Шууд Chart

Шинэ Зеландад халдлага гарч, 49 хүн амь үрэгджээ

2019-03-15 17:39:28

Шинэ Зеландын зүүн эрэгт орших Крайстчерч хотод зэвсэгт халдлага гарч, одоогоор 49 хүн амиа алдсан гэж СNN агентлаг мэдээллээ. Тус хотын “Аль-Нур”,“Линвуд” лалын сүмд өдрийн мөргөлийн цагаар дайран орж, үүдийг нь цоожилж байгаад хүмүүс рүү автомат буугаар буудсан байна.  Энэ хоёр сүмд 200-300 хүн байсан аж.

Халдлагын үеэр шархдаж гэмтсэн 48 хүн эмнэлэгт эмчлүүлж байна гэж орон нутгийн цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Тэдний дунд бага насны хүүхдүүд ч байгаа гэнэ. Халдлагыг таслан зогсоох ажиллагааны үеэр цагдаа нар гар хийцийн тэсрэх бөмбөг, галт зэвсгүүд хураан авчээ. Одоогоор гурван эрэгтэй, нэг эмэгтэйг сэжигтнээр саатуулаад байна. Саатуулагдсан этгээдийн нэг нь Австралийн иргэн Брентон Таррант гэгч байна. Мөн тэрбээр халдлагаасаа өмнө 37 хуудас тунхаг бичиг нийтэлж, энэ ажиллагааг хоёр жилийн өмнөөс төлөвлөсөн гээд хийсэн үйлдлээ алан хядах ажиллагаа гэж нэрлэжээ.  Түүний зэвсэг дээр хэт даврагчдын бичгийг олон хэлээр бичсэн байсан гэж нүдээр үзсэн гэрчүүд хэлжээ. Өдгөө 28 настай, хэт барууны үзэлтэй энэ этгээд халдлага үйлдэхээсээ өмнө олон нийтийн сүлжээгээр Германы канцлер Ангела Меркель, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарыг хөнөөхийг уриалж байсан тухай мэдээлсэн байна.

Мөн дуулга зүүсэн цагаан арьст этгээд халдлага үйлдэх үеэрээ утсаараа шууд дамжуулалт хийж байсан гэж сүмд байсан хүмүүс мэдэгджээ. Халдлагын үеэр бичсэн бичлэгийг youtube сайтад тавьсан ч удалгүй устгажээ.

Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн дараа сүмүүдийн ойролцоо тавьсан машинуудаас гар аргаар хийсэн хэд хэдэн тэсрэх төхөөрөмж илрүүлсэн юм. Азаар нэг нь ч дэлбэрээгүй байна.

Халдлагыг маш нарийн зохион байгуулсан байж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байгаа бөгөөд цагдаагийнхан халдлагад оролцсон бүх этгээдүүдийг баривчилсан гэдэгт бүрэн итгэлтэй бус байгаагаа мэдэгдэж байгаа аж. Хотын цагдаагийн комиссар Майк Буш иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ. Түүнчлэн бүх сургууль, төрийн байгууллагуудыг хэсэг хугацаанд хаажээ.

Тус улсын Ерөнхий сайд Жакинда Ардерн болсон хэрэг явдлын талаар дүгнэхдээ "Энэ бол яах ч аргагүй террорист халдлага мөн. Энэ өдөр Шинэ Зеландын түүхэн дэх хар өдөр боллоо" хэмээн хэлсэн байна.






















Шинэ Зеландад халдлага гарч, 49 хүн амь үрэгджээ  
Үзсэн: 526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй