Шууд Chart

Далайн гүнд амьдардаг ихэнх төрлийн загасны ходоодноос гялгар уут гарчээ

2019-03-18 13:36:41

Дэлхийн зэрлэг амьтдын сан манай гаригийн чандмань эрдэнэ болсон далай тэнгис аль хэдийнээ аюулын харангаа дэлдээд эхэлснийг зарлаад байгаа. Үүнийг хуурай газар шидэгдэн гарч ирж, амьгүй болсон загаснуудын ходоодноос гарч ирсэн гялгар уутаар батлан хэлж болно. Амьтан судлаачид далай тэнгисийн гүнд амьдардаг бүх төрлийн загасанд судалгаа хийхэд тэдний ихэнх төрлийн загасны ходоодноос хуванцар хог хаягдал, үүний дотроос гялгар уут гарч ирсэн байна. Энэ нь загас гялгар уутыг хоол тэжээлээ болгон орлуулсныг илтгэж байгаа хэрэг юм.

Их Британийн Нью-Каслийн их сургуулийн судлаачид хуванцар хог хаягдлын хэмжээ хуурай газарт ч , далай тэнгисийн усанд ч их хэмжээний сөрөг үр дагавар авчирч байгаа явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Жигүүртэн амьтад хүртэл хуванцар хог хаягдлаар хооллодог болсон нь хүмүүс бид ухамсартаа хог хаягдал шиг бодолтой болсныг тод томруунаар харуулж өгч байна. дэлхийн 5 тивийн хуурай газар дээрх хуванцар хог хаягдлын тоо хэмжээг барагцаагаар тооцоолж болох байх. Харин далай тэнгисийн уснаа үүрд гэж хэлж болохоор шингэж үлдэж байгаа хог хаягдлыг хэлэхэд хэцүү байх. Тэр тусмаа усны мандал дээр хөвөх бус харин далайн ёроолд хэвтэх гялгар уутыг хэдий хэмжээний их байгааг бодох тусам хуванцар эд зүйлийг үйлдвэрлэж эхэлсэн тэр цаг хугацааг бодох ёстой байх. Энэ зүйл дэлхийд ховордоо байгаа загасны төрлийн амьтад болон яст мэлхий, халимны учир битүүлэг үхлийн гол шалтгаан нь болсоор байна. Зүй ёсоор бол байгаль дэлхий, ан амьтад өөрсдөө амьдрах эсэхээ тэнцвэрт байдлаа тохируулдаг. Харин үүнд хүний хүчин зүйлээс улбаалсан үйлдэл шууд нөлөөлж байна.

Судлаачид Японы тэнгист мөн дэлхийн бусад өнцөг буланд орших тэнгисийн гүнд судалгаа хийж явуулсан. Ингэхдээ мянган метрийн гүнд очиж, тэнд амьдардаг загас, орчин тойронг нь харж судалсан. Тэд нүдэндээ итгэмээргүй зүйл олж харсан нь гялгар уутнаас өөр юугаар хучигдаагүй далайн ёроолын эзэд гялгар уутаар хооллож байгааг харсан явдал юм. Судлаачид далайн гүнээс төрөл бүрийн загас тодруулбал 90 өөр төрөл аймгийн загас, жараахайг гаргаж ирсэн байна. Тэгээд тэдний хоол боловсруулах систем, ходоодыг судалж үзтэл нөгөөх гялгар уут ихэнхээс нь буюу 90 төрлийн загаснуудын 72 хувиас нь гарч иржээ. Хамгийн гүндээ гэхэд л 10,890 метрийн гүнд шумбалт судалгаа хийхэд загас амьдардаг далайн ёроолд тоочиж баршгүй төрөл зүйлийн хуванцар хог хаягдал илэрсэн байна. Тэгээд судлаачид нэгэн дүгнэлтийг гаргаж ирсэн байна. хүн төрөлхтний үйлдвэрлэн, зах замбараагүй хаясан тэдгээр хог хаягдлын эцсийн зогсоол нь далайн ёроол юм байна гэдэг дүгнэлт.

Далайн ёроолоос цааш газар үгүй. Тэнд л бүх зүйл үлдэж хоцорч байгаа, дан ганц хуванцар хог хаягдал бус хүний гараар бүтсэн, хүний гараас хаягдсан бүх зүйл тэр газарт үлддэг байна. Хэдэн зуун мянган гол мөрөн бүгд далайд цутгадаг. Ингэхдээ мөн л хуванцар хог хаягдлыг далайд аваачдаг. Одоо энэ асуудлыг цэгцлэх, үйлдэл бүрээ засаж эхлэх хэрэгтэй хэмээн уриалж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Далайн гүнд амьдардаг ихэнх төрлийн загасны ходоодноос гялгар уут гарчээ  
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй