Шууд Chart

Петро Порошенко ганц хүний мэтгэлцээн хийжээ

2019-04-15 12:50:46

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд тунаж үлдээд байгаа Петро Порошенко ням гарагт ганц хүний мэтгэлцээн хийжээ. Тэрбээр сонгуулийн өмнөх мэтгэлцээнийг энэ сарын 14-ний өдөр зохион байгуулъя гэсэн санал тавьсан ч, түүнтэй өрсөлдөж байгаа хошин шогийн жүжигчин Владимир Зеленский урилгаас татгалзаж, мэтгэлцээнд очоогүй байна.

Ингээд Петро Порошенко нэг хүний мэтгэлцээн хийж, өрсөлдөгчөө хүнд хэцүү шууд асуултаас зайлсхийж байна гэж шүүмжилжээ. Мөн “Хэрэв дөрөвдүгээр сарын 21-нд ард түмэн Зеленскийг Ерөнхийлөгчөөр сонгогдвол Украины ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрч хүндэтгэлтэй хандах болно” гэжээ. Гэхдээ тэрбээр улс орныхоо ирээдүйд санаа зовниж байгаагаа нэг цаг орчим үргэлжилсэн мэтгэлцээнийхээ төгсгөлд хэлсэн байна.

Ням гарагт Киев хотын олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ үйл явдалд зориулж хоёр хүний индэр зассанаас гадна хөтлөгчийг сэтгүүлчдийн өмнө сууж байхаар зохион байгуулжээ. Хэвлэлүүд "Петро Порошенког нэг хүний мэтгэлцээн хийлээ. Хоосон индэртэй мэтгэлцлээ" хэмээн бичиж байна. Мөн  Петро Порошенко улс төрийн туршлагагүй өрсөлдөгчөө олны өмнө ямар хүн бэ гэдгийг нь харуулж шалгах, турших гэлээ гэсэн байна.

Харин Владимир Зеленскийгийн сонгуулийн менежер ням гарагийн энэ үйл явдал бол Петро Порошенкогийн олон нийтийн санаа бодлыг өөртөө татах гэсэн оролдлого гэсэн утгатай үг хэлжээ.

“Бид түүнийг дөрөвдүгээр сарын 19-ний өдөр болох мэтгэлцээнд ирнэ гэж найдаж байна. Владимир Зеленский өнөөдөр мэтгэлцээнд оролцох боломжгүй гэдгийг Петро Порошенко мэдэж байсан” гэж Владимир Зеленскийн сонгуулийн менежер Украйны "Правда" сонинд ярьжээ.

Өнгөрөгч долоо хоногт сонгуулийн эхний шатанд тунасан хоёр дараагийн шатны сонгуулиас өмнө мэтгэлцээн зохион байгуулахаар тохиролцсон ч мэтгэлцээнийг хэзээ хийх вэ гэдэгт санал нэгдээгүй юм байна. Владимир Зеленский дараагийн шатны сонгууль болохоос хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 19-ний өдөр мэтгэлцье хэмээн Петро Порошенкогийн урилгаас татгалзжээ.

Гуравдугаар сарын 31-нд болсон эхний шатны сонгуулиас хойш Владимир Зеленскийн рэйтинг 61 хувьтай байгаа бол, Петро Порошенкогийнх 24 хувьтай байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Петро Порошенко ганц хүний мэтгэлцээн хийжээ  
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй