Шууд Chart

“Бөмбөгөр ногоон театр” гэрэл зурагт мөнхрөнө

2019-03-07 13:44:30

“Бөмбөгөр ногоон театр”  гэрэл зургийн цомгийн нээлт Монголын театрын музейд боллоо.

Тус музейн хамт олон уг театрын тухай архивын баримт цуглуулах, эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд оруулах, гэрэл зургийн нэгдсэн сан хөмрөг үүсгэх зорилгоор дээрх гэрэл зургийн цомог бүтээжээ.  Энэхүү цомогт нийт 60 шахам архивын баримт, 500 гаруй гэрэл зураг, баримт бичиг зэрэг багтжээ.

Түүхийн хуудсыг сөхвөл Монгол Улсын соёл урлагийн гал голомт болсон Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу олон түмний хэлж заншсанаар “Бөмбөгөр ногоон театр” нэгэн зууны тэртээ нийслэл Улаанбаатар хотын төвд одоогийн Төрийн ордны зүүн урд хэсэгт олон түмний тус дэмээр 1927 оны долдугаар сарын 9-ны өдөр сүндэрлэн боссон гэдэг.

Тус театрын зураг төслийг тухайн үед Монголд амьдарч байсан Мажар иргэн, инженер Иосеф Гелеьа зохиож монгол, хятад барилгачдаар бариулжээ. Ингэхдээ монгол гэр болон тоорцог малгайн хэлбэрийг дууриалган бөмбөгөр оройтой, баганагүй театр барьсан аж.

Мөн том дугуй хэлбэрээр ханыг босгож, түүний дотор давхар дугуй хонгил гаргасан агаад цул модон дээврээ олон давхар эсгийгээр бүрж, дахин төмрөөр дээвэрлэн ногоон өнгөөр буджээ. Дээврийн зүүн, баруун урд талд тоо хэлбэрийн цонх гаргасан тул өглөө, оройн нар чөлөөтэй тусдаг байжээ.

Театрын үзэгчдийн суудлын тооны талаар түүхэн баримт материалд янз бүрээр бичсэн  байдаг боловч найруулагч, зохиолч Д.Намдаг 500 хүний суудалтай байсан хэмээн бичсэнийг үндэстэй гэж үздэг. Тус театрынхан Богд хааны ордноос шилжүүлсэн баяд, ноёд хатадын тансаг дээл хувцас, гоёл чимэглэлийн нандин эдлэлийг тоглолтдоо хэрэглэдэг байсан аж.  Тус театрт 1949 оны нэгдүгээр сарын 15-нд гал гарснаар том гарз хохирол дагуулжээ.

Сонирхуулахад, тус гэрэл зургийн цомгийг Монголын театрын музей болон Үндэсний төв архив, Гадаад харилцаан төв архивт хадгалагдаж буй ховор баримт гэрэл зургийг ашиглан бүтээсэн байна.



Нийтэлсэн: У.Баярсайхан

“Бөмбөгөр ногоон театр” гэрэл зурагт мөнхрөнө   
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй