Шууд Chart

Цэнхэр гарагийн ногоон талбайд

2019-04-11 16:29:32

“Хөгшин” Европын хөлбөмбөг хамгийн сонирхолтой үе дээрээ ирээд байна. Энэ долоо хоногт клубуудын хувьд дэлхийд нэр хүнд, чанар чансаагаараа яалт ч үгүй нэгд бичигдэх “Аваргуудын лиг” тэмцээний шөвгийн наймын тоглолт эхэллээ. Английн “Тоттенхэм”- “Манчестер Сити ”болон Италийн “Ювентус”- Холландын “Аякс” нэг талд, нөгөө талд Английн “Манчестер Юнайтед”- Испанийн “Барселона” , мөн Английн “Ливерпуль”-Португалын “Порту” багууд үлдээд байгаа. Мэдээж “мөрөөдлийн финалыг” хөлбөмбөг сонирхогчид “Ювентус”-“Барселона” хэмээн үзэж байгаа байх. Тэгвэл Месси-Криштиану Роналду гэсэн халз өрсөлдөөнийг дахин харах боломжтой болох юм. Гэхдээ эхлээд шөвгийн найм, дараа нь хагас шигшээд ялалт байгуулах хэрэгтэй тул одоохондоо “Аваргуудын лиг”-ийг түр орхиё.

“Хуучин тив”-ийн улс, улсын лигүүд төгсгөлийн шат руугаа орж, аваргууд төрөх ойртсоор байна. Европын “топ” лигүүдийн явц ямар байгааг энэ удаа сонирхуулья.

ФРАНЦ

Францын “ LIGUE ONE” -д түрүүлэх баг бол бараг л тодорхой. “Пари Сен Жермен” араас нь яваа “Лилль” багаас 20 оноо илүү явна. Тэдэнд найман тоглолт үлдээд байгаа бөгөөд үүнээс нэг тоглолтод тэнцэхэд л аваргын болзлоо хангана. Неймар, Мбаппе, Кавани, Ди Мариа, Тиагу Сильва, Буффон гээд л дэлхийн хэмжээний тоглогчидтой багт бол найман тоглолтоос ганц оноо авах бол асуудал биш. “ПСЖ” сүүлийн зургаан жилд таван удаа аварга болоод байгаа. Нийтдээ Францын аваргаар долоон удаа тодорч байсан баг. Гэхдээ Францын аваргаар 10 удаа түрүүлсэн “Марсель”, “Сент Этьен”, 8 удаа түрүүлсэн “Монако”, “Нант” багуудын ард амжилтаараа ордог.

Лигийн “мэргэн бууч”-ийн жагсаалтыг залуу од Килиан Мбаппе 27 гоолтой тасархай тэргүүлж байгаа. Түүний ард бичигдэж буй “Лилль”-ийн Пепе дөнгөж 18 гоолтой гээд бодохоор Мбаппе лигийн “мэргэн бууч” болох нь бас тодорхой. Ийнхүү Францын лигт үндсэндээ бүх зүйл тодорхой болсон.

ГЕРМАН

“Bundesliga”-ийн энэ улирлын хамгийн чухал тоглолт өнгөрөгч хагассайн өдөр болсон. Лигийг тэргүүлж явсан Дортмундын “Борусси” Мюнхений “Бавари”- ийн талбайд зочлон тоглосон ч 0:5 харьцаагаар бут ниргүүлж лигийн тэргүүллээ “Бавари”-д алдлаа. Лигийн хүснэгтийг “Бавари” 64 оноогоор тэргүүлж, “Борусси.Д” 63 оноогоор хоёрт бичигдэж байна. Бундеслиг дуусахад ердөө зургаан тойргийн тоглолт үлдээд байгаа. Үлдсэн зургаан тоглолтоос бүх зүйл шалтгаална. “Бавари”-ийн хувьд лигийн гуравдугаар байрт яваа “Лейпциг”-ийн талбайд зочлон тоглох тоглолт хамгийн “хүнд” тоглолт болох байх. Харин маш сайхан боломжоо “салхинд хийсгэсэн” Дортмундын баг үлдсэн тоглолтуудад бүгдэд нь өөрсдөө хожихоос гадна бас “Бавари”-г “бүдрэх”-ийг хүлээх хэрэгтэй болно.Нэг үгээр хэлбэл энэ улирлын Бундеслигийн аваргын “гол хөзөр” “Бавари”-д байна. 2013 оноос хойш завсаргүй түрүүлж байгаа “Бавари” 29 дэх түрүүгээ авах эсэх нь өөрсдөөс нь шалтгаална даа.

“Бундеслиг”-ийн “мэргэн бууч”-аар өмнө нь гурван удаа шалгарч байсан Роберт Левандовски энэ жил 21 гоолтой яваа. Түүний араас 17 гоолтой Франкфуртын “Айнтрахт” багийн серб довтлогч Лука Йович нэхэж байгаа юм.

ИТАЛИ

Криштиану Роналду Италийн “Ювентус” багт ирснээр “ SERIE A” хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байнга байх болсон ч аваргын өрсөлдөөн улам бага болсон нь үнэн. 2012 оноос хойш долоо дараалан түрүүлсэн “Ювентус” энэ жил ч торолгүй түрүүлэх нь . Долоон тоглолт үлдсэн бөгөөд лигийг 84 оноотой тэргүүлж, хоёрт яваа “Наполи”-оос 20 оноо илүү явна. “Ювентус” нийт түрүүгээ 35 болгож Милан хотын алдарт хоёр баг болох “Милан”, “Интер” багуудын нийт түрүү(тус бүр 18 түрүүтэй)-г нийлүүлсэнтэй бараг зэрэгцэх нь. Одоо тэд бүх анхаарлаа “Аваргуудын лиг”-т хандуулна.

“Мэргэн буучийн” жагсаалтыг “Милан”-ы польш довтлогч Пионтек, “Сампдори”-ийн Куальярелла нар 21 гоолтой тэргүүлж, “Аталанта”-ын колумб довтлогч Сапата 20 гоолтой нэхэж байна. Харин эдний ард “КР-7” 19 гоолтой бичигдэж байгаа ч тэрбээр өмнөө байгаа гурвыг нэг тоглолтод ч гүйцээд ирэх бүрэн болмжтой. Гэмтэл бэртлийн улмаас Криштиану Роналду нэг бус тоглолт өнжсөнийг бас тооцвол “Сери-А”-ийн “мэргэн бууч” хэн болох нь одоо хэлэхэд эрт байна.

ИСПАНИ

“Ла Лига”-ийн түрүүг сүүлийн зургаан жилд дөрвөн удаа аваад байгаа “Барселона” энэ жил ч ээлжит түрүүгээ хүртэхэд ойрхон ирсэн. Тэдний “мөнхийн” өрсөлдөгч Мадридын “Реал” энэ жил тун муу тоглож, түрүүлэх ямар ч тэмцээнгүй болоод байгаа бол “Барса” лигийг 73 оноотой тэргүүлж яваа. Хоёр, гуравт яваа Мадридын “Атлетико”, “Реал” багууд 62, 60 оноотой байгаа тул “Барса” 26 дахь түрүүгээ авахад ойрхон байна. Харин "Барса" Испанийн аваргыг авсан нийт түрүүгээрээ “Эзэн хааны” баг “Реал”-ыг гүйцэх бүү хэл дөхөж очиход ч хол байна. Учир нь “Реал” Испанийн аваргын 33 түрүүтэй юм.

“Ла Лига”-ийн “мэргэн бууч” бас л бараг тодорхой доо. Мэдээж Месси. Тэрбээр 33 гоол хэдийнээ оруулаад байна. Түүний ард нэг багийнх нь Суарез 20 гоолтой яваа.

АНГЛИ

Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг лиг бол сүүлийн жилүүдэд Английн “Premier League” болоод байна. Манай гарагийн ихэнх шилдэг хөлбөмбөгчид энэ лигт тоглодог, өрсөлдөөн маш өндөр болохоор арга ч үгүй биз. Энэ улиралд лигийн аваргын төлөөх өрсөлдөөн “Ливерпуль”, “Манчестер Сити” багуудын хооронд болж байна. Хүснэгтийн нэгд ээлжлэн бичигдсээр яг одоогоор “Ливерпуль” 82 оноотой нэгд, “Манчестер Сити” 80 оноотой хоёрт бичигдэж байгаа. Гэхдээ “Сити” нэг тоглолт дутуу хийсэн яваа.

Хоёр багт 6-7 тоглолт дутуу байгаа бөгөөд бүх өрсөлдөөн өмнө нь байна. Мөн хоёр баг хоюулаа “Аваргуудын лиг”-ийн шилдэг наймд үлдээд байгаа бөгөөд “Премьер лиг”-т ч , “Аваргуудын лиг”-т ч давхар түрүүлэх амбицтай байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр хоёр фронтод хэн “нөөц” сайтай нь илүү амжилт үзүүлэх болов уу. Энэ талаар бол “Сити” арай илүү дээ. Дээр нь “Сити” аваргаа хамгаалахыг туйлын их хүсч байгаа. Учир нь “Премьер лиг”-т сүүлийн 10 жилд аваргаа хамгаалсан буюу дараалан түрүүлсэн баг гараагүй.

“Ливерпуль” ч бас “өлсгөлөн” байгаа. Тэд хамгийн сүүлд 1990 онд буюу бараг 30 жилийн өмнө лигтээ түрүүлсэн. Тэгэхээр ийм сайхан боломжийг ахин алдах эрхгүй. Таван жилийн өмнө “Ливерпуль” түрүүлэх маш сайхан боломжийг “Сити”-д алдаж байснаа мартаагүй байгаа биз ээ.

Мөн “Аваргуудын лиг”-ийн финалд ч энэ хоёр баг үлдэх боломж бас бий.
“Сити”-ийн хувьд дөрөвдүгээр сарын 20-нд “Тоттенхэм”-тэй, дөрөвдүгээр сарын 24-нд “Манчестер Юнайтед”-тай хийх тоглолтууд ихээхэн зүйлийг шийдэх бол “Ливерпуль”-ийн хувьд ирэх бүтэн сайнд “Челси”-тэй хийх тоглолт чухал нөлөөтэй. Өнөө цагийн хамгийн шилдэг дасгалжуулагчид болох Клопп, Гвардьола нарын ур ухаан, сонгох тактик ч хамгийн ихийг шийднэ.

Лигийн “Мэргэн буучдын” өрсөлдөөн ч бас ширүүхэн болж байна. “Сити”-ийн аргентин довтлогч Агуэро 19 гоолтой, “Ливерпуль”-ийн египет довтлогч Салах 18 гоолтой, сенегал довтлогч Манэ 17 гоолтой, “Арсенал”-ын габон довтлогч Обамеянг 17 гоолтой, “Тоттенхэм” болон Английн шигшээгийн ахлагч, ДАШТ-ий “мэргэн бууч” Кэйн 17 гоолтой явна.

Ц.Энхтүвшин

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Цэнхэр гарагийн ногоон талбайд  
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй