Шууд Chart

Саудын Арабаас зугтсан эгч дүүс Гүржээс орогнол хүсчээ

2019-04-19 13:52:35

Саудын Арабаас зугтсан эгч дүүс болох 28 настай Маха, 25 настай Вафа нар Гүржээс орогнол хүсчээ. Гүржийн Дотоод хэргийн яамны төлөөлөгчид бүсгүйчүүдийг пүрэв гарагт эргэсэн байна. Энэ үеэрээ тэднийг Тбилисид түр амьдарч байсан байрнаас нь гаргаж, "Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хүлээн авах төв"-д хүргэж өгчээ.

Эгч дүүс гэр бүлийн байнгын дарамт шахалтаас зугтсан бөгөөд Саудын Араб улсад тэднийг хамгаалах хууль нь хэтэрхий сул гэж мэдэгджээ. Эгч дүү хоёрын орголт бол Саудын Арабаас эмэгтэйчүүд дүрвэж зугтдагийн ээлжит жишээ юм. Энэ улсаас яг төдий тооны эмэгтэй зугтсан гэсэн албан ёсны статистик байдаггүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, хүчээр гэрлүүлэхийг шаарддагаас болоод зугтах эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгджээ. Ум-Алькуррын их сургуулиас явуулсан судалгаагаар Гүржид дүрвэж ирсэн хүмүүсийн 95 гаруй хувь нь Саудын Арабын иргэд байна. Канад улс гэхэд өнгөрөгч нэгдүгээр сард Саудын Арабаас дүрвэж ирсэн нэгэн эмэгтэйд орогнол олгосон юм.

Түүнчлэн 2017 онд Саудын Арабын бас нэгэн эмэгтэй Филиппинээр дамжин Австрали руу ниссэн байна. Харамсалтай нь Манилагийн нисэх онгоцны буудалд түүнийг төрөл төрөгсөд нь барин авч, Саудын Араб руугаа авч явжээ. Бүсгүй Канадын жуулчны утсаар “Твиттер”-т нэвтэрч, гэрийнхэн нь түүнийг хөнөөх болно гэж мэдэгдэн шуугиан тарьсан юм. Гэвч Саудын Арабтаа очоод бүсгүй хэрхсэн нь одоо ч тодорхойгүй байгаа юм.

Саудын Араб улс эмэгтэйчүүдэд хамгийн хатуу ханддаг хуультай орны тоонд ордог. Энэ улсад эмэгтэйчүүд өөрийг нь асран халамжлах эрчүүдгүйгээр паспорт мэдүүлэх, хил гааль нэвтрэх хориотой. Асран халамжлагч эрчүүдийнхээ үгэнд орохгүй бол дуулгаваргүй байсныхаа төлөө баривчлагдан хоригддог. Хэчнээн буруугүй байсан ч халамжлагч эрэгтэй нь ирсний дараа л эмэгтэйчүүдийг суллаж явуулдаг байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Саудын Арабаас зугтсан эгч дүүс Гүржээс орогнол хүсчээ  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй