Шууд Chart

Ч.Хантүмэн: Би хэзээ ч Батаагаа, "UB Comedy" клубээ муулж, муу санаж явахгүй ээ

2019-03-31 13:01:27

Хошин урлагийн стэнд ап төрлийг Монголд түгээн дэлгэрүүлэгч “UB комеди” клубын зарим уран бүтээлч үүсгэн байгуулагч Б.Батбилэгтэй хийсэн гэрээгээ үргэлжлүүлэн сунгахаас татгалзаж шинэ клуб байгуулсан. Тодруулбал, комедиан Ч.Хантүмэн, Б.Гантулга, Б.Төгөлдөр, Д.Ганга, Д.Амартүвшин, Н.Амаржин нар “Comedy lab” клуб байгуулж, “UB комеди”-ээс тусдаа тоглолт хийхээр болсон. Тэгвэл энэ талаараа “Комеди лаборатори” буюу “Comedy lab” клубын комедиан Ч.Хантүмэн өөрийн фэйсбүүктээ ийн бичжээ. Тэрбээр “Баярлалаа “UB Comedy”. Би 2007 онд Англид оюутан болж очоод стэнд ап комедитой анх танилцаж, Eddie Murphy, Aries Spears, Richard Pryor, Russel Peters нарыг үзэж эхэлсэн. 2012 онд сургуулиа төгсөөд эх орондоо ирээд хоёр жил сайхан ажиллав аа. Ингэж явсаар 2014 онд “Basement”-д Б.Батбилэгийг комеди хийж байхыг үзсэн юм. Ингээд уйгагүй очиж үздэг болов. Хоёр дахь долоо хоногт нь Б.Идэр-Од, М.Дэлгэрмандал нар тайзнаа гарав. Тэгээд би араас нь тайзан дээр гарсан.

Эхэндээ ямар ч туршлагагүй, хүмүүс инээхгүй, бараг дургүй нь хүрсэн янзтай байдаг байв. Ажлын хажуугаар орой бүр л очиж бэлдэж, бүтэлгүйтэх үедээ бүтэлгүйтэж, жаахан ч гэсэн хүмүүс инээлгэсэн бол урам авдаг. Би дэвтэртээ бичээд л бичээд л. Тухайн үед биднийг тоож яриулдаг газар байсангүй. Тайз, гэрэл ч байхгүй. Бас нэг юм ярьж байгаа хүн чинь аятайхан газар гарчихмаар л байдаг шүү дээ. Хөөгдөөд л явдаг байв. Тэгсээр бид олуулаа болж, анхны нэгдсэн тоглолтоо хийлээ. Анх удаа 200 хүн цугларах нь тэр. Бид ч маш их баярласан. Өнөөдөр харин нэг өдрийн тоглолтод 200 хүн ирэх нь хэвийн үзэгдэл болсон байна.

Саяхан бидний хэсэг нөхөд өрх тусгаарлаж, “Comedy Lab” клубээ байгууллаа. Ахиад бүхнийг шинээр эхэлж байна. Гэхдээ энэ удаад сурсан мэдсэн зүйлтэй, бага ч гэсэн туршлагатай, хамгийн гол нь засаглалын хувьд "тодорхой" байдлаар эхэлж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд “UB Comedy” брэндийг бий болгоход их бага хэмжээгээр бүхий л хүмүүсийн оролцоо, хувь нэмэр байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Үнэхээр их зүйл сурсан мэдсэн, туршлагажсан, сайхан хамт олонтой стэнд ап комедиг түгээсэн таван жил байлаа.

Аливаа зүйл өсөж дэвжиж байгаагийн илрэл нь энд тэндгүй түгээмэл болж, олон болох явдал байх. Нэг дэлгүүр байсан бол ахин салбараа нээж, тэлж байгаа гэсэн үг юм л даа.

Би хэзээ ч Батаагаа, "UB Comedy" клубээ муулж, муу санаж явахгүй ээ. Үргэлж баярлаж, талархаж явах болно. Бид хоорондоо дайсагнасан зүйл огт байхгүй. Элдвээр бичиж, яс хаясан бичвэр, зураг, комментууд их байх юм. Үүнийгээ болимоор байна.

Маргааш . Reborn гэдэг маань ахин төрөх гэсэн утгатай үг ба бид шинээр клуб байгуулж, ахин төрж байгаа гэсэн утга илэрхийлж байгаа юм. Бидний тоглолтод Идэрээ, Батаа, “UB Comedy” клубын залуус маань ирнэ” гэжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ч.Хантүмэн: Би хэзээ ч Батаагаа, "UB Comedy" клубээ муулж, муу санаж явахгүй ээ  
Үзсэн: 1192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-18 23:42

Бидэнтэй нэгдээрэй