн сувгуудад өнгөрсөн жилийн ололт амжилтаа улам бататгах, үзэгчдийн чухам хүсэж хүлээж буй нэвтрүүлгүүдийг олон нийтийн статусын түвшинд хүргэж, чанарыг нь сайжруулах, илүү өргөн дэлгэр болгох шаардлага тулгарна”.

МҮОНТ-ийг хувийн телевизүүдийн ретингтэй харьцуулж үнэлж дүгнэх нь өрөөсгөл

Эксперт, судлаач О.Гомбожав “МҮОНТ-ийг хувийн телевизүүдийн ретингтэй харьцуулж үнэлж, дүгнэх нь өрөөсгөл. Манай “Maxium media” компанийн 2018 оны тайлан удахгүй гарах гэж байгаа. Энэ тайлангаас харахад МҮОНРТ-ийн нэгдүгээр суваг топ гурван сувагт орсон. Үүнээс үзэхэд МҮОНТ-ийн контент үзэгчдийн таашаалд нийцдэг, байр сууриа хэвээр хадгалж байгаа гэж ойлгож болохоор байна. Мөн “MNB world” гадаад хэлний суваг нээлтээ хийсэн зэрэг нь Монгол Улсын соёлын болоод зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх тал дээр ахиц дэвшил гарсан. Мэдээж зах зээл, бизнесийн орчин талаасаа шүүмжлэл байж таарна”.

МҮОНТ арилжааны телевизүүдээс илүү өндөр хариуцлага хүлээдэг

Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Иргэдийн шударга шүүх ТББ байгуулагдаад өнгөрсөн 13 жилийн хугацаанд төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт хариуцлага тооцох асуудлыг ярьж, хөндсөн. Энэ хүрээнд МҮОНРТ-д жилд 3-4 удаа орж, гарч хяналт тавьж ирсэн. Сүүлийн үед энэ байгууллагын өнгө төрх маш их өөрчлөгдсөн. МҮОНТ арилжааны телевизүүдээс илүү өндөр хариуцлага хүлээдэг, тусдаа хуультай телевиз. Тиймээс хэлэлцүүлгийн чанар агуулгын тал дээр хэлэхэд  зарим зочид ирэхгүй байх зэрэг хүндрэл бэрхшээл байх шиг байна. МҮОНРТ төрийн бусад байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын хамтран ажиллах, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг тунгаан шүүх тавцан индэр нь цаашдаа ч байгаасай гэж хүсч байна”.

МҮОНРТ төр, олон нийтийн өмнө асар их үүрэг хариуцлага хүлээдэг

“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө “Би МҮОНРТ-ийн мэдээ мэдээллийн хөтөлбөрийг хамгийн сайн үздэг үзэгч нь учраас энэ чиглэлээр өөрийн сэтгэгдлээ хэлье. МҮОНРТ бол хагас зуун жилийн түүхтэй, үндэсний болон олон нийтийн статустай, төр олон нийтийн өмнө асар их үүрэг хариуцлага хүлээж байгаа телевиз гэж иргэний хувьд бодож явдаг. Мэдээллийн хөтөлбөрт хэд хэдэн том шинэчлэл хийгдэж байгаад баяртай байна. Үзэгдлийг тоочих биш тухайн үзэгдэл гарч буй учир шалтгаан, энэ асуудалд төр иргэн, олон нийтийн оролцоо болон гэгээрүүлэх ажлыг багцаар хийх технологи сүүлийн үед нэвтэрч байгаад баяртай байгаа. Жишээлбэл, байгаль орчноо хамгаалах, шинэ бүтээн байгуулалт, халдварт өвчний тархалттай нийтээр хэрхэн тэмцэх талаар гэх мэтчилэн тодорхой мэдээллийг багцалж, туурвих, төр, иргэн ямар үүрэг хариуцлагатайгаар улс эх орны өмнө тохиолдож байгаа асуудалд оролцох вэ гэдэг дээр гэгээрүүлэх болон шинэ мэдээллээр хангах чиглэлд илүүтэй анхаарч байгаад талархаж явдгаа юун түрүүнд илэрхийлэхийг хүсч байна”.

Олон нийтийн радио, телевиз оршин тогтнох гол үндэс нь олон нийтийн дэмжлэг

Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах “Аль ч улс оронд, Монголд ч олон нийтийн радио, телевиз оршин тогтнох гол үндсэн нөхцөл нь олон нийтийн дэмжлэг байх ёстой. Өөрөөр хэлбэл олон нийт яагаад олон нийтийн радио, телевизээ дэмжих ёстой вэ гэхээр хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу олон нийтийн радио, телевиз олон нийтийн ашиг сонирхлын манаанд зогсож байдаг. Чанартай мэдээллийг өгдөг. Олон ургалч, нийгмийн янз бүрийн бүлэгт зориулсан төрөл бүрийн мэдээллийг хүргэх үүрэгтэй телевизийн үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд олон нийт өөрсдөө тодорхой хэмжээний хураамж төлдөг. Хураамж төлснийхөө төлөө эргэн хариуцлага нэхдэг, хэрэгцээ шаардлагатай болон болж байгаа, болохгүй байгаа зүйлийг илэн далангүй илэрхийлдэг, шүүмжилдэг, үйлчилгээгээ авсныхаа төлөө олон нийтийн радио, телевизээ дэмждэг тогтолцоотой байх ёстой.

МҮОНРТ “Үзэгчдийн аудит” зохион байгуулснаар олон нийтийн телевиз яагаад төсвөөс дэмжлэг, иргэдээс хураамж авдаг, яагаад Монгол Улсад тусгайлсан хуультай радио, телевиз байх ёстой гэдгийг үзэгч, сонсогчдод ойлгуулах гол алхам боллоо гэж ойлгож байна. Тэр утгаараа нээлттэй, үзэгчидтэй шууд харьцсан, олон сувгаар нэгэн зэрэг шууд дамжуулсан, илэн далангүй, захирлуудаа суулгаж байгаад шууд хариулт авсан, ямар нэгэн монтажгүй үзэгчдийн шууд аудит зохион байгуулж байгааг дэвшил гэж харж байна. Олон нийтийн радио, телевизийн хууль 2005 онд батлагдаж, дараа оноос нь хэрэгжиж эхэлсэн. Хэвлэлийн хүрээлэнгээс тэр шилжилтийн үйл явцыг хэрхэн даван туулж, төлөвшиж, арилжааны телевизээс хэрхэн ялгарч байгаа тухай гурван төрлийн мониторингийн судалгаа хийсэн. Хамгийн сүүлд 2014 онд олон нийтийн телевиз, радиогийн өөрсдийнх нь хүсэлт, захиалгаар хөндлөнгийн мониторинг хийсэн. Редакцын хараат бус байдал, нэвтрүүлгийн олон талт байдал, экспертийн үнэлгээ шинжилгээ, олон нийт ямар ойлголт, мэдлэгтэй байна гэдгийг судалж шинжилж байсан. Энэ судалгаанаас харахад иргэд олон нийтийн телевизийн онцлог, арилжааны телевизээс юугаараа ялгарах ёстой талаарх ойлголт муутай байдаг юм байна. Тиймээс үзэгчдэд тайлагнах, нээлттэй байх, асуултад хариулт өгөх чиг хандлагаа үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага бий”.

Олон нийтийн телевизийг давуу эрх эдэлдэг гэж шүүмжлэх нь буруу

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид “МҮОНРТ  тусдаа хуультай, энэ хууль болон олон нийтийн статусын талаар хэрэглэгчид нэн түрүүнд ойлгох хэрэгтэй. Арилжааны телевизийн агуулгаас огт өөр олон нийтэд хэрэгтэй мэдээллийг хүргэх, хүлээж авах, эргэх холбоо үүсгэх үүргийг олон нийтийн радио телевиз хүлээдэг. Олон нийтийн сонирхлыг татсан шоу, цэнгээнт нэвтрүүлгүүдийг түлхүү эфирээрээ гаргаж буй арилжааны зарим телевиз зах зээлийн өрсөлдөөн, хүмүүсийн сонирхлыг татсан дуулиан шуугианы араас явдаг. Харин олон нийтийн статустай телевиз олон нийтийн зайлшгүй мэдэх ёстой мэдээллийг хүргэж, тэнцвэрийг хангаж, орхигдуулсан мэдээ, мэдээллийг нөхөж өгөх үүрэг хүлээдэг. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд болж буй чухал үйл явдлын талаар арилжааны телевизүүд хөрөнгө зарж хүргэхгүй, очиж сурвалжлахгүй байгаа тэр асуудлуудыг хөндөж гаргах ёстой. Энэ ч утгаараа олон нийтийн телевиз аль ч улс оронд маш чухал үүрэг хүлээдэг. Зарим тохиолдолд илүү эрх эдлээд байна, тусдаа хуультай гэсэн шүүмжлэл гардаг. Энэ бол буруу. Манай улсад олон нийтийн телевиз гэдэг энэ статусыг хадгалах ёстой. Учир нь хэрэглэгчдэд хэрэгтэй, үнэ цэнэтэй мэдлэг, мэдээлэл өгөх өнцгийг яалт ч үгүй олон нийтийн телевиз хүргэдэг. Энэ утгаараа МҮОНРТ 2018 онд үүргээ сайн биелүүлсэн гэж судлаачийн хувьд хэлмээр байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Экспертүүд МҮОНРТ 2018 онд үүргээ сайн биелүүлсэн гэж дүгнэв  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй