Шууд Chart

МҮОНРТ-ийн “MNB Sport” сувгийн нэг насны ой өнөөдөр тохиож байна

2019-03-05 12:09:14

МҮОНТ-ийн албан ёсны спортын “MNB Sport” сувгийн нэг насны ой өнөөдөр тохиож байна.

Дээрх сувгийн түүхэнд тэмдэглэгдэх үйл ажиллагааны эхлэл өнгөрсөн жилийн энэ өдөр Спортын төв ордонд болоход Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах нар үг хэлж нээж байв.

Мөн өдөр бүр спортын мэдээ, мэдээллээр үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзаж, хэдийнээ зүс, нэр танил болсон Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Л.Цагаандалай, спортын сэтгүүлч Д.Баярсайхан, Д.Батжаргал нар нээлтийн арга хэмжээг ээлжлэн хөтөлсөн нь зочид, үзэгч, оролцогчдын талархлыг хүлээсэн юм.

Түүнчлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтох, ардын багш Д.Дамдиншарав, гавьяат тамирчин Д.Отгондалай, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн нар хүндэтгэлийн суудалд заларч байлаа.

Тэр үеэр МҮОНРТ-ийн 150 студи, Спортын төв ордноос теле мостоор шууд дамжуулсан юм. 

“MNB Sport” суваг нь өнгөрсөн хугацаанд үндэсний болоод олон улсын спортын томоохон үйл явдлаас мэдээ мэдээлэл, цэнгээнт болон шоу нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэсэн юм.

Гол зорилго нь хүн ардынхаа бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, спортын гоо зүйн сургалт, тэмцээн уралдааныг зохион байгуулахаас гадна тив дэлхий, олимпийн наадам, тоглолт болон эх орондоо зохиогдож байгаа спортын уралдаан тэмцээнийг шууд болон бичлэгээр техникийн болоод уран сайхны өндөр түвшинд үзэгчдэдээ хүргэхэд оршиж буй.

Түүнчлэн үндэснийхээ спортын соёл, өв уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэх, түүний мөн чанарыг ойлгуулах явдал ч тус сувгийн нийтлэлийн бодлогод багтах юм.

Дээрх суваг нь 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ, “Токио-2020” зуны олимпийн наадам зэрэг дэлхийн хэмжээний томоохон уралдаан тэмцээнийг үзэгч түмэндээ шууд дамжуулан үзүүлсэн. Одоо ч дараа дараагийн томоохон тэмцээн, уралдааныг шууд болон шууд бус хэлбэрээр үзэгчиддээ дамжуулахаар бэлтгэж байна.

Дашрамд хэлэхэд, "MNB Спорт" спортын төрөлжсөн сувгийг Дидш, Юнивишн, Скаймедиа, Сансар, MNBC зэрэг кабелийн телевизийн 67 дугаар сувгаар дамжуулж байгаа билээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ-ийн “MNB Sport” сувгийн нэг насны ой өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй