Шууд Chart

Алексис Ципрас: Грек улс Германд ойрын хугацаанд аман ноот илгээнэ

2019-04-18 16:57:43

Грек улсын Засгийн газар Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеэр учирсан хохирлоо нөхөн төлүүлэх хэлэлцээ хийх зорилгоор Герман улсад ойрын хугацаанд аман ноот илгээнэ. Энэ талаар Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас лхагва гарагт Грекийн парламентийн хуралдааны үеэр мэдэгдлээ.

Алексис Ципрас “Нацистын дайралт, булаан эзлэлт, түүнчлэн нацист Германы үйлдсэн цэргийн гэмт хэргийн хохирлыг төлүүлэх шаардлагаа биелүүлэхгүй байгаа Герман улсын Засгийн газарт яаралтай аман ноот явуулна” гэж хэлжээ. 

Грекийн парламентийн намууд хамтарсан хорооны дүгнэлтээс үзэхэд, Грек улс үйлдвэрлэлийн баазыг нь эвдэж нураасан хохирлоо төлүүлэх, мөн цэргийн гэмт хэрэгт хохирсон хүмүүсийн төрөл төрөгсдөд нөхөн олговор олгох, булаан эзлэлтийн үед Грекийн банкны сейфүүдээс авсан алт эрдэнэсийг эргүүлэн өгөх, хулгайлагдсан археологийн үнэт зүйлс, гэр бүлийн шүтээнийг буцаан авчрах зэргийг шаардаж байгаа гэнэ.

Алексис Ципрас “Бидний гол зорилго бол Германтай хэлэлцээрийн ширээнд сууж, тохиролцохоор өөр юу ч биш. Тэгш эрхтэй түншүүд, найз нөхөд, холбоотны хувьд ч тэр” гэж ярьсан байна.

Грекийн Төрийн сангийн тооцоолсноор дайны улмаас Герман улсын Грекийн өмнө хүлээсэн өрийн хэмжээ 269 тэрбумаас 309 тэрбум еврод хүрсэн аж. Энэ тоонд булаан эзлэлтийн улмаас амиа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс, түүнчлэн өлсөж, өвдөж амиа алдсан хүмүүсийн нөхөн олговрыг нь багтаагаагүй байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Алексис Ципрас: Грек улс Германд ойрын хугацаанд аман ноот илгээнэ  
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй