Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп охиндоо Дэлхийн банкны Ерөнхийлөгч болох санал тавьжээ

2019-04-18 15:07:41

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп охиндоо Дэлхийн банкны Ерөнхийлөгч болох санал тавьсныг Иванка Трамп хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч өөрт нь хандаж, энэ албан тушаалд суухыг хүсч байгаа эсэхийг асуухад нь татгалзсан хариу өгсөн гэж ярьсан байна.

Мөн Иванка Трамп аав нь өөрөөс нь Дэлхийн банкны тэргүүн болох талаар санал асуухад “Цагаан ордны зөвлөхөөр ажиллаж байгаадаа баяртай байдаг” гэж хариулсан гэжээ. Энэ үеэр сэтгүүлчид Иванкагаас эцэг нь өөр ажил санал болгож байсан эсэхийг асуухад “Энэ асуудал зөвхөн бидний дунд үлдэх болно” гэж хариулсан байна.

Учир нь өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Атлантик" сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Иванка Трампыг тоондоо сайн болохоор банкны хамгийн дээд албан тушаалд суухыг хүсч байгаа эсэхийг нь асуусан” гэж ярьсан байна. Мөн Дональд Трамп “Охиноо төрөлхийн дипломатч гэж боддог учраас НҮБ дахь АНУ-ын Элчин сайд зэрэг хэд хэдэн албан тушаал Иванкад тохирно гэж бодож байсан” гэж хэвлэлд ярьжээ.

Түүгээр ч зогсохгүй охин нь түүнд “Хэрэв Дэлхийн банкны Ерөнхийлөгч болвол садан төрлөө дээш нь дэвшүүллээ гэж хүмүүс ярих болно” гэж байсныг Дональд Трамп хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эцэст нь Дэлхийн банкны шинэ Ерөнхийлөгчөөр санхүүгийн мэргэжилтэн Дэвид Малпасыг сонгоход оролцсон гэж хэвлэлүүд бичиж байна. Албан бусаар бол АНУ Дэлхийн банкны удирдлагыг сонгох эрхтэй. Дэвид Малпас өнгөрөгч долоо хоногийн эхээр Дэлхийн банкны 13 дахь Ерөнхийлөгч болсон юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп охиндоо Дэлхийн банкны Ерөнхийлөгч болох санал тавьжээ   
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй