Шууд Chart

661.2 мянган төл бойжиж байна

2019-03-16 09:08:28

Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг 21 аймагт ажиллалаа. Засгийн газрын 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 72 дугаар тогтоол, хоёрдугаар сарын 27-ны өдрийн 82 дугаар тогтоолуудын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, газар дээрх нөхцөл байдалтай танилцав. 

Шуурхай бүлэг орон нутагт ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 хувийн хөнгөлөлттэй олгох 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг эздэд нь хүртээмжтэй хүргэх, дамлан худалдаалах, ах дүү танил тал харгалзан олгох зэрэгт хяналт тавих, гамшгийн үед ажилласан зардал, гарсан хохирлыг үнэн, зөв ирүүлэх, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэмийг устгах зэргийг холбогдох албаныханд үүрэг болгож ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар Увс, Завхан, Хөвсгөл аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн хойд, Баянхонгор аймгийн зүүн, Өвөрхангай аймгийн өмнөд, Өмнөговь аймгийн баруун, Дорнод аймгийн төв хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Үүнээс хамгийн зузаан нь Увс аймгийн Зүүнговь суманд 20 см, Хяргас суманд 18 см, Баруунтуруун суманд 17 см, Малчин суманд 13 см, Завхан аймгийн Яруу, Баянхайрхан суманд 13 см, Завхан аймгийн Улиастай, Тэс суманд 12 см, Хөвсгөл аймгийн Хатгал, Увс аймгийн Улаангом суманд 10 см байгаа юм.

Одоогийн байдлаар төллөх эх малын 2.2 хувь буюу 683 мянган хээлтэгч мал төллөж, 661.2 мянган төл бойжиж байна. Оны эхний нийт малын 0.3 хувь буюу 213.1 мянган толгой мал хорогдоод байна.

Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын мэдээнээс харахад, энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч, шороон болон цасан шуурга шуурна.

Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 хэм хүйтэн, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

 


661.2 мянган төл бойжиж байна   
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй