Шууд Chart

П.Мөнхбаяр: Ипотекийн зээлдэгчийн тоо энэ онд 1.5 дахин өсөх боломжтой

2019-04-12 11:03:06

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн талаар Монголбанкны Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяртай ярилцлаа.

- Ипотекийн зээлийн санхүүжилт Монголбанкнаас орж ирээгүй гэсэн үндэслэлээр банкууд иргэдэд зээл олгохгүй байна гэсэн мэдээлэл байна. Хөтөлбөрийн зээлийн талаар та мэдээлэл өгнө үү. 

- Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангах зорилгоор сар бүр 200 орчим зээлдэгчдэд 16.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудаар дамжуулан олгож байна. Он гарснаас хойш эхний 4 сарын байдлаар нийт 885 зээлдэгчдэд 64 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн санхүүжилтийг зөвхөн Монголбанкнаас олгосон.

- Засгийн газраас ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулан эх үүсвэрийг Монголбанканд шилжүүлсэн боловч Монголбанк олгохгүй байна гэсэн яриа олон нийтээр яваад байна. Тэгэхлээр ипотекийн зээл яг хаанаа гацаад байна? 

- Өнгөрсөн онд ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбоотой нэлээд хэдэн эрх зүйн баримт бичгүүд шинээр батлагдсан. Эдгээр баримт бичгүүдээр Засгийн газраас банкуудад олгох орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг 1 хувь болгон бууруулж, банкуудын эх үүсвэрийг татан оролцуулах, зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. 

Дээрх шийдвэрийн дагуу хөтөлбөрийн эх үүсвэр болон үнэт цаасжуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, схемийг бүрэн шинэчлэх нь нэлээд цаг хугацаа шаардсан ажил боловч Монголбанк богино хугацаанд холбогдох гэрээнүүдэд өөрчлөлт оруулан, эцэслэн бэлэн болгоод байна. Энэ хүрээнд Монголбанк 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газартай дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулж, Засгийн газраас 2019 оны эхний 4 сард олгох ёстой байсан 35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4 дүгээр сарын 9-ний өдөр Монголбанканд шилжүүлсэн.

Монголбанк энэ хооронд бүх талуудтай гэрээг эцэслэн байгуулж, Засгийн газрын дээрх санхүүжилт дээр банкуудын өөрийн эх үүсвэрийг хөтөлбөрт нэмж оруулах ажлыг зохион байгуулаад байна. Ингэснээр 70.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4 дүгээр сард нэмж орон сууцны зээлд зориулан олгоно. 

- Цаашид орон сууцны зээлийн эх үүсвэр нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?

- Өмнө нь дурьдсан, 2019 оны эхний 4 сарын санхүүжилтийн нийт хэмжээ 134 тэрбум төгрөг болж байна. Цаашид он дуустал 3 төрлийн эх үүсвэрээс сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоно. Ингэснээр энэ онд хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ 145 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зээлдэгчийн тоо 1.5 дахин өсөх тооцоо гарч байна. 

- Ярилцсанд баярлалаа.

 


П.Мөнхбаяр: Ипотекийн зээлдэгчийн тоо энэ онд 1.5 дахин өсөх боломжтой  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй