Шууд Chart

"Хүүхэд-Хэрэглэгч" Үндэсний өдөрлөгөөс гарсан уриалга

2019-03-15 19:12:00

Монгол Улсын нийт иргэд, хэрэглэгчид, хүндэт эцэг, эхчүүд Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 121/А/780 дугаар тушаалыг үндэслэн Олон улсын хэрэглэгчийн өдөр болох 3 дугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд хэрэглэгч” сэдвийн хүрээнд улс орон даяар хэрэгжүүлэн Хүүхэд, багачуудыг хэрэглээний зөв дадалд сургах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх мэдлэг олгох ажлууд хийгдэж байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын телевизийн холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран НИЙТ АРД ИРГЭДДЭЭ хандан “Хүүхэд хэрэглэгч”-ийн эрхийг хамгаалах дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах УРИАЛГА гаргаж байна. Үүнд:

1. ХҮҮХЭД БҮР хэрэглэгчийн хувьд, Эх орны ирээдүй болсон хүүхэд, залуусыг эрүүл, чийрэг, зөв хүмүүжил, төлөвшилтэй болгох, аливаа болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэн, төр, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, нийгмийн хариуцлагаа ухамсарласан хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх; 

2. ХҮҮХЭД БҮР хэрэглэгчийн хувьд, Монгол Улсын Соёлын тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай, Гэмт хэрэгтэй тэмцэх тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Зар сурталчилгааны тухай хуулиар хориглосон дайн түрэмгийлэл, айдас төрүүлэх, хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох агуулга бүхий контент, кино, дүрс бичлэгт хуурцаг, зар сурталчилгааг Монгол Улсын өргөн нэвтрүүлгийн орон зай болон цахим орчинд бэлтгэн дамжуулах, түгээхгүй байх;

3. ХҮҮХЭД БҮР хэрэглэгчийн хувьд, Төр засгаас хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, хөгжих эрхийг адил тэгш хангах, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, ялгаварлах, цахим орчинд гэмт хэргийн хохирогч болох, хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь мэдээ, контент, зар сурталчилгаа хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхөөс хамгаалах, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч, хэвлэл мэдээллийн суурь боловсрол олгох, цахим хэрэгслийн зохистой хэрэглээний талаар байнгын сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах;

4. ХҮҮХЭД БҮР хэрэглэгчийн хувьд, Монгол Улсын өргөн нэвтрүүлгийн орон зай болон цахим орчинд хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц агуулга бүхий хүүхдийн нэр төр, алдар хүндэд халдсан, гутаан доромжилсон, зохисгүй үг хэллэг хэрэглэсэн, жендэрийн ялгаварлан гадуурхалт, согтууруулах ундаа, шашны харгис урсгал, зан үйл, хоол, хүнс сурталчилсан контент, кино, зар сурталчилгаанаас хүүхдийг;

5. ХҮҮХЭД БҮР хэрэглэгчийн хувьд, Өргөн нэвтрүүлгийн бүтээлд хүүхдийг эх сурвалжаа болгох, хүүхэдтэй холбоотой сэдэв, агуулга хөндөх тохиолдолд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн зарчмыг мөрдөж ажиллах, аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүний хэрэглээ, ач холбогдол, хор хөнөөлийн талаар ойлголт өгөх өгөх, сургалт явуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хүүхдийн оюун ухаан, сэтгэл зүй, зан үйлд сөрөг нөлөө үзүүлэхүйц, мэдээлэл, сурталчилгаанаас татгалзах, эцэг эхчүүд хүүхдийг буруу үлгэрлэх мэдээллээс хамгаалах.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ
МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБОО
JCI IMPACT Олон Улсын байгууллага


"Хүүхэд-Хэрэглэгч" Үндэсний өдөрлөгөөс гарсан уриалга  
Үзсэн: 332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй