Шууд Chart

Дарь эхийн сүмд гарсан галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна

2019-04-16 09:22:21

Дэлхийн түүх соёлын үнэт өв болсон, 850 жилийн настай Парисын Дарь эхийн сүмийн барилгын шовх орой, дээвэр шатаж нурсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Одоогоор сүмийн 2 хонх байдаг цамхаг бүхий барилгын гол үндсэн бүтцийг хамгаалж чадсан хэмээн албаныхан мэдэгдэж байна.

Гал сөнөөгчид дотор байгаа урлагийн бүтээлүүдийг хадгалж хамгаалж үлдэхийн тулд галыг бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна. Нэг ажилтан ноцтой бэртжээ. Галын шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Албаныхны үзэж байгаагаар сүмийн хананд нуралт хагарал үүссэний улмаас эхлүүлсэн  засварын ажилтай холбоотой байж болзошгүй байна. Парис хотын прокурорын газраас энэ хэрэгт мөрдлөг шалгалтыг эхлүүлсэн гэж мэдээлжээ.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон сүмд гарсан галын улмаас ард иргэддээ хандан үг хэлэх гэж байснаа цуцалсан байна. Тэрээр даваа гарагийн орой Элисейн ордонд хэвлэлийн хурал зарлан Франц даяар хэдэн сарын туршид үргэлжилж байгаа шар хантаазтануудын жагсаалын эсрэг авах арга хэмжээнийхээ талаар мэдээлэхээр төлөвлөж байжээ.

Нотр Дамын сүмд гарсан гал даваа гарагийн орой 18 цаг 30 минутын үед эхэлж, тэр даруй сүмийн дээврийн хэсэгт хүрсэн байна. Оройн хэсэг нурж унахаас өмнө сүмийн будаж чимэглэсэн шилэн цонхнууд, дотоод модон заслууд сүйджээ.

XII-XIII зууны үед баригдсан католикийн энэ сүм Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн. Жилдээ энд 13 сая орчим жуулчин ирж үзэж сонирхдог нь алдарт Эфелийн цамхгаас ч олон хүнийг татдаг гэсэн үг байна. Засвар хийхийн тулд сүмийн гадаад фасадын хэд хэдэн баганыг нураасан нь барилгыг тогтворгүй болгоно гэж зарим хүмүүс үзэж байжээ. Харин дээврийн хэсгийн ихэнхийг модоор хийж байсан юм байна.


Дарь эхийн сүмд гарсан галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй