Шууд Chart

Кристин Лагард: Дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 оноос тогтворжих төлөвтэй ч өсөлтийг сааруулах эрсдлүүд байсаар байна

2019-04-15 12:12:36

Дэлхийн эдийн засгийн байдал эгзэгтэй байгаа энэ үед худалдааны маргаанаас эхлээд асуудлуудыг хурцатгаж, нөхцөл байдлыг дордуулахгүй байхыг Олон Улсын Валютын Сан улс орнуудад анхааруулж байна.

Олон Улсын Валютын Сангийн 189 гишүүн улсыг хамруулсан Олон улсын мөнгө, санхүүгийн хорооноос гаргасан хамтарсан мэдэгдэлд “Дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 оноос эргээд тогтворжих төлөвтэй байгаа ч өсөлтийг сааруулах эрсдэлүүд байсаар байгаа”-г анхааруулжээ. Тулгарсан гол эрсдэлүүдээр худалдааны маргаан, бодлогын тодорхойгүй байдал, геополитикийн эрсдэл, санхүүгийн орчны зохицуулалт чангарсан, өрийн түвшин түүхэн дээд хэмжээнд хүрсэн, санхүүгийн эрсдэл нэмэгдсэн зэргийг нэрлэж байна.

Олон Улсын Валютын энэ удаагийн мэдэгдэл нь илүү сэрэмжлүүлсэн, анхааруулсан өнгө аяс давамгайлсан байна. Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард “Улс орнууд худалдаанаас харилцан ашиг хүртэх хэрэгтэй. Тулгарсан асуудлыг эн тэргүүнд Дэлхийн худалдааны байгууллагын түвшинд шийдвэрлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, үндэсний хэмжээнд улс орнууд үүнд анхаарч худалдаанаас орхигдохгүй байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Улс орнуудад тулгарсан сорилтууд харилцан адилгүй. Их Британийн эдийн засгийн өсөлтөд гэхэд л BREXIT нөлөөлж байна. Аргентин гэхэд тун хүнд нөхцөлөөс эргэн сэргэж байна. 2018 оны сүүлээр улс орнуудын тодорхойлсон мөнгөний бодлогын чиглэл бас нөлөөлж байна. Гэхдээ хэрэв худалдааны маргааныг шийдвэрлэвэл өсөлтийн төлөвийг 3.3 хувиас 3.6 хувь болгоход томоохон түлхэц болох болно” гэж мэдэгдлээ.

Бодлого тогтоогчид “Худалдааны дайн”-д нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдүүлэхэд чөлөөт, шударга, харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй гэж онцолж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Кристин Лагард: Дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 оноос тогтворжих төлөвтэй ч өсөлтийг сааруулах эрсдлүүд байсаар байна   
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй