Шууд Chart

Үндэсний армийн отряд, тусгай албыг дайчлан сувилагч Луиза Акавиг хайна

2019-04-15 16:57:51

Шинэ Зеланд улс 2013 онд Сирийн нутаг дэвсгэрээс хулгайлагдсан Шинэ Зеландын иргэн, "Улаан загалмай" нийгэмлэгийн сувилагч Луиза Акавиг эрэн хайх зорилгоор үндэсний армийн отряд, тусгай албаа дайчлах гэж байна. Энэ тухай Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Уинстон Петерс мэдэгдлээ.

Тэрбээр мэдэгдэхдээ “Тухайн үед “Исламын улс” бүлэглэлд хамаарч байсан бүх газар нутаг өдгөө чөлөөлөгдөөд байна. Шинэ Зеландын Засгийн газар Луиза Акавиг олж, аюулгүй газарт хүргэхийн тулд зогсолтгүй ажилласаар байна. Үүнд Шинэ Зеландын армийн алба хаагчид болон тусгай хүчнийхэн оролцож байгаа юм. Энэ баг Луизаг эрэн хайж, түүнийг эргэж ирэх боломжийг үнэлэхэд төвлөрч ажиллана” гэж Австралийн “Эс-Би-Эс” сувагт мэдээлжээ.

62 настай сувилагч Луиза Акави нь “Исламын улс” алан хядах бүлэглэлийн эзэлсэн газар нутагт таван жил гаруйн турш олзонд байгаа юм. Түүнийг амьд гэх баттай мэдээлэл одоохондоо алга байна. Гэхдээ Олон улсын "Улаан загалмай" нийгэмлэгийн мэдээлж байгаагаар түүнийг хамгийн сүүлд Сирийн зүүн хэсэгт "Исламын улс"-ын гол тулгуур хэсэг болох Эль-Суса тосгонд эмнэлэгт ажиллаж байхыг нь харсан гэжээ.

Олон улсын "Улаан загалмай" нийгэмлэг Сири улсаас гурван ажилтнаа эрэн хайх хүсэлтийг олон улсын нийгэмлэгүүдэд тавьсан юм. Шинэ Зеландын сувилагч Луиза Акави болон Сирийн хоёр жолоочийг Идлиб муж руу иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явж байхад нь 2013 оны 10 дугаар сард зэвсэглэсэн этгээдүүд хулгайлсан байна.

Луиза Акави нь 1988 оноос хойш Олон улсын "Улаан загалмай" нийгэмлэгт ажиллаж байсан бөгөөд халуун цэгүүдэд олон удаа очиж байсан сувилагч юм. 1999 онд түүнийг Олон улсын "Улаан загалмай" нийгэмлэгийн дээд шагналыг олгож байжээ.



Нийтэлсэн: Mонголын радио

Үндэсний армийн отряд, тусгай албыг дайчлан сувилагч Луиза Акавиг хайна   
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй