Шууд Chart

“Гэрлэх ёслолын өргөө” үүд хаалгаа нээлээ

2019-03-15 12:06:13

Билгийн тооллын шинийн наймны билэгт энэ өдөр Дархан хотод “Гэрлэх ёслолын өргөө” үүд хаалгаа нээлээ. Дархан-Уул аймгийн ИТХ-аас энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Гэрлэх ёслолын өргөө”-г аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд байгуулжээ.

Энэхүү өргөөг нээж өнөөдөр Өрх гэрийн голомтоо бадрааж, Өргөө гэрийн баганаа түшилцэх гурван залуу хосын гэрлэх ёслол боллоо. Тэдэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат нарын тэргүүтэй аймаг, орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, хан хуурыг дурсгал болголоо.

Ийнхүү Гэрлэх ёслолын өргөөтэй болж, мянга мянган залуу хосууд маань төрөлх хотдоо гал голомтоо бадрааж, гэрлэлтээ ёслол төгөлдөр батлуулах боломж бүрдэж буйд нээлтэнд оролцогчид баяртай байгаагаа илэрхийлж байв.

Гэрлэх ёслолын өргөөг байгуулахад холбогдох яамнаас засварын 40 сая, Орон нутгийн хөгжлийн сангаас доторх тохижилтын 20 орчим сая төгрөгийг шийдвэрлэн аймгийн ГБХЗХГ-ын хоёрдугаар давхарт байгуулсан байна.

Манай аймгийн Улсын Бүртгэлийн хэлтэст жилд 500 гаруй залуу хос гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн баталгаагаа гардаг авдаг байна. Эдгээр хосууд маань өнөөдрөөс эхлэн Гэрлэх ёслолын өргөөнд ёслол төгөлдөр гэрлэлтээ батлуулах, мөн алтан, мөнгөн, очир эрдэнийн ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдлээ.

М.Гүнжилхам
Эх сурвалж: Дархан-Уул аймаг

 


“Гэрлэх ёслолын өргөө” үүд хаалгаа нээлээ  
Үзсэн: 429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй