Шууд Chart

Цэргийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйг онцлов

2019-04-18 12:48:43

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хошууч генерал А.Ганбат "Манай сайхан оронд Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэе" гээд хоёр орны цэргийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Монгол, АНУ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж байгаагийн дотор батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа чухал байр суурь эзэлж байна. 1991 онд батлан хамгаалах салбарт харилцаа тогтоосноос хойш дээд, дунд, түвшний харилцан айлчлал хийх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, эвслийн цэргийн ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэх зэрэг олон хэлбэрээр хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрснийг хошууч генерал А.Ганбат онцолж байсан юм. Тэрбээр цааш нь хэлэхдээ манай хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны нэгэн тод илрэл нь 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа "Хааны эрэлд" энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль. Уг сургууль нь Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх сургуулиудын нэг болж, жилээс жилд оролцох бүрэлдэхүүний цар хүрээ, нэр хүнд нь өсөж байгааг цохон тэмдэглэсэн. Мөн тэрээр хэд хэдэн хөтөлбөрүүдийн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний цэргийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, энхийг сахиулах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчнийг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай зарим техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангахад туслалцаа үзүүлж ирсэн АНУ-ын БХЯ болон Элчин сайдын яаманд талархал илэрхийлж байв.

Элчин сайд Майкл Клечески хоёр орны цэргийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж ирсэн, цаашдаа харилцан итгэлцлийг улам бэхжүүлэхийн төлөө хичээж ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд онцолсон юм.

Уулзалтад АНУ-ын ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Майкл Доршнер, БХЯ-ны ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Нямжаргал нар байлцав.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Цэргийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйг онцлов   
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй