Шууд Chart

Парисын Дарь эхийн сүмийн оройг сэргээн босгох төслийн уралдаан зарлав

2019-04-18 12:26:09

Франц улс Парисын Дарь эхийн сүмийн оройг сэргээн босгох төслийн уралдаан зарлав. Тус улсын Ерөнхий сайд Эдуар Филиппийн мэдэгдсэнээр уралдаанд дэлхийн өнцөг булан бүрийн архитекторууд оролцох боломжтой гэнэ. Сүмийн шинэ орой орчин үеийн технологи, цагийн байдалтай нийцэх ёстой гэж Францын Ерөнхий сайд хэлсэн байна.

Үүнээс өмнө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон сүмийг сэргээн засварлаж, өмнөхөөс нь илүү сайхан болгоно гэж амласан юм. Тэрбээр хэлэхдээ “Бид Нотр-Дамыг илүү сайхан болгоно. Таван жилийн дотор л барьж дуусгаасай гэж хүсч байна. Бид үүнийг хийж чадна” гэжээ.

Сүмийн 93 метр өндөр оройг 19-р зуунд байгуулсан бөгөөд 23 жилийн хугацааг зарцуулжээ. Оройг 500 тонн модыг 250 тонн хар тугалган ялтсаар бүрж хийжээ. Харин галын үеэр хар тугалга өндөр хэмд хайлж, хорт утаа ялгаруулсан байна.

Сэргээн засварлагчид сүмийн оройг босгохын тулд 2014 оны “Ассассинс Крид Юнити” гэх тоглоом дээрх сүмийн зураглалыг ашиглаж болно гэж Францын хэвлэлүүдэд бичиж байна. 18-р зууны Парист өрнөдөг үзэгдэлтэй энэ тоглоомыг бүтээсэн зураач Кэролин Миусс Парисын Дарь эхийн сүмийн виртуаль нарийн хувилбарыг гаргахын тулд хоёр жилийн хугацааг зарцуулжээ.

Нотр-Дамын сүмд энэ сарын 15-ны орой гал гарч, мягмар гарагийн өглөө унтраасан юм. Галын улмаас сүмийн орой, дээвэр хэсэг шатаж, дотор засал нь галд нэлээд өртжээ.

Гал сөнөөгчид сүмийн дотор хадгалагдаж байсан урлагийн болон шашны эртний эдлэлүүдийг галаас авч үлдэж чадсан байна. Түүнчлэн алдарт том будмал цонх, сүмийн гол орган хөгжим, Виктор Гюгогийн алдаршуулсан хонх зэрэг зүйлс бүрэн бүтэн үлджээ. Галын дараа бизнес эрхлэгчид, сайн үйлстнүүд сүмийг сэргээн засварлахад хандив өргөнө гэдгээ мэдэгдсэн юм.  

Нийтэлсэн: Mонголын радио

Парисын Дарь эхийн сүмийн оройг сэргээн босгох төслийн уралдаан зарлав  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй