Шууд Chart

Монгол, Туркменистаны ГХЯ хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт болов

2019-04-19 13:36:17

Туркменистан Улсын Ашхабад хотноо энэ сарын 18-ны өдөр Монгол, Туркменистаны ГХЯ хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт болов. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, туркменистаны талаас Гадаад хэргийн дэд сайд В.С.Хаджиев нар ахалж, Монгол, Туркменистаны хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцов. Талууд улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэгийн зэрэг өргөн салбарт Монгол, Туркменистаны харилцааг хөгжүүлэх боломж байгаад санал нэгдэв.

Дэд сайд В.С.Хаджиев “Манай улсад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байгаа нь харилцааны түүхэнд онцгой үйл явдал болж байна. Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг улс төр болон худалдаа, эдийн засгийн талбарт идэвхжүүлэн хөгжүүлэхэд хоёр талаасаа идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Бид Зүүн Азийн улс орнуудтай харилцаагаа идэвхжүүлж байна. Энэ өдрүүдэд БНСУ-ын Ерөнхийлөгч манай улсад айлчилж байгаа нь үүний нэг нотолгоо юм. Манай улсын Гадаад хэргийн сайд Р.Мередов Монгол Улсад 2015 онд айлчилсан. Мөн манай бизнесийн төлөөлөгчид Улаанбаатар хотноо бизнес форум зохион байгуулж байсан. Дараачийн ээлжинд Монгол Улсаас төрийн тэргүүн, Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад айлчлал хэрэгжүүлээсэй хэмээн хүсч байна. Мөн танай бизнес эрхлэгчид, түүний дотор мах экспортлогчдыг манай улсад ирж ажиллахыг урьж байна” гэв.

Дэд сайд Б.Батцэцэг “Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон чиглэлүүдэд өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байна гээд цаашид ГХЯ-дын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулахын сацуу хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, логистикийн чиглэлээр экспертүүдийг холбож, тодорхой хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцах нь зүйтэй” хэмээн тэмдэглэв.

Туркменистан Улс төвийг сахих бодлого баримтлахын сацуу бүс нутгийн улс орнуудтай эдийн засгийн талбарт олон чухал төсөл хэрэгжүүлж, мөн НҮБ, олон улсын бусад байгууллагын хүрээнд эрчим хүч, ус, экологийн асуудлаар идэвхтэй санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаа талаар дэд сайд В.С.Хаджиев дэлгэрэнгүй танилцуулав.

Дэд сайд Б.Батцэцэг айлчлалынхаа хүрээнд Туркменистан Улсын Хөдөө аж ахуй, байгаль хамгаалахын сайд М.Баярамдырдаев, Худалдаа, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд К.Маммедов нартай тус тус уулзаж, санал, мэдээлэл солилцов.


Монгол, Туркменистаны ГХЯ хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт болов  
Үзсэн: 195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй