Шууд Chart

У.Мөнхжаргал: Багадаа радиогоор найрал дуу сонсоод энэ жижигхэн хайрцагт ийм олон хүн яаж багтав гэж гайхдаг байсан

2019-04-15 12:09:04

“Болор одод” найрал дууны анхдугаар уралдааны шилдэг удирдаач багш, МҮОНРТ-ийн дэргэдэх “Улаан бүч” чуулгын хормейстер, соёлын тэргүүний ажилтан У.Мөнхжаргалтай ярилцлаа. .

-Таны хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?

-Би Өмнөговь аймгийн суманд малчин айлын гэрт төрж, өссөн. Намайг Монголын радиогийн шилдэг сонсогчдын нэг байсан гэхэд болно. Багадаа радиогоор найрал дуу сонсоод энэ жижигхэн хайрцаг дотор ийм олон хүн яаж багтаад байна гэж их гайхдаг байлаа. Би нэгдүгээр ангиасаа гитар тоглож сурсан. Дуу дуулахдаа гол, үндсэн хоолойгоор дуулдаггүй хүүхэд байлаа. Дандаа хоёр, гуравдугаар хоолойгоор дуулдаг. Ингэж дуулахыг минь сонсчхоод хүмүүс “чи буруу дуулаад байна” гэж загнадаг байсан. Одоо бодоход хормейстер мэргэжил эзэмших төсөөлөл надад багаас минь суусан байх. Харин Багшийн сургуулийн Хөгжмийн ангид ороод хормейстер Лхагвасүрэн багшаар найрал дууны хичээл заалгаж эхэлсэн. Манай анги найрал дуу дуулахад маш нийцтэй хоолойтой анги байсан. Тэндээс л хормейстер мэргэжил эзэмших эхлэл минь тавигдсан.

-“Улаан бүч” чуулгын үүх түүхээс хуваалцаач?

-Энэ чуулгын эх үндэс тэртээ 1960-аад оны дунд үеэс тавигдсан. Харин 1970-аад оны үед Монголын радиогийн хөгжмийн редакцийн хариуцлагатай редактор Т.Чимэддорж, хүүхдийн нэрт зохиолч М.Чимэд нар нийслэлийн 39 дүгээр дунд сургуулийг түшиглэн, тус сургуулийн багш Л.Галсандоржтой хамтран шинэчлэн байгуулсан юм билээ. Энэ цаг үеэс тогтмол сургуулилттай, тодорхой урын сантай чуулга болсон. Ийн 1979 онд НҮБ-аас зарласан “Олон улсын хүүхдийн жил”-д БНУУ-ын Будапешт хотод зохион байгуулагдсан олон улсын радиогийн дэргэдэх хүүхдийн найрал дууны наадамд оролцох урилга ирж, тус тэмцээнд “Улаан бүч” нэртэйгээр 40 хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцож, маш сайн үнэлгээ авсан. Энэ цаг үеэс хойш тоолбол хүүхдийн найрал дууны “Улаан бүч” чуулга эдүгээ 40 нас хүрч байна. Энэ хугацаанд буюу 1979-1981 онд тус чуулгын багш, уран сайхны удирдагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддорж, хормейстерээр З.Оюун, 1982-2014 онд соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, концертмейстерээр О.Сарантуяа, Д.Янжин нар ажиллаж байсан. 

-Таны хувьд хэдэн оноос “Улаан бүч” чуулгатай холбогдов?

-Би 2000 онд Багшийн сургуулийн Хөгжмийн багшийн ангийг төгссөн. Их сургуулиа төгсөөд сургуулиудад багшаар ажилласан. 2004 онд СУИС-д Найрал дууны удирдаачийн ангид элсэж, 2009 онд төгсөөд Цагдаагийн “Сүлд” чуулгад  ерөнхий хормейстерээр ажилласан. 2013 онд манай чуулга татан буугдаж, тэнд ажиллаж байсан уран бүтээлчид ажилгүй болсон. Тэгээд зав чөлөөтэй байх хугацаандаа магистрын зэргээ хамгаалсан. Манай мэргэжлийн багш, СУИС-ийн хүндэт профессор Оюунхишиг 2015 онд “МҮОНРТ-ийн “Улаан бүч” чуулгад хормейстер хэрэгтэй байгаа гэнэ. Чи соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг багштай очиж уулз” гээд явуулсан. Тэр цагаас одоог хүртэл чуулгадаа ажиллаж байна.

-Хормейстер мэргэжлийн жаргал, зовлон нь юу байдаг вэ?

-Би өөрийн мэргэжлээ хамгийн сайхан мэргэжил гэж хэлнэ. Хөгжмийн болон сонсохуйн маш өндөр чадвартай байх хэрэгтэй. Мөн маш сайн тоглооч, манлайлагч байх ёстой. Энэ мэт олон төрлийн чадвар шаарддаг мэргэжил. Цаашлаад хөгжим судлаач байх ёстой. Учир нь олон зохиол сонсож, судалж, дүгнэж шинжилсний үндсэн дээр бүтээл бий болгодог онцлогтой. Хүн болгон эзэмшиж чаддаггүй, эзэмшсэн хүн бүр амжилтад хүрч чаддаггүй. Тийм дээ ч Монголд амжилттай явж байгаа гарын хуруунд багтах хэмжээний цөөхөн хормейстер бий. Миний хувьд мэргэжлээрээ маш их бахархаж, гарын минь ганзаганд хөлийг минь дөрөөнд хүргэсэн Оюунхишиг багшдаа насан туршдаа баярлаж явдаг. Мөн би дандаа хүүхдүүдтэй ажилладаг учир маш их аз жаргалтай байдаг. Хүүхэд гэдэг ямар ч муу муухай, хар бараан зүйл бодож сэтгэдэггүй гэгээлэг, цагаахан ертөнц. Тэр ертөнцөд би ажиллаж, тэднээрээ хүрээлүүлж, уран бүтээл туурвидаг.

-“Улаан бүч” чуулга урын сандаа хэчнээн уран бүтээлтэй вэ?

-Манай чуулга байгуулагдсан цагаасаа дэлхийн сонгодог болон өөрийн орны болон гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээлийг дуулсан. Мөн өөрийн орны болон бусад улс үндэстний ардын дуунаас бүрдсэн бүтээлүүдийг оролцуулбал нийтдээ 100 гаруй дууны урын сантай болсон. Түүнчлэн Монгол Улсын ардын жүжигчин Б.Зангад, Ч.Мөнхшүр, гавьяат жүжигчин П.Ганбат, Б.Ганчимэг, дуучин С.Баттулга нарын алдартай дуучин, найрал хөгжимчидтэй хамтран уран бүтээл хийснээрээ маш онцлог.

-Танай чуулга 40 жилийн түүхэн ойгоо угтаж анхны цомгоо гаргасан. Энэ цомогт ямар уран бүтээл багтсан бэ?

-МҮОНРТ-ийн удирдлагууд “Улаан бүч” чуулгыг бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулсан. Ийн дэмжлэг үзүүлсний дүнд манай чуулга 40 жилийн ойдоо зориулж “Хөгжмийн эгшигт хайрцаг”  хэмээх бүрэн хэмжээний цомгоо гаргалаа. Цомогт “Улаан бүч” чуулгын 40 жилийн туршид дуулж ирсэн алдартай, том хэмжээний бүтээлүүд орсон. Тухайлбал, “Нэг ангийн хоёр” киноны дуу, “Хоёр хоньчны дууль”, “Ишиг гэдэг хөөрхөн нэр” бүрэн хэмжээний дуулалт жүжгийн үзэгдэл, Дөрвөд ардын бүүвэй дуу, билэг танхай Бямбын Ринчен гуайн шүлэг, Т.Сэргэлэнгийн хөгжим “Монгол хэл” зэрэг 20 гаруй бүтээл орсон байгаа.

Үүнээс Т.Чимэддорж, Ч.Чимэдийн “Хоёр хоньчны дууль” бүтээлийг онцолж хэлмээр байна. Дууль бол гол дүрийн баатар нь үрэгдэж, эмгэнэлтэй төгсдөг бүтээл. Гэтэл хүүхдийн бүтээлийн цомогт яагаад дууль багтсан нь их онцлогтой. Би “Хоёр хоньчны дууль”-ийг багадаа радиогоор сонсдог байсан. Энэ дуулийг 1970-аад оны эхээр болсон явдлаас сэдэвлэн бүтээсэн. Тэр үед эгч, дүү хоёр охин нэгдлийн хонь хариулж яваад хөлдөж, нас барсан харамсалтай явдал болсон. Энэ дууль тэр хоёр охины дурсгалд зориулсан бүтээл юм.

“Хөгжмийн эгшигт хайрцаг” цомог эхний удаадаа 1000 ширхэг хэвлэгдсэн. Одоогоор МҮОНРТ-ийн үүдний хэсэгт байрладаг “MNB дэлгүүр”-т зарагдаж байгаа. Удахгүй “Hi-Fi records” хөгжмийн дэлгүүрээр борлуулагдана. Цаашид сургалтын хэрэглэгдэхүүнтэйгээ хамт дунд сургуулиудын дуу хөгжмийн хичээлийн сургалтын гарын авлага болох юм билээ.

Дашрамд хэлэхэд, энэ цомгийг бүтээж, Монгол Улсынхаа хүүхэд багачуудад хүргэх, сонсгох боломжийг олгосон МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНР-ийн захирал Г.Батзаяа тэргүүтэй удирдлагад, мөн “Улаан бүч” чуулгын удахгүй болох тоглолтын ерөнхий найруулагч продюсер Батбаярт, дууны найруулагч Батсайхан ахдаа  гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна.

-Эцэг эхчүүд хүүхдээ найрал дуугаар хичээллүүлэх, найрал дуу сонсгохын давуу тал, ашиг тус юу вэ?

-Дэлхийн ихэнх орны иргэд хүүхэд байх үеэсээ найрал дуугаар хүмүүждэг. Энэ урлаг Европын орнуудад бүр сонгодог хэлбэрт ортлоо хөгжсөн. Дэлхийн бүх л алдартай хөгжмийн зохиолчид дандаа найрал дуугаар хөгжмийн боловсролын эх сууриа тавьсан түүхтэй. Найрал дуу дуулсан хүүхэд бүр хөгжимчин, хөгжмийн зохиолч болох албагүй ч гэлээ тухайн хүүхдийн хүмүүжил, боловсролд асар их эерэг нөлөө үзүүлдэг. Орчин цагт албан газруудын шинэ боловсон хүчиндээ тавьдаг шаардлагыг найрал дуугаар хичээллэсэн хүүхдүүд багаасаа эзэмшиж, хангасан байдаг. Монголын бүх эцэг эхчүүд XXI зууны дэлхийн монгол хүнийг бэлдэх үүрэг хүлээж байгаа. Тиймээс энэ цомгийг хүүхдэдээ сонсгоорой гэж хэлмээр байна.

-“Улаан бүч” чуулга том хэмжээний маш олон тэмцээнд оролцож, тэргүүн болон дэд байрт шалгарч байсан. Чуулгын амжилтаас цухас дурдаач?

-1985 онд Монголын пионерийн байгууллага байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд зарлагдсан “Мөнгөн хонх” уралдаанд тэргүүн байр, 1986 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Эх орон, энх тайван, найрамдлын сэдэвт дууны уралдаанд Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Бадарчийн хөгжим, Төрийн хошой шагналт Д.Сэнгээгийн шүлэг “Тагтаа” дуугаар тэргүүн байр, 2000 онд БНХАУ-ын Тянь-Жин хотноо болсон Олон улсын хүүхдийн урлагийн наадамд амжилттай оролцож, олон улсын хүүхдүүдийн хамтарсан тоглолтод оролцсон. Мөн 2004 онд БНХАУ-ын Шанхай хотноо болсон Олон улсын хүүхдийн найрал дууны уралдааны тусгай байр, цом, МҮОНРТ-ээс санаачлан зохион байгуулсан “Алтан зул-2016” хүүхдийн шилдэг дууны бүтээл шалгаруулах уралдаанаас бага насны ангилалд шилдэг бүтээлийн шагнал хүртсэн. Хамгийн сүүлд саяхан зохион байгуулагдсан “Болор одод” анхдугаар уралдаанд ойн тоглолтынхоо бэлтгэлийн хажуугаар оролцож, дэд байрт шалгарсан.  

-“Болор одод” уралдаанд “Улаан бүч” чуулгын найрал дуучид таны аяыг нь зохиосон “Домогт Халх гол” дууг дуулсан. Та урын сандаа хэр олон зохиол бүтээлтэй вэ?

-Энэ уралдааны оролцсон найрал дууны хамтлагууд цэрэг, эх орны сэдэвтэй Монгол, Орос нийт хоёр дуу дуулж өрсөлдсөн. Манай чуулгын дуучид энэ уралдаанд Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Дашдондовын шүлэг “Домогт Халх гол” бүтээлийг дуулсан. Энэ дуу маань Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын Уран сайхны зөвлөлийн захиалгаар бүтээгдсэн. Шинэ бүтээл дуулаад хоёрдугаар байрт орно гэдэг хэцүү. "Улаан бүч" чуулгын найрал дуучид энэ дуугаа ирэх есдүгээр сард МҮОНРТ-ээс Улаанбаатар хотод зохион байгуулах Халх голын ялалтын 80 жилийн ойн гала тоглолтод дуулахаар болсон.

Миний хувьд олон тооны найралжуулга (найруулга) хийсэн. Зохиол, найралжуулга нийлээд цөөхөн, 70 гаруй бүтээлтэй.

-“Улаан бүч” чуулга өнгөрсөн 40 жилийн хугацаанд том хэмжээний ямар тоглолтод оролцсон бэ?

-Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Японы “Тэнгэрийн элчийн дуу хоолой” хүүхдийн хамтлагтай хамтарсан бүрэн хэмжээний тоглолт хийж байсан. Мөн дэлхийн 30 гаруй орны хүүхдийн дуунаас бүрдсэн цомогт манай чуулгын дөрвөн бүтээл орсон. Түүнчлэн Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа, соёлын тэргүүний ажилтан Г.Батаагийн бүтээл “Ишиг гэдэг хөөрхөн нэр” дуулалт жүжгийг “Баян Монгол” чуулгатай хамтран дуулж, Монголын радиогийн алтан фондод оруулсан. Үүнээс гадна Дэлхийн энх тайвны нэрт зүтгэлтэн Шри Чинмойгийн “Монгол”, “Энх тайвны гуйлт” зэрэг бүтээлийг амилуулсан. П.И.Чайковский “Гилбэрийн хатан” дуурийн хүүхдийн найрал дуу, телевизийн гурван кино концерт, хоёр нэвтрүүлэг, “Улаан бүч-20 жил” ойн хүндэтгэлийн тоглолт, Нийслэлийн 377, 378, 379 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод оролцсоноос гадна Эх үрсийн баяр, Цагаан сарын баярын нэвтрүүлэгт тогтмол оролцдог.

-Танай чуулгын төгсөгчдөөс чамгүй олон алдартан төрөн гарсан байдаг.

-“Улаан бүч” чуулгын өмнөх үеийн төгсөгчдөөс өдгөө сонсогчдын танил болсон Монгол Улсын гавьяат жүжигчин, Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Б.Ганчимэг, “Харш” хамтлагийн дуучин С.Баасандорж, Монголын хүүхдийн ордны багш С.Алтан-Уяа, соёлын тэргүүний ажилтан, дуучин Нарангэрэл, Лхамсүрэн зэрэг олон уран бүтээлч төрөн гарсан. Мөн өнгөрсөн оны сүүлээр зохион байгуулагдсан Оросын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож, дуурь, романс гэсэн хоёр төрөлд тэргүүн байрт шалгарсан, “Опера бург гарс” театрын гоцлол дуучин Э.Анхбаяр багадаа “Улаан бүч” чуулгад дуулж байсан юм билээ.

-Маргааш 17:00 цагт Монголын хүүхдийн ордонд болох түүхт 40 жилийн ойн тоглолтод хэчнээн уран бүтээлч оролцох вэ?

“Улаан бүч” чуулгад одоо дуулж буй 53 найрал дуучин орно. Урилгаар таван төгсөгч оюутан маань ирж үндсэн бүрэлдэхүүнд дуулна. Ахмад төгсөгч 30 гаруй уран бүтээлч оролцоно. Мөн “Улаан бүч” чуулгын үе, үеийн гурван хормейстер, гурван төгөлдөр хуурч оролцохоос гадна гоцлол дуучнаар ардын жүжигчин, дуурийн дуучин Ч.Мөнхшүр гуай түүхт 40 жилийн ойн тоглолтын тайзнаа гарна. Үүнээс гадна Монгол Улсын Консерваторийн 72 хүний бүрэлдэхүүнтэй симфони оркестр, нийтдээ давхардсан тоогоор 200 орчим уран бүтээлч оролцоно.

-Ямар уран бүтээлүүд эгшиглэх вэ?

-Энэ удаагийн тоглолтод 20 гаруй дуу дуулагдана. Тухайлбал, “Залгамж үеийн тэмүүлэл” магтуу дуу, “Тагтаа”, “Миний эх орон” магтуу дууны хэсэг, “Ишиг гэдэг хөөрхөн нэр” дуулалт жүжиг, дээр дурдсан өгүүлэгчтэй, хөгжмийн маш нарийн дүрслэлтэй сонгодог чиглэлээр бичигдсэн “Хоёр хоньчны дууль”-иас гадна шинэ уран бүтээлүүд эгшиглэнэ.

Энэ түүхт 40 жилийн ойн тоглолтод маш чухал үүрэг гүйцэтгэж буй хүмүүс бол манай найрал дуучин хүүхдүүдийн эцэг эхчүүд. Энэ тоглолт хүүхдүүдээ бидэнд тушаасан эцэг эхчүүдийн дэмжлэггүйгээр тоглогдох боломжгүй. Тиймээс эцэг эхчүүддээ дахин дахин талархал илэрхийлье.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

У.Мөнхжаргал: Багадаа радиогоор найрал дуу сонсоод энэ жижигхэн хайрцагт ийм олон хүн яаж багтав гэж гайхдаг байсан  
Үзсэн: 1212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
chimgee [127.0.0.xxx] 2019-05-23 12:13
moogii egch min ystoi chadvarlag hun shuu tsaashdiin amidrald ni ondroos ondor amjilt husiy

Бидэнтэй нэгдээрэй