Шууд Chart

Суданы цэргийн мэдэлтнүүд ард иргэд, эсэргүүцэгчидтэй зөвшилцөх оролдлого хийж байна

2019-04-15 14:14:57

Ерөнхийлөгчөө хүчээр буулгасан Суданы цэргийн мэдэлтнүүд, төрийн эрхийг шилжүүлж өгөхийг шаардаж байгаа ард иргэд, эсэргүүцэгчидтэй зөвшилцөх оролдлого хийж байна.

Суданы цэргийнхний удирдаж буй шилжилтийн зөвлөлөөс энэ талаар ням гарагт мэдэгдсэн байна. Шилжилтийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Шамс Элдин Кабашигийн хэлснээр улс төрийн сөрөг хүчнүүд, ард иргэдийнх нь шаардлагын дагуу тус улс Суданы Үндэсний аюулгүй байдал, тагнуулын газарт бүтцийн өөрчлөлт хийж, даргыг нь сольж буй юм байна. Тодруулбал, Салах Абдулла Мохамед Салех буюу Салех Гошийн оронд Абу Бакр Мустафа гэдэг дэслэгч генерал Суданы Үндэсний аюулгүй байдлын дарга болжээ.

Мөн шилжилтийн үеийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Суданы Батлан хамгаалахын сайд Ахмед Ауф огцорсныг дуулгасан байна. Батлан хамгаалахын сайд асан Ауф, Суданы Ерөнхийлөгч Омар Аль Баширыг огцруулсныхаа дараа шилжилтийн үеийн зөвлөлийг толгойлж байсан, нэг өдрийн дараа сайдын суудлаасаа буусан юм.

Батлан хамгаалахын сайдыг огцорсны дараа эсэргүүцэгчдээс шилжилтийн үеийн зөвлөлд хандаж, төрийн эрх мэдлийг ард иргэдийн удирдаж буй байгууллагад шилжүүлэх, Суданы Үндэсний аюулгүй байдал тагнуулын газрыг шинэчилж, баривчлагдаад байгаа эсэргүүцэгчдийг суллах зэргийг тусгасан есөн зүйл бүхий шаардлага тавиад байсан юм байна.

Ням гарагт шилжилтийн үеийн зөвлөлөөс мэдэгдэл хийсний дараа эсэргүүцэл хөдөлгөөнийг толгойлж санаачилж байсан Суданы мэргэжилтнүүдийн холбоо ард иргэдээр удирдуулсан шилжилтийн үеийн Засгийн газар байгуултал эсэргүүцлийн жагсаалаа хийсээр байх болно гэж мэдэгджээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Суданы цэргийн мэдэлтнүүд ард иргэд, эсэргүүцэгчидтэй зөвшилцөх оролдлого хийж байна   
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй