Шууд Chart

Индонезийн сонгуульд Ерөнхийлөгч Жоко Видодо дахин сонгогдох магадлалтай байна

2019-04-18 12:38:39

Индонезийн сонгуульд Ерөнхийлөгч Жоко Видодо дахин сонгогдох магадлалтай байна. Сонгуулийн албан ёсны дүнг баасан гарагаас наана зарлахгүй ч, шуурхай тооллого явуулсан байна. Ингээд санал хураалтыг хааснаас хэдэн цагийн дараа гаргасан албан бус мэдээллээр Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо ялалт байгуулах магадлалтай байгаа юм байна. Тэрбээр өрсөлдөгчөөсөө 10 хувийн дэмжлэгээр илүү байна гэжээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Видодо 54 хувь, генерал Прабово Субианто 45 хувийн санал авчээ.

Энэ талаар Жоко Видодо өөрийг нь дэмжиж буй хүмүүст мэдээлэхдээ албан ёсны дүн гартал амар тайван байхыг уриалсан байна. Харин түүнтэй өрсөлдөж буй генерал Прабово Субианто урьдчилсан энэ дүнг эсэргүүцэж, сонгуулийн багийнхных нь олж мэдсэнээр энэ удаагийн сонгуульд өөрийгөө тэргүүлж яваа гэж мэдэгдсэн байна. Мөн “Сонгуулийн дүнг хулгайлах оролдлогоос сэргийлэх хэрэгтэй” гэжээ.

"Шинжээчдийн харж байгаагаар энэ хоёр улс төрчийн хувьд Хятадын хөрөнгө оруулалт гэх мэт бодлогын асуудал дээр төдийлөн ялгаатай үзэл бодолгүй. Тиймээс шашны итгэл үнэмшлээр нь л тэднийг ялгах боломжтой” гэж Сингапурын Зүүн Өмнөд Азийн судалгааны институтын шинжээч Мэйд Суприадма ярьсан байна.

Өөрөөр хэлбэл, хоёр улс төрчийн хэн нь илүү Исламын консерватив улс төрч вэ гэдгийг харуулах өрсөлдөөн гэж шинжээч хэлж байна. Индонези улс нь 260 гаруй сая лалын шашинтнуудын улс орон юм.

Орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө 07:00 цагт эхэлсэн Индонезийн Ерөнхийлөгчийн сонгууль тэр өдрөө 13:00 цагт дууссан. Нэг өдрийн дотор олон сонгууль зэрэгцэж байгаа тул дэлхийн хамгийн том сонгуулиудын тоонд багтаж байна. 192 сая хүн, орон нутгийн удирдлагууд болон парламентийн гишүүд, Ерөнхийлөгч гээд 20 мянган улс төрчийг нэг дор сонгож байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Индонезийн сонгуульд Ерөнхийлөгч Жоко Видодо дахин сонгогдох магадлалтай байна   
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй