Шууд Chart

Авлигаас урьдчилан сэргийлэх сургалт явагдаж байна

2019-03-15 10:25:13

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтыг 2018 оноос хойш үе шаттайгаар зохион байгуулж байна.

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан хуваарийн дагуу 2019 оны хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд 2499 нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулах юм.

Сургалтыг удирдах албан тушаалтан, хууль, хүний нөөц, төсөв санхүү, дотоод хяналт, аудит, худалдан авах ажиллагаа хариуцсан албан хаагч, төрийн албанд шинээр томилогдсон албан хаагч зэргээр эрхэлж буй албан тушаалын онцлогтой нь уялдуулан зохион байгуулж байна.

“Авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөл”, “Авлигаас урьдчилан сэргийлэх арга зам”, “Авлигыг мэдээлэх нь, шүгэл үлээх соёл”, “Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал”, “Төрийн албаны уламжлал, шинэчлэл ба төрийн албаны ёс зүй, үнэт зүйлс”, “Захиргааны хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх эрх зүйн үндэслэл”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” зэрэг сэдвээр Авлигатай тэмцэх газрын албан хаагчдаас гадна Удирдлагын академи, Нийслэлийн прокурорын газар зарим төрийн болон төрийн бус байгууллагын зочин багш нар хичээлийг удирдан явуулж байна.

Энэ оноос бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүлж байна. Бүртгэлийн цахим систем нэвтэрснээр цаас, цаг үрсэн гар ажиллагааг халж, төрийн байгууллага, албан хаагчдад чирэгдэл багатайгаар сургалтыг зохион байгуулах боломж бүрдэх юм. Системийн тусламжтайгаар мэдээллийн сан үүсгэж, түүн дээр суурилсан сургалтыг хэд хэдэн үе шаттайгаар, илүү үр дүнтэй, давхардал, хийдэлгүй, албан хаагчдыг бүрэн хамруулах юм.

Авлигын эсрэг сургалт нь нийтийн албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн холбогдох зүйл заалтуудыг таниулан сурталчлахаас гадна авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах зан үйлд сургаж байгаагаараа ач холбогдолтой юм.


Авлигаас урьдчилан сэргийлэх сургалт явагдаж байна  
Үзсэн: 86 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй