Шууд Chart

Мессиг харин шүтэхээс өөр аргагүй дээ

2019-04-11 11:31:04

Барса бол хэзээнээсээ сэтгэлд минь тун ойр баг байлаа. Яагаад гэвэл би улбар шаруудын фэн. Домогт Круйффээс улбаатай маш олон улбар шарууд Блаугранагийн төлөө хүчин зүтгэж ирсэн. Зарим улиралд Холландын шигшээ юмуу гэж эндүүрмээр.

Барса гэхдээ нэг хэсэг дамарталсаан. 2004 оны Аваргуудын лигээр хачин юм болж Порто Монако гэсэн жараахайнууд финалд үлдэж билээ. Энэ улирлын дараа Каталоны баг ганган наймаануудыг хийж эхэлсэн.

Дээрх хоёр багийн хоёр гол мотор Дэко Жиули нарыг өөрийн болгов. Мальоркагаас Этог авч ирлээ.

Супер од Ларссоныг өөрийн болгож дөнгөсөн. Ван Бронкхорстыг жинхэлж, Эдмилсон, Бэллетти, Сильвино нарыг эгнээндээ нэгтгэсэн.

Гэхдээ багийн гол цөм өмнөх жил нь Францаас ирж идээшсэн Роналдиньо дээр тогтож байсан юм. Тэр жил Маркуиз хэмээх Мексикийн бүх үеийн хамгийн алдартай хамгаалагчийг бас авч байсан.

Ёстой л торгон ирэн дээрээ гэдэг шиг баг бүрдэв. Улирлынхаа зорилгоо ч биелүүлж маш олон жил тасраад байсан лигийн аваргаа авлаа. Дараа жил нь Аваргуудын лигт ч түрүүлэв. Тэр жил эгнээндээ Мессиг доороос татан элсүүлж байсан.

Агуу Роналдиньотой ярих ч юм биш. Тэр бол миний хувьд хөлбөмбөгийн бүх үеийн түүхэн дэх хамгийн агуу тоглогч. Бөмбөгийг хүссэнээрээ удирддаг тийм тоглогчийг би урьд өмнө хэзээ ч харж байсангүй.

Ингэж байтал 2008 он боллоо. Хагас шигшээд Улаан чөтгөрүүд маань энэ багтай таарлаа даа. Скоулзын нэгэн сандэй шүүт бүхнийг шийдсэн дээ. Гэхдээ фэн бидний нүдээр маш уйтгартай хоёр тоглолт өнгөрсөн. Дараа жил нь бүр финалд таарав. Тэднийх Месситэй, манайх Роналдотой.

Тэд хариугаа авч чадсан. САФ өмнөх жил шигээ явьхийтэл хамгаалаад үзсэн бол хожих боломжтой байсан. Гэхдээ өмнөх жил нь би үзэгчээ 180 минут тарчлаасан учраас дахин тэгэхийг хүсээгүй гэдгээ номондоо дурьдсан байдаг юм.

Гэхдээ чин үнэнийг хэлэхэд тэр жил дахиад англи дуэлийг бид финалд харах ёстой байсан юм. Пэналти өгөх дөрвөн тохиолдол гарсныг бүгд мэднэ, тэднээс өгөх магадлалтай нь ганц л байсан. Тэр ганц нь харин тоглолтыг шийдэх боломжтой байв. Оврэбо тэгж дэлхий нийтэд танигдсан.

Барса энэ хооронд миний мэддэг Барса биш болж эхэллээ. Улбар шарууд байхгүй болж, нэлээн олон тоглогч нь эрчүүдийн спорт гэдгийг умартан талбайд янгуучлан хэвтдэг баг болж хувирлаа. Гэхдээ хөлбөмбөгийн тактикийн хөгжил дээр нь бол юм ярихгүй ээ. Ринус Михелсийн тотал футболыг тика така улам ч төгөлдөршүүлсэн юм.

2011 оны финалд дахин хоёр баг учраа таарсан. Яалт ч гүй тавиулсан л даа. САФ хожмоо миний бүх тоглож байсан багуудаас хамгийн хүчирхэг баг нь энэ байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ.

Одоо бол Барсад нэг их дуртай биш. Мессиг харин шүтэхээс өөр аргагүй дээ. Хэн ч түүн шиг богино зайн маневрыг хийж чадахгүй. Мара ах нь л эн зэрэгцэнэ. Хөлбөмбөгийн шидэт үлгэрийг биеийнхээ хэлээр ярьж өгдөг хүн дээ.

Энэ жил шөвгийн наймд тулав. Тэднийх лигтээ түрүүлэх нь тод болсон бол манайх топ дөрөвт ч орох нь бүрхэг.

Хоёр багийн форм асар зөрүүтэй байгаа. Манайх ядахад лигтээ сулхан өрсөлдөгчид хуниулаад сэтгэл зүйгээр дамартцан байдаг. Гэхдээ л хөлбөмбөгийн фэнүүдэд горьдлого үргэлж байдаг. Хүлээж байгаад үзэхээс болохгүй тоглолт. Юу ч болж дууссан бай хэзээд Глори глори Юнайтед.

Э.Олон-Эрдэнэ

 


Мессиг харин шүтэхээс өөр аргагүй дээ  
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй