Шууд Chart

Төв цэвэрлэх байгууламж дээр гарсан ослыг шалгах ажлын хэсэг байгууллаа

2019-04-17 10:02:01

Нийслэлийн Онцгой байдлын газарт /2019.04.17/ 15:47 цагт Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрийн осол гарлаа гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордсон есөн ажилтны тавд нь авран туслах ажиллагаа явуулж, анхан шатны  тусламж үйлчилгээг үзүүлж, эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн хэдий ч амь үрэгдсэн дөрвөн хүн үрэгдсэн цогцосыг алдагдсан лагаас гарган авчээ. Уг осол Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад гарсан байна.

Ослын газар ажилласан ажлын хэсгийнхэний урьдчилсан мэдээлснээр “Лаг шахах, сорох хоолойн носасыг орж нээх үед түүнд хуримтлагдсан хорт хий ажилтнуудыг амь насыг эрсдүүлсэн” гэв.

Үлдсэн 5 хүний хувьд цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь харьцангуй сайн байгаа, удахгүй энгийн тасаг руу шилжүүлэхээр болсныг албаны хүмүүс мэдээлэв.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан осол болсон Төв цэвэрлэх байгууламж дээр яаравчлан очиж ажиллан, ослын нөхцөл байдалтай биечлэн танилцаж, мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хурлыг газар дээр нь зохион байгуулж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн тухайд төв цэвэрлэх  байгууллагын үйл ажиллагааг хэвийн хэмжээнд орох хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, хөдөлмөр хамгаалалт болон эрсдэлийн үнэлгээг хийж, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор яаралтай хэрэгжүүлэх, талийгаачдын ар гэрийнхэнийг хүлээн авч уулзаж, тэдэнд нийслэлийн зүгээс бүх талын тусламж дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад үнэн бодит мэдээлэл өгөх, цаашид дахин осол гарч болзошгүй нөхцөл байдлыг судлаж арилгах, эмнэлэгт эмчлүүлж байгаа таван ажилтны эрүүл мэнд, эмчилгээ оношлогооны асуудалд анхаарах, мэргэжлийн байгууллагууд өөр хоорондоо уялдаатай ажиллахыг тус тус чиглэл болголоо.

Хотын захирагч талийгаачдын ар гэрийнхэндээ уулзаж, осол болсонд гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлээд Нийслэлчүүдийг амар тайван, ая тухтай амьдрах нөхцлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан, мөн хамтран зүтгэгчийнхээ амь насыг аврахын төлөө хүн чанар гарган өөрийн амиа алдсан эрэлхэг залуусаар бахархаж байна хэмээлээ.


Төв цэвэрлэх байгууламж дээр гарсан ослыг шалгах ажлын хэсэг байгууллаа  
Үзсэн: 271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй