Шууд Chart

Бага идвэл урт насална

2019-03-12 14:00:00

Мөнхийн залуу настай холбоотой үлгэр домог бараг соёл бүрт бий. Харин урт наслах, залуу хэвээр үлдэхийн нууцыг шинжлэх ухаанчаар судалж эхэлсэн нь саяхан буюу ердөө өнгөрөгч зуунаас эхтэй. Гэсэн ч хөгшрөлттэй холбоотой олон зүйл өнөө ч учир битүүлэг хэвээр байна. Яаж урт наслах вэ, хэрхэн залуу хэвээр үлдэх вэ гэдэг олон асуултад ихэнх эрдэмтэн калори буюу илчлэг багатай хоол хүнс хэрэглэх гэж хариулдаг.

Калорийг хязгаарлах нь лабораторийн амьтдын насыг уртасгаад зогсохгүй тамир тэнхээ муу хүмүүст ч гойд өөрчлөлт авчирсан нь тогтоогдсон. Тодруулбал, өвчин эмгэгээс ангид байхад калорийн хэмжээ онцгойлон нөлөөлдөг. Гэхдээ сүүлийн үеийн нарийвчилсан судалгаануудаас харахад илчлэг багатай хоол хүнс хэрэглэх нь бүхнийг шийдэгч бас биш гэнэ. Харин хүнсээ бүхлээр нь багасгаж, бага идэх нь эрүүл байх, урт наслахад хамгийн зөв шийдэл гэж мэргэжилтнүүд үзэх болж.

Калорийг тусгайлан судлах нь 1935 оноос буюу калорийг нь зориудаар багасгасан лабораторийн харх бусдаасаа удаан амьдарч буйг судлаачид анзаарснаас хойш эрчимжжээ. Өдгөө калори багатай хоол хүнсээр тэжээгдсэн өт, хулгана, ялаа гээд олон амьд биет ердийн хүнстэнүүдээс хавьгүй урт насалдаг нь хэдийнэ батлагдаад буй. Хулгана л гэхэд хүнс тэжээлээс нь калорийг 30-50 хувиар хасахад 50 хүртэлх хувиар илүү хоног амьдарчээ.

Энэ нь сүүн тэжээлтнүүдэд илүү хамаатай. Калори багатай хоол хүнс хэрэглэж, аль болох бага идэх нь хорт хавдар, зүрхний шигдээс, чихрийн шижин, болон мартагнах зэрэг олон өвчнөөс бие махбодийг хамгаалдаг байна. Гэсэн ч бага идэхийн ач тус, эерэг нөлөөнийх нь шалтгааныг мөн л бүрэн судлаагүй. Хоолны нарийн дэглэм барих нь бие махбодийг өөрчилдөг ч тэжээлийн хомсдол тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан өсөлт болон нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг.

Дээр дурдсан олон амьтан шиг хүнийг лабораторийн орчинд туршиж болохгүйд хамаг учир оршино. Сайн дурын ч бай хэнийг ч зориудаар өлсгөх боломжгүй тул эрдэмтэд резус макак бичийг 20 жил судалжээ. Хулгана, шавж хорхойноос илүү хүнтэй гарвал ойр нь тодорхой тэрхүү амьтныг арван настайд нь буюу хүнтэй харьцуулахад нас, бие гүйцсэн идэр насанд нь хоолны нарийн дэглэмд оруулсан байна. Бүлэг макакийн нэг хэсэгт калорийг нь 30 хүртэлх хувиар бууруулсан хоол хүнс өгч байсан бол нөгөөд нь жирийн тэжээл өгдөг байж.

Илчлэг багатай хоол хүнс хэрэглэж байсан хэсгийн нэг ч макак түүхэн дэх хамгийн олон жил буюу 40 орчим жил амьдарсан макакийн амжилтыг эвдээгүй байна. Гэсэн ч өнгөрөгч онд эл судалгаанаас нааштай үр дүн ажиглагджээ. Калори багатай хоол хүнс идэж өссөн макакуудын 80 орчим хувь судалгаа эхэлснээс 20 жилийн дараа ч амьд байсан нь макакийн төрлийн бичнүүдийн дундаж наслалтаас 50 орчим хувиар илүү юм. Мөн хөгшрөлттэй холбоотой өвчин эмгэгээс болж амьсгал хураах магадлал нь гуравны нэг хүртэлх хувиар буурсан байна.

Урт наслалтын олон нууцаас хамгийн үр дүнтэй нь бага идэх юм гэдгийг баталсан өөр нэг нотолгоо хоолны нарийн дэглэм барьдаг хүмүүсийн дунд явуулсан судалгааны дүн юм. 1990-ээд оны эхээр байгуулагдсан Калори хянагчдын олон улсын нийгэмлэг өдгөө 3000 гаруй гишүүнтэй. Хэд наслах нь тухайн хүний зураг төөргөөс илүү хамааралтай ч эрүүл аж төрөх нь гагцхүү өөрөөс шалтгаална. Бага идэх нь хүйтэнд тэсвэргүй болох, шарх удаан аних зэрэг сөрөг талтай ч мацаг барихуйн гайхамшиг хүнийг илүү жаргалтай, илүү эрүүл чийрэг болгодгийг тус байгууллагынхан сурталчилдаг.

Тэдний тооцоогоор калорийн хэмжээг 10-30 хувиар бууруулах нь эрүүл мэндэд хамгийн тустай гэнэ. Гэхдээ хүнсний бусад бүтээгдэхүүнийг яаж ч бага идсэн хүнсний ногооноос татгалзаж болохгүйг дээрх байгууллагын үйл ажиллагааг найман жил судалсан АНУ-ын Сейнт Луисхот дахь Вашингтоны их сургуулийн анагаах ухааны тэнхимийн профессор, Италийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн дэх Хүнс тэжээл, насжилт судлалын салбарын тэргүүн Луичи Фрнтана анхааруулсан байна.

Түүний судалгаагаар зориудаар калори багатай хоол хүнс хэрэглэдэг хижээл хийгээд өтөл настнуудын зүрх эрүүл бус хоол хүнс хэрэглэдэг хүнийхтэй харьцуулахад 15 хүртэлх насаар залуу байдаг нь тогтоогджээ. Калориос гадна уураг буюу протеин хүний эрүүл мэнд, насжилтад онцгой үүрэг гүйцэтгэдэг. Уураг багатай хоол хүнс их хэрэглэдэг хүмүүс мөн калори багатай хоол хүнс хэрэглэдэг хүмүүс шиг бусдаас хавьгүй эрүүл байдаг. Зарим судлаачийн үздэгээр уураг, илчлэгийн аль, алийг хүнснээсээ багасгаж, тэдгээрийг орлох аминдэм, эрдэс бодисыг биедээ авч чадвал хүн 130 хүртэл ч наслах боломжтой аж.


Бага идвэл урт насална  
Үзсэн: 2120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-12 17:20
Үнэн үнэн
Зочин [127.0.0.xxx] 2019-03-12 16:03
matsag
Зочин [127.0.0.xxx] 2019-03-12 15:54
Hodoodniihoo 1/3-iig hooson bailga gej ahmaduud aav eej maani surgadag bsan san

Бидэнтэй нэгдээрэй