Шууд Chart

“Викинг Скай” хөлөг онгоцыг Молде хотын боомтод чирч авчирчээ

2019-03-25 11:38:12

Норвегийн эргийн ойролцоо сүйрсэн “Викинг Скай” зорчигч тээврийн хөлөг онгоцыг Молде хотын боомтод чирч авчирлаа. Хөлөг онгоцонд зорчиж явсан хүмүүсийн гуравны нэг орчмыг нь нисдэг тэргээр аварсан байна. Хөлөг онгоцонд үлдсэн хүмүүсийг хотын зочид буудалд байрлуулж, анхны тусламж үзүүлжээ. 

“Викинг Скай” хөлөг онгоцны хөдөлгүүрүүд эвдэрснийг мэдсэн хөлгийн багийн гишүүд яаралтай тусламж хүссэнээр зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхэлсэн юм. Нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд таван нисдэг тэрэг, хэд хэдэн хөлөг онгоц оролцсон байна. Хөлөг онгоцонд багийн гишүүд, зорчигчид нийлээд 1373 хүн сууж явжээ. Тэднээс 500 орчмыг нь эрэг рүү гаргасан байна.

“Викинг Скай” хөлөг онгоц Тромсё-Ставангерийн чиглэлд үүргээ гүйцэтгэж явахад нь Хутсадвика хэмээх хамгийн аюултай эрэг хэсэгт осол гарчээ. Онгоц эргээс таван километр орчмын зайд явж байсан бөгөөд тухайн үед салхины хурд 20 метр/секунд хүрч, далайн давалгаа 10 метр өндөр болж байсан аж. 

Иймээс осол гарсан хөлөг онгоцны зорчигчдыг зөвхөн нисдэг тэргээр аврахаас өөр аргагүй байжээ. Ослын улмаас 17 хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Зорчигчдын олонх нь Их Британи, АНУ-ын иргэд байсан тухай “Эн-Ар-Кэй” мэдээлж байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

“Викинг Скай” хөлөг онгоцыг Молде хотын боомтод чирч авчирчээ   
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй